Баррон Уйллиам Трамп 2006 оны гуравдугаар сарын 20-нд Нью Йорк хотод АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч, үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Дональд Трампын тав дахь буюу отгон хүү болон мэндэлжээ. Тэрбээр ээж, аавынхаа ганц хүү бөгөөд аавыгаа үргэлж даган Цагаан ордонд “өссөн” цорын ганц хүүхэд билээ. Түүний ээж (модел асан) Меланиа Трамп хүүгийнхээ талаар “Бяцхан Трамп үргэлж хослол өмсдөг. Тэр тамирын хувцасны хүүхэд огт биш. Мөн түүгээр зогсохгүй Баррон яг л аав шигээ гольф тоглох маш их дуртай” хэмээн ярьж байжээ.
NEWS агентлаг "ХҮМҮҮС" буландаа Цагаан ордонд "өссөн" цорын ганц хүү Баррон Трампыг онцолж байна
БАГА НАС
Барроны бага нас ерөнхийдөө Нью Йорк хотын төвд Трамп цамхагт өнгөржээ. Тэр цамхагт бяцхан Барронд зориулсан бүтэн нэг давхар байсан гэдэг. Түүний амьдрал анхнаасаа л маш их тансаглал дунд байж ирсэн. Ээжийнх нь хэлснээр Баррон багадаа онгоц, нисдэг тэрэгт “ухаангүй” байсан аж. Меланиа үргэлж хүүдээ өглөөний цай, өдрийн хоол өөрийн гараар бэлдэж өгч, бүтээлч чанарыг нь хөгжүүлэхэд маш их анхаардаг байсан гэнэ. Тэрбээр “Баррон тоглоомын өрөөнийхөө ханан дээр сараачих дуртай байсан. Хана бол яах вэ, дахиад будчихаж болно. Хамгийн гол нь хүүгийн минь төсөөлөл хөгжиж байна шүү дээ” хэмээн ярьж байжээ.
ЦАГААН ОРДНЫ ХҮҮ
Дональд Трамп АНУ-ын 45 Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний бараг таван сар Меланиа хүүтэйгээ хамт Трамп цамхагаас хамраа ч цухуйлгадаггүй байж. Энэ хугацаанд ээж, хүү хоёр гараа хумхин зүгээр суугаагүй бөгөөд Баррон Колумбын дүрэм, элсэлтийн бэлтгэл сургуулийг дүүргэсэн байна. Удалгүй Баррон, Меланиа хоёр 2017 оны зургадугаар сарын 11-нд Цагаан ордон руу нүүж, Баррон ээжийнхээ зөвлөснөөр гэгээн Эндрьюгийн сургуульд элсэн суралцсан байна. Энэ нь Ерөнхийлөгчийн хүүхэд энгийн сургуульд элсэн суралцсан цор ганц тохиолдол болсон байна.
Баррон Трамп бол хамгийн сүүлд 1963 онд бага Жон Ф. Кеннедигээс хойш Цагаан ордонд амьдарсан анхны хүүхэд юм. Гэвч тэрбээр Цагаан ордны зарим хөгжилтэй баяраас бусад үед ихэнхдээ олны анхаарлын төвд оролгүй нууцлаг хэвээр байдаг билээ.
БЯЦХАН ДОНАЛЬД ХОЧТОЙ ХҮҮ
“Харагдах байдлаараа бол тэр бид хоёрыг жигд дуурайсан. Гэхдээ дотроо бол тэр бяцхан Дональд. Хүү маань маш ухаалаг, сэргэлэн, онцгой. Тэр бол маш бие даасан, өөрийн гэсэн бодолтой, яг юу хүсч байгаагаа сайн мэддэг хүүхэд. Баррон аавтайгаа маш их цагийг хамт өнгөрүүлдэг. Ялангуяа Флоридагийн Мар-а-Лагод тэд хамт гольф тоглож, хоол идэж, ярилцаад огт салдаггүй” хэмээн Меланиа Трамп ярьжээ.
СОНИРХОЛ, АВЬЯАС
Баррон Словени ээжийнхээ ачаар англи хэл, словени хэлээр “ус цас”. Мөн дээрээс нь Франц хэлийг хичээнгүйлэн сурч буй.
Тэрбээр ах эгч нараасаа ялгаатай нь гэр бүлийн үл хөдлөх хөрөнгийн бизнест оролцож эхлэхэд хол байгаа. Гэвч хүүхэд байхаасаа л эвлүүлдэг тоглоомоор байшин, барилга, хот, нисэх онгоцны буудал барьж тоглох маш их сонирхолтой байсан гэнэ. Түүгээр зогсохгүй аль хэдийн өөрийн гэсэн хэв маягтай болсон аж. Ээжийнх нь хэлснээр Баррон цэвэрхэн, цагаан зүйлд их дуртай бөгөөд үргэлж маш том зүйл бүтээж тоглодог гэнэ. Түүний хийсэн зүйлсээс харахад Барроны төсөөлөл маш уудам гэдэг нь мэдэгддэг хэмээн ээж нь нэг бус удаа хуваалцсан байна. Баррон үргэлж л ямар нэг барилга бариад, түүнийгээ нурааж, дахин өөрийг барьж тоглодог хүүхэд байж. Түүний зургийн чадвар маш нарийн төдийгүй аливааг нэг бүрчлэн тогтоож авахдаа гаргууд аж. Трампын гэр бүл тийм ч их аялаад байдаггүй ч Баррон нэг очсон газрынхаа бүх зүйлийг нэг бүрчлэн санадаг гэнэ.
ЗУРАГЧДЫН НҮДНЭЭС ХОЛ ХҮҮ
Цахим орчинд түүний тухай хайгаад үзвэл дандаа л аав, ээжтэйгээ хамт аялаж яваагаас өөр зураг төдийлөн олдохгүй болов уу. Түүний хамгийн сүүлийн зураг бол аав, ээжтэйгээ зул сарын аялалаа дуусгаад гэртээ ирж байх үеийнх. Түүнээс хэдэн сарын өмнө мөн Мар-а-Лагоруу талархлын баяр тэмдэглэхээр гэр бүлээрээ явж байх үеийн зураг бас бий. Тэрнээс өмнөх нь 2018 оны талархлын баяраар нөгөө Мар-а-Лагод гэр бүлээрээ амарч байх үеийнх гэх мэт.
ЦАМХАГ ШИГ ӨНДӨР ХҮҮ
Долдугаар ангийн сурагч Баррон хамгийн сүүлд сэтгүүлчдийн дуранд өртөхдөө аав, ээжээсээ ч өндөр болсон харагдсан. Барроны өндөр олон нийтэд ил биш бөгөөд үргэлж өссөөр байгаа тул нарийн мэдэх боломжгүй ч түүнээс намхан харагдаж буй аав нь 191 см, ээж нь өндөр өсгийт өмсөөгүй үедээ 180 см өндөртэй гэнэ.
МОНГОЛ МОРЬТОЙ ХҮҮ
Монгол улсын Ерөнхийлөгч Баттулга 2019 онд АНУ-д айлчлан Дональд Трамптай уулзах үедээ Барронд бэлгэдэл болгон хурдан удмын даага бэлэглэж түүнийг нь Баррон Ялалт(Victory) хэмээн нэрлэж байсан түүхтэй. Морийг Монголоос алс хол АНУ-д хүргэх боломжгүй тул Ялалт нутагтаа амьдарч байгаа гэнэ. Дональд Трамп хүүгийнхээ морины зургийг хараад талархснаа илэрхийлэн “Үзэсгэлэнтэй морь байна” хэмээн хэлжээ.
ОРЧИН ЦАГИЙН ГЭР БҮЛ
Ерөнхийлөгчийн отгон хүү Баррон дээрээ дөрвөн эгч, ах нартай. Бага Дон, Иванка, Эрик, Тиффани. Мөн ах эгч нараас нь төрсөн олон бяцхан дүүтэй. Теодор Жеймс Кушнер, Дональд Трамп III, Жосеф Фредрих Кушнер, Тристан Милос Трамп, Спенсер Фредерих Трамп, Эрик Люк Трамп, Арабелла Рөүз Кушнер, Клое София Трамп, Кай Мэдисон Трамп.
Холбоотой мэдээ