Монгол Улсад 16 хүн Covid-19-ийн халдвар авсан болох нь лабораториор баталгаажсан. Тэдний дөрөв нь эдгэж, сувилалд шилжээд байгаа бол 12 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм. Халдвартай нэг хүнийг эмчлэхэд өдөрт 800 мянган төгрөг зарцуулж байгааг Эрүүл мэндийн яам мэдэгдсэн. Харин эдгээр сувилалд шилжсэн иргэдийн төлбөрийг хаанаас гаргаж байгааг Улсын онцгой комиссын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэнгээс тодруулахад “Эдгэсэн дөрвөн иргэн сувилалд байгаа бөгөөд төлбөрөө өөрсдөө төлнө. Мөн тусгаарлалтад байгаа хүмүүс ч төлбөрөө өөрсдөө гаргаж байгаа” гэсэн юм.
Түүнчлэн эдгэрээд эмнэлгээс гарсан хүнийг сувилалд 14 хоног ажиглах бөгөөд энэ хугацаанд 24 цагийн зайтай хоёр удаа шинжилгээ хийх юм байна. Уг шинжилгээгээр сөрөг гарвал ажиглалтаас гаргах бөгөөд хэрэв шинжилгээгээр вирус илэрвэл дахин эмчилгээ хийж, үргэлжлүүлэн ажиглалтад авах юм байна.
Монгол Улсад бүртгэгдсэн Covid-19-ийн халдвар нь бүгд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн юм. Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор гуравдугаар сарын 15-наас эхлэн авчирч байгаа бөгөөд хамгийн сүүлд өчигдөр /2020.4.8/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 267 хүнийг авчирсан юм.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ