Ажлаа хийж яваад амиа алдсан жолоочийн гэргий төрийн өндөрлөгүүдэд хандав

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

Ажлаа хийж яваад амиа алдсан жолоочийн гэргий төрийн өндөрлөгүүдэд хандав

Ажлаа хийж яваад амиа алдсан жолоочийн гэргий төрийн өндөрлөгүүдэд хандав

Монгол Улсын иргэн Ж.Туул өнөөдөр (2020.04.08) хэвлэлийн хурал хийж, төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. 2018 оны арваннэгдүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө түүний хань Д Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн нутагт нүүрс тээврийн замын 145-р км-т нүүрсний уртын урт тээврийн оочерын төгсгөлд байхдаа машины кабинд нь гал гарсны улмаас түлэгджээ. Яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн ч тэрбээр шархаа даалгүй нас барсан байна. Талийгаач 31 настай байсан бөгөөд түүний ард бага насны гурван хүүхэд өнчрөн үлджээ.

Эл хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж, өнөөдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн прокурорын газраас хавтаст хэргийг дөрвөн удаа хаах санал гаргасан байна. Талийгаачийн ар гэрийнхэн прокурорын энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, хохирогчийн амиа алдсан хэргийг харьяаллын дагуу Улаанбаатар хот руу шилжүүлэн шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газарт гаргажээ.

Ж.Туул хэлэхдээ “Хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж шударгаар хүлээсэн ч болдоггүй юм байна. Би болон манай ар гэрийнхэн үнэхээр гомдолтой байна. Би эцсээ хүртэл явна. Манай гэр бүлийн зүгээс өнгөрсөн хугацаанд хангалттай нотлох баримт цуглуулсан. Тухайлбал, 2018 оны арваннэгдүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө 0663 ӨМА улсын дугаартай "Омогт цагаан шонхор транс" ХХК-ийн автомашиныг Д жолооч бариад, уурхайгаас ачилт хийгээд гарсан баримт нь байна. Мөн машинд тус компаниас тавьж өгсөн кабин халаагчаас гал гарсан гэсэн онцгой байдлын галын дүгнэлт бий. Анх хэргийн газарт үзлэг хийхдээ эд мөрийн баримтаа дутуу цуглуулсан, бэхжүүлж аваагүй. Мөн хариуцлага хүлээх ёстой "Омогт цагаан шонхор транс" ХХК нь одоо үйл ажиллагаагаа зогсоосон гэх боловч компанийн нэрээ өөрчилж, жолооч нарыг тээвэрт явуулж, эрсдэлд оруулсаар байна.

Бидний цуглуулсан нотлох баримтуудыг мөрдөгч, байцаагч нар үл тоож, дөрвөн удаа хаасан. Хэргийг хаах үндэслэлээ хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжгүй гэж тайлбарладаг. Олон жил үйл ажиллагаа явуулсан энэ мэт компаниуд хуулийнхантай найз нөхөр байж хэрэгт нөлөөлөх гэж оролдож буй юм.

Орон нутагт хуулийн завхрал маш их байгаа учраас хэргийг нийслэл рүү татан шалгуулах хүсэлтэй байна. Энэ зөвхөн миний асуудал биш. Би ганц хүнээ алдаад дуусаагүй юм. Үүний цаана гурван хүүхэд хагас өнчин хоцорч байна. Энэ замд хариуцлагагүй олон компаниас болж маш олон эмэгтэй эр нөхрөө алдаж, энэ мэтээр хэргээ хаалгасаар ирсэн” гэв. Мөн тэрбээр ажил үүргээ гүйцэтгэж яваад эргэж ирээгүй нөхрийнхөө амиа алдсан хэргийг нийслэл рүү татуулж шалгуулах хүсэлтээ илэрхийлэн, төрийн гурван өндөрлөгт захидал хүргүүлж буйгаа дуулгалаа.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж