“Ахин оршихуй цомгоо 4-5 жилийн турш бэлдсэн”

Хуучирсан мэдээ: 2020.04.09-нд нийтлэгдсэн

“Ахин оршихуй цомгоо 4-5 жилийн турш бэлдсэн”

“Ахин оршихуй цомгоо 4-5 жилийн турш бэлдсэн”

Монголын амьд хөгжмийн ертөнцөд уран бүтээлийн хэв маяг, өөрсдийн өнгө аясаараа ялгарч чаддаг хамтлаг бол “Моханик”. Тэдний уран бүтээлийг сонссон хэн бүхэн сэтгэлийнхээ гүн рүү нэвтрэх шиг…

Моханик хамтлагийн дуучин, контемпорари уран бүтээлч Ц.Даваажаргалтай ярилцлаа. Учир нь түүний экспериментал дуу авиан бүтээлийн дижитал цомгийг дэлхийн нэртэй хөгжмийн сэтгүүлүүд онцлоод байгаа билээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.  


-Юуны өмнө танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Монголын амьд хөгжмийн залуу уран бүтээлчдийн төлөөллийг дэлхийн алдартай хөгжмийн сэтгүүлүүд онцолжээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Маш их баярлалаа. Хамтлагийн дуу хөгжмийн хажуугаар, хөгжмийн найруулга зохиомж, орчин үеийн урлагийн чиглэлээр, дуу авиа саунд бүтээлүүд дээр ажиллаж эхлээд нэлээд удсан байна. “Ахин оршихуй” буюу “Re-exist” цомог маань европын хөгжмийн томоохон сэтгүүл, радио, онлайн платформууд дээр онцолсныг харахад баяртай байлаа.

-Шинэ цомгийнхоо талаар мэдээлэл өгөөч. Сүүлийн 4-5 жилийн туршид бүтээсэн дуу авиан ажлуудаас түүвэрлэн оруулсан гэж дуулсан?

-Энэ төслийн саналыг Лондонгоос гаралтай хөгжмийн “Chinabot” лэйблийн зүгээс анх тавьсан. Экспериментал, амбиент, орчин үеийн хөгжмийг уламжлалт хөгжмийн сэтгэлгээтэй холбож бүтээл хийдэг Азийн уран бүтээлчидтэй хамтран ажилладаг цуврал төсөл юм. Өнгөрөгч 2019 онд тэдний саналын дагуу цомгийн ажил эхэлж, энэ оны гуравдугаар сараас “bandcamp” онлайн платформоор нээлтээ хийсэн.

"Ахин оршихуй" цомгийнхоо нээлтийг хийснээс хойш сар хүрэхгүй хугацаанд хуурцаг нь борлогдож дууссан гэв үү?

-Уг төслийн нэг онцлог нь цомог онлайн хэлбэрээр олон улсад худалдаалагдана. Харин онцгойлон тун цөөн тооны хуурцаг буюу кассет дагалдан хэвлэгддэг. Монгол руу илгээхээр төлөвлөж байсан ч, лэйблийн зүгээс борлуулагдаж дууссан гэсэн. Цомог маань дахин хэвлэгдэх талаар мэдээлэл аваагүй байгаа.

-Дэлхийд нэртэй хөгжмийн сэтгүүлүүд цомгийг нь бөөлөг хэмнэлтэй, уламжлалт чанараа хадгалсан, онцгой бүтээл хэмээн тодотгосон байсан. Бүтээлээрээ юу өгүүлэхийг хүсэв?

-Би бүтээлүүдээрээ аливааг өгүүлэхээс илүүтэйгээр өөрийн туулж буй орон зай, цаг хугацаа дахь тэр агшингуудыг шигтгэх нь өөрийгөө чөлөөлж буй үзэгдэл гэж хардаг. Ингэж чөлөөлөгдөх нь дахин дараагийн хэмжээс рүү нэвтрэх боломж бий болгодог байх. Ийм ч утгаараа, ахин оршихуй, сэтгэлгээний орон зайн тухай гэж хэлбэл ойрхон байх болов уу.

-Шинийг эрэлхийлэгч гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Байгаа юмсыг өөр талаас нь харж, өөрчлөх юмсан гэж оролдож явдаг хүнийг л хэлэх байх даа.

-“Моханик” хамтлагийнхан өнгөрсөн 2019 онд 15 жилийн ойн тоглолтоо хийсэн. Анхны тоглолтоосоо хойш нам жим байлаа. Уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Хамтлагийн хувьд 15 жилийн ойн тоглолтоосоо хойш үнэнийг хэлэхэд нилээд нам жим байлаа. Одоо нэг дууны бичлэг дуусч байгаа. Ер нь “Моханик” хамтлагийг сонсдог хүмүүс үргэлж л нам жим мэтээр боддог байх. Гэхдээ дор бүрнээ шинэ санаагаа гаргаад л явж байна. Тэгээд шинэ уран бүтээлээ гаргана даа.

-“Grandmasterнэрийн дор нэгдсэн уран бүтээлчдийн нэг хэвээрээ юу. Ямар ажил дээр төвлөрч ажиллаж байгаа бол?

-“Grandmaster” брэндийн үзэл санаа нь өөрөө уран бүтээлчидтэй үргэлж ойр байж, хамтын үзэгдлүүдийг бий болгох гэж ойлгодог. Байнга л өөр өөр, цаг үетэйгээ нийцсэн уран бүтээлчидтэй үргэлжлүүлэн гарч ирэх байх.

“Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат киноны нээлт 2016 онд болж байсан. Энэхүү баримтат кинонд шинэ үеийн амьд хөгжмийн төлөөлөл болох Моханик хамтлагийн шинэ цомог бүтээх үйл явцыг харуулдаг. Энэ кинонд тоглох болсон тухайгаа яриач. Дэлхийн хэдэн орны үзэгчдэд хүрсэн бол?

-Бид энэ кинонд оролцох болсон нь санаандгүй тохиолдол байсан. Киноны найруулагч Лаурен Kнапп тухайн үеийн бүх л хөгжмийн салбарынхан, хамтлаг дуучидтай уулзалтууд хийж яваад манай хамтлагтай таарч ярилцах явцдаа “Mohanik at Amarbayasgalant” цомгийн үйл явц, бэлтгэлтэй танилцсан. Тэгээд түүний тавьсан санал нь цомгийн бүхий л үйл явцад даган зураг авалт хийж, кинондоо тодотгон оруулах байсан.

Ерөнхийдөө социалист болон ардчилсан нийгмийн солигдсон үзэгдэл Монголын хөгжмийн ертөнцөд болоод залуусын үзэл санаанд ямар өөрчлөлтийг авч ирж, өнөөгийн шинэ үетэй золгосон талаар их сонирхолтой бүтээл болсон. Миний сонссоноор Америк, Европ, Солонгосын кино фестивалуудад амжилттай оролцсон гэсэн.

“Моханик” хамтлагийнхан багын найзууд гэж сонссон. Одоо танай хамтлагийн гишүүдэд өөрчлөлт орсон уу?

-Тийм. Бид дунд сургуулийн нэг ангийн найзууд л даа. Хамтлагийн гишүүдийн хувьд 2012 оноос бөмбөрчин Б.Батбаяр шинээр орсоноос бусад нь хэвээрээ.

-Хамтлагийн залуус ямар менежменттэй ажилладаг вэ?

-Хувь хувийн зохион байгуулалтаа л сайн хийвэл хөгжимдөө зарцуулах зав зайтай болно гэж бодож байна. Хамтлагийн хувьд саяхнаас нэгдсэн менежментийн баг хамт олонтой ажиллаж эхэлж байна.

Түүний уран бүтээлийг ЭНДЭЭС сонсоно уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж