Өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны гэр бүлийнхэн, өмгөөлөгч Ж.Батхуягийн хамт анх удаа олон нийт болон хэвлэлд хандан мэдээлэл хийсэн билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх мэдээлэлтэй холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 24-нд “АПУ” компанийн өмгөөлөгч Ж.Батхуягийг эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд хоёр жилийн ял оноох саналтайгаар Чингэлтэй дүүргийн прокурорт хэргийг нь шилжүүлжээ.
Өмгөөлөгч Ж.Батхуяг нь “Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэгэн этгээд мессэж бичсэн. "Би хэргийг харсан. Надад 13 секундын бичлэг байгаа" гэсэн. Энэ хэргийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн энэ хэргийн талаар мэдэхгүй, хараагүй гээд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас эргэлзэх асуудал” хэмээн мэдэгдэж байв.
2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг "13 секундын бичлэг гэх зүйл огт байхгүй болох нь 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон" хэмээн хэвлэлийн хурал хийхдээ мэдэгдсэн билээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ