"З.Энхболд ажлаа өгөхийнхөө өмнө Э.Бат-Үүлийг дахин шүүхэд өгсөн"

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

"З.Энхболд ажлаа өгөхийнхөө өмнө Э.Бат-Үүлийг дахин шүүхэд өгсөн"

"З.Энхболд ажлаа өгөхийнхөө өмнө Э.Бат-Үүлийг дахин шүүхэд өгсөн"

“Веритас Партнерс” фирмийн Гүйцэтгэх захирал, хуульч, өмгөөлөгч Баасандоржийн Мэргэнтэй ярилцлаа.

 “ТА НАР ШҮҮХ ТАНХИМДАА БАЙЖ БАЙГААРАЙ. ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭСЭЭ АСУУЧИХААД ИРЬЕ”

 -Та одоо ямар хэрэг дээр өмгөөллийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна вэ?

-Эрүүгийн болон иргэний хэргүүд дээр өмгөөллийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Олны анхаарал татсан хэргүүдээс дурдвал, хотын дарга Э.Бат-Үүлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан, өмгөөллийн туслалцаа үзүүлж байна. Эхний шүүх хуралдаан дээр З.Энхболд гэдэг хүн шүүгчээс татгалзсан. Шүүгчээс татгалзсан үндэслэл нь “Шүүгч энэ бол зөрчил биш гэж ярьж байхыг хэн нэгнээс сонссон байна. Тийм учраас татгалзлаа” гэсэн байсан. Хэн гэдэг шүүгч тэгж ярьж байхыг сонссон гэдгээ хэлэхгүй, хэн гэдэг шүүгч хэргийг үнэн зөвөөр шийдэхгүй гэж үзэн татгалзаж байгаа нь мэдэгдэхгүй. Гэтэл ерөнхий шүүгч хүлээгээд авчихаж байгаа юм. Дараагийн шүүх хуралдаан дээр Идэр гэдэг шүүгчийн аав нь Хувьтөгөлдөр гэж хүн 1996 онд УИХ-ын гишүүн байхад Бат-Үүл гишүүн байсан. Тийм учраас Идэр шийдэж чадахгүй гээд татгалзсан. Тэрийг нь бас шүүх хүлээгээд авчихаж байгаа юм.

-Энэ хоёр шалтгаан татгалзах үндэслэл болох уу?

-Татгалзах үндэслэл ерөөсөө биш. Хохирогч гээд байгаа хүмүүсийг “Шүүгчийг та нөгөө талд хэргийг шийднэ гээд яриад явж байсан биз дээ” гэж гүтгээд, тэрийгээ нотолж чадахгүй байж татгалзана гэдэг чинь үндэслэлгүй. Хоёрдугаарт, тэр шүүгчийн аав хаа байсан 1996 онд Бат-Үүл гэдэг хүнтэй УИХ-ын гишүүн байсан гээд ямар нөлөө байгаа юм бэ. Бас үндэслэл болохгүй. Гурав дахь удаад, шүүгч орж ирээд хэргийг шийдэхдээ З.Энхболдтой хамааралгүй хэргийн материалыг хэргийн материал дотор оруулж ирж байгаад нотлох баримт болгоод шийдчихсэн. “Шүүгч ээ, энэ чинь энэ хэргийн материал биш байна шүү дээ” гээд хэлээд байхад мэдсээр байж байж хэргийг шийдсэн. Тэгэхээр бид энэ дээр шүүгчийн нөлөө орсон гэж хардаж байгаа юм. Яагаад гэхээр хоёр, гурван удаа шүүгчээс татгалзах асуудлыг хүлээж авсан учраас бид бас татгалзсан. Ямар ч үндэслэлгүй байдлаар шүүгчээс татгалзаж, өөрийнхөө шүүгчийг оруулж ирж байгаа юм шиг ажиллаж, тэр шүүгч нь хэргийг шууд шийдэх гээд байна. Тийм учраас бид шүүгчээс татгалзлаа гэсэн. Гэтэл “За та нар шүүх танхимдаа байж байгаарай. Ерөнхий шүүгчээсээ асуучихаад ирье” гээд, дээшээ гарч уулзчихаад “Татгалзахгүй гэж байна” гээд хэргийг шийдээд, хоёр саяар торгосон. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв байна гэж үзсэн.

-Ерөнхийлөгчтэй холбоотой маргааны хувьд эцэслэн шийдэгдсэн үү?

-Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байж байна. З.Энхболд гэдэг хүн ажлаа өгөхийнхөө өмнө "Бат-Үүл гэдэг хүн дахиад намайг гүтгэчихлээ" гээд гомдол гаргачихаж байгаа юм.

-Э.Бат-Үүлийн бичсэн сүүлийн нийтлэлтэй холбоотойгоор уу? 

-Шүүх хуралдаан дээр намайг шүүхэд нөлөөлдөг байдлаар ярьж, гүтгэсэн гэж. Дахиад Ерөнхийлөгчийн нэр дээр Одбаяр гэдэг хүнийг Ерөнхийлөгчийн зургийг интернэтэд тавьж, тэтгэврийн зээлийг тэглэж байгаа асуудлыг буруушааж, худлаа мэдээлэл бичсэн гэж бас цагдаад өгчихөж байгаа юм. Ингээд үндсэндээ тэр хоёрын зүгээс Э.Бат-Үүлийн эсрэг гүтгэсэн гэсэн гомдол гаргасан. З.Энхболд гомдол гаргаснаасаа хойш хэдхэн хоногийн дараа ажлаа өгчихсөн, нөгөө хоёр гомдол нь зөрчил биш байна аа гээд хаагчихаж байгаа юм. Ажилтай байх үед нь шүүх, цагдаа, прокурор тэр хүний төлөө ажиллаж, гурван хэрэг дээр улаан цайм шийдвэр гаргачихаад, ажлаа өгсөн долоо хоногт нь хэргийг хүчингүй болгочихож байна. Тэгэхээр энд нөлөө байсан байж болзошгүй гэдэг хардлага төрж байна. Би Энхболд гэдэг хүн шүүхэд нөлөөлсөн гэж хэлээгүй. Байгаа нөхцөл байдал, факт нь ийм учраас нөлөөлөөд байгаа юм биш биз дээ гэж хардаж байгаа. Би гомдлын дагуу хэргийг шалгаж буй цагдаагийн газрын даргатай эдгээр асуудлаар уулзаад, “Ингэж болохгүй шүү дээ, яагаад ингээд байгаа юм бэ. Ийм ийм үндэслэлээр хууль бус байна” гээд хэлэхээр өөдөөс "Ерөнхийлөгч гомдол гаргаж байхад би өөдөөс нь хаачихлаа гээд хэлэх юм уу. Яаж болох юм бэ" гээд сууж байгаа юм. Хууль хамаагүй, Ерөнхийлөгч юу гэж хэлэх нь л хамаатай юм байна л даа.

-Та Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэрэг дээр өмгөөлөгчөөр ажилласан. Хүмүүсийн дунд энэ хэргийг тэд үйлдсэн, үйлдээгүй гэсэн маргаан бий. Тэд үнэхээр гэмт хэрэгтнүүд мөн үү?

-Би өөрийн өмгөөлж буй хэргийн талаар одоо ярих боломжгүй. Яагаад гэвэл энэ чинь маш нууц хэрэг. Хэрэв би яриад эхэлвэл маш нууц хэрэг задруулсан хэрэгт орно. Чимгээ, Содномдаржаа гэдэг хүмүүсийн хувьд С.Зориг гэдэг хүний амь насыг хөнөөсөн нь анхан, давж заалдах болон дээд шатны шүүхээр тогтоогдсон, ялаа эдэлж байна. Энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа.

-Өнгөрсөн онд та бүхэн хэвлэлийн хурал хийж энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргах хэрэгтэй гэж мэдэгдсэн шүү дээ. Шалтгаан юунд байв?

-Бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд С.Зоригийг хөнөөсөн хэргийг нууцаас гаргаач ээ гэсэн хүсэлт өгсөн юм. Яагаад гэхээр 1998 онд гарсан хэрэг 22 дахь жилдээ шалгагдлаа. “Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ” гэгчээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн эздийг илрүүлнэ, тэгсэн байна ингэсэн байна гэсэн байдлаар маш олон хүн улс төрд орж ирлээ, сайд дарга боллоо, гишүүн боллоо. Одоо ч үргэлжлүүлээд улс төр хийгээд яваад байна. Төрийн нууц гэдэг нь тодорхой нэг зорилгын хүрээнд, тодорхой цаг хугацаанд нууцлаад, зорилгодоо хүрсний дараа ил болж байх ёстой. Ямар ч нууц тодорхой хугацаатай байдаг. Мэдээллийг ил гаргачихвал, хэн хаана, ямар сэжүүрээр хэргийг шалгаад яваа нь тодорхой болчихвол гэмт хэрэг үйлдсэн хүмүүст мэдээлэл очоод, тэр хүмүүст хэргээ улам нуун дарагдуулах боломж бүрдүүлж магадгүй гэдэг ерөнхий утгаар, мөн хэрэг илрүүлэхэд саад болж болзошгүй гэдэг утгаар хэргийг нууцлалтай шалгаж байсан шүү дээ. Одоо нэгэнт энэ хэрэг илрээд, гурван шатны шүүх шалгаад дуусчихлаа. Тэгэхээр нуугаад байх шаардлага байхгүй.

-Зорилгодоо хүрчихлээ гэж үзэж байгаа юм уу?

-Тийм ээ. Зорилгодоо хүрсэн. Хоёрдугаарт, нууц байгаад байхаар улс төр хийхээс айгаад иргэдийн дунд маш олон ойлгомжгүй, тодорхойгүй байдал бий болж, хардлага сэрдлэг бий болгоод, магадгүй эмх замбараагүй байдал үүсгэж болох хэмжээний нөлөөлөл гардаг. Биднийг энэ хэрэг дээр ажиллахад “Төрийн маш нууц шүү” гээд, 30 гаруй хавтастай хэргийг нэг, хоёрхон хоногийн дотор танилцуулаад, хавтаст хэргээс тэмдэглэж авсан тэмдэглэлтэй дэвтрийг минь хүртэл хурааж авсан. Тэмдэглэлээ шүүх хуралд орохдоо л харж ярьж байгаа юм. 20, 30 мянган хуудастай материал, бид ямар робот биш дээ цээжлээд орно гэж байхгүй шүү дээ. Ядаж тэмдэглэлийн дэвтэрийг минь хураагаад авчихаар шүүх хуралдаанд оролцохдоо талуудад тэгш эрхтэй мэтгэлцэх эрх үүсэх үү, үгүй юү гэдэг асуудал үүснэ. Дээрээс нь биднийг “Та нар юу ч ярьж болохгүй. Яривал төрийн нууц задруулсан гээд хариуцлага тооцож, ял оногдуулна” гээд гарын үсэг зуруулаад авчихдаг. Гэтэл хэргийн хохирогчдын гэгдэж буй талыг дэмжиж байгаа улс төрчид нь бүх процессыг мэдээд байдаг. Хаанаасаа яаж олж мэддэг юм бэ. Тэд болохоор төрийн нууц задруулаад яваад байдаг. Тэгж задруулахдаа дээрээс нь давслаад, өөрсдөдөө ашигтай байдлаар гуйвуулаад, яриад байдаг. Бид дуугүй байгаад байхаар нийгэм тэдний мэдээллээр ойлголттой болж байна. Тэгэхээр тэнцвэргүй байдал үүсээд байна. Хоёрдугаарт, хуульчийн ёс зүй, дүрмээрээ хэрвээ эсрэг тал худал мэдээлэл цацаад, манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байвал бидэнд худал мэдээллийг залруулж, үнэн зөв мэдээлэл өгөх эрх нь нээлттэй. Гэтэл нууц гэдгээрээ хаагаад байдаг. Биднийг шүүх хуралдааны танхим дотор байж байхад хаа байсан УИХ-ын гишүүд шүүх хуралдааны танхимд болж буй хуралдааны явцыг хүртэл мэдээд байдаг. Хаанаас яаж мэдээд байгаа юм бэ, бүү мэд. Бид нийгэмд үнэн зөв мэдээлэл өгч, түүгээрээ дамжуулаад өөрсдийнхөө эрх зүйн байдлыг дээрдүүлмээр байна, хамгаалмаар байна гэдэг утгаар шүүгдэгчдийн зүгээс өмгөөлөгчдөөрөө дамжуулаад С.Зоригийг хөнөөсөн хэргийг ил болгооч гэдэг байдлаар хандсан.

ХАР ТАМХИНЫ “ХИЛС ХЭРЭГ”-ЭЭР ШОРОНД ОРЖ БУЙ ЗАЛУУЧУУД ЗӨНДӨӨ БАЙНА

-Монголд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргүүд гарсаар байна. Та энэ төрлийн гэмт хэрэг дээр ажиллаж байна уу? Манай улс ер нь “хяналт”-аа алдсан юм биш үү?

-Би энэ төрлийн олон хэрэг дээр ажилласангүй. Авлигын хэрэг дээр жараахайнуудыг нь бариад, акулуудыг нь барихгүй байна гэдэгтэй адилхан хар тамхины хэрэг дээр хэрэглэж байгаа гээд буй хүмүүсийг нь л бариад, шалгаад байдаг. Яг цаана нь бизнес болгоод, оруулж ирэн, эргэлтэд оруулдаг зохион байгуулалттай бүлэглэлүүдийг нь ерөөсөө барихгүй юм. Барьж илрүүлэхгүй байгаа нь үнэхээр чадваргүйдээ байгаад байна уу, эсвэл өөрсдөө тэр бүлэглэлд нь орчихсон яваад байна уу гэдэг нь асуудал. Гадны улс орнуудад бүлэглэлүүд нь эхлээд хэрэглэгчдэд үнэгүй тараах байдлаар өөрсдийн зах зээлийг бий болгочихоод, дараа нь үнэд оруулж зардаг жишиг бий. Ийм зохион байгуулалттай бүлэглэлийн эсрэг зүгээр нэг цагдаагийн алба, хар тамхитай тэмцэх хэлтэс дангаараа ажиллаж илрүүлж чаддаггүй байна. Тэгэхээр ийм зохион байгуулалттай бүлэглэлүүдийн эсрэг ажилладаг тусгай мөрдөх алба гэж байдаг. Жишээ нь, хар тамхи зарсан, авсан хоёр хүний хувьд хохирогч гэж байхгүй. Хэн нэг нь очиж гомдол мэдээлэл өгдөггүй. Энэний эсрэг мөрдөх алба л хүчтэй байж, хэргийг илрүүлж мөрдөж шалгаж чаддаг. Манайд мөрдөх алба байгуулах саналыг Тэмүүжин сайд байхдаа оруулж байсан. Өнөөдөр манайд тухайн хүн хэрэглэгч мөн байсан, захиалсан худалдаж авсан, хэрэглэсэн эсэхийг нь тогтоож чадахгүйгээр хорих ял оногдуулж буй тохиолдол зөндөө байна.

-Цагдаа, хууль хяналтын байгууллагынхан хар тамхи, мансуурах төрлийн бодис хэрэглэсэн үйлдэл дээр нь барьж, хорьж шалгаж байна гэсэн мэдээлэл л цацагддаг. Харин энэ төрлийн гэмт хэрэг үйлдээгүй мөртлөө гэмт хэрэгтэн болсон тухай мэдээлэл сонсож байгаагүй юм байна?

-Жишээ нь, хэн нэг хүний нэр дээр шуудангаар илгээмж ирдэг. Тухайн хүн илгээмж захиагүй, авахгүй гэхээр шуудангаас байнга илгээмжээ ав, та ядаж ирээд задалж үзээд, мөн биш байна уу гэдгийг нь хэлээд гарын үсэг зураад буцааж өг гэдэг. Очоод илгээмжийг задлах үед цагдаа нар ирээд барьж аваад явдаг. Ингээд шоронд орж байгаа залуучууд  зөндөө байна. Үнэхээр тэр илгээмжний эзэн хэн нэгний нэр дээр захиалчихаад, тэр хүнийг ажиглаж байгаад цагдаа бариад авбал хаячихна, цагдаа барьж авахгүй бол очоод би илгээмжээ авчихъя, чамд мөнгө өгье гээд авдаг тохиолдол байгаа байхгүй юу. Ийм байдлаар хохирч байгаа хүмүүс зөндөө байна. Өмгөөлөгч гэхээс илүү хувь хүний хувьд хэлэхэд нийгэмд үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд цацаад, тийм хэрэг илрүүлж байна, энэ ч жүжигчин, тэр ч дуучныг шалгаж байна гээд ажлаа мундаг хийж, сайн байна гэдгээ харагдуулахдаа гол анхаарлаа хандуулаад байгаа болохоос яг чанарт нь анхаарал хандуулахгүй, “томчууд”-ыг нь барьж чадахгүй байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч ҮЙЛДСЭН ХЭРГИЙНХЭЭ ЯЛЫГ ҮҮРЭХ ЁСТОЙ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН

-Та УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн хохирогчийн өмгөөлөгчөөр ажилласан. Энэ хэргийн шийдвэрлэлтээс харахад нөлөө бүхий хүмүүс бага ял аваад, эрх мэдэлгүй энгийн иргэд хохироод үлддэг байдал түгээмэл. Та юу хэлэх вэ?

-Бид энэ хэргийг өмгөөлж эхэлсэн цагаасаа хойш тодорхой хэд хэдэн зорилго тавьсан. Нэг чухал зүйл нь, Д.Гантулга гэдэг хүнээс өмнө улс төрд нөлөө бүхий этгээдүүд, сайд дарга нар, гишүүд хүчиндэх гэмт хэрэгт холбогдлоо гэх мэдээллүүд гардаг байсан. Дандаа дарагдаад, хэн ч хариуцлага хүлээдэггүй өнгөрдөг нь дараагийн залуу үеийн төлөөлөл болох залууст ингэж болдог юм байна гэсэн ойлголт төрүүлдэг. Гишүүн Гантулгын хэрэг дээр бид ямар ч байсан их бага гэлтгүй хариуцлага хүлээлгэж байх хэрэгтэй, байр суурь нь ямар байхаас үл хамааран хариуцлага хүлээдэг болохыг харуулахыг зорьсон. Үүгээрээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, цаашид хохирогч болгохгүй байх тал дээр сэргийлж, эмэгтэйчүүдийн болон хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллан, нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх тал дээр хамтарч ажиллаж байсан. Гуравдугаарт, уг гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримттай, үйлдэл дээрээ баригдсанаас бусад тохиолдолд хариуцлага хүлээдэггүй хязгаарлагдмал хуультай байсан. Уг хууль тогтоомжийг засч залруулах том зорилгыг урдаа тавьж ажиллаж байна. Зөвхөн нэг хүний хэргийг шийдэж гомдолгүй болгохоос гадна тэр хэргээр дамжуулан нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлыг засч залруулах, сайжруулж байгааг стратегийн өмгөөлөл гэж нэрлэх болсон.

-Стратегийн өмгөөллийн үр дүнгийн жишээ гэвэл?

-Хуульд өөрчлөлт оруулж чадсанаар өнөөдөр Батзориг гэдэг хүн жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сантай холботой хэрэгт холбогдон шалгагдаж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүдийг бүрэн эрхээс нь түтгэлзүүлж өгөөч гэсэн хүсэлт, мөн өөрөө бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг прокурор оруулж ирж байна. Өмнө нь энэ бүхэн ямар ч боломжгүй байсан. Энэ боломжийг бүрдүүлэхийн тулд бид Үндсэн хуулийн цэцэд хандаж, хуулинд өөрчлөлт оруулж чадсанаар гишүүдийг шалгах боломжтой болсон. Дараагийн зорилго маань үйлчлүүлэгч гомдлоо барагдуулах, хэрэгтэнд өндөр ял оногдуулах хүсэлтэй байсан ч хэргийн явцад хохирогч нь өөрөө буруутан болох асуудал гардаг. Иймээс хохирогчийн хохирсон болохыг нотлох нь гол зорилго юм. УИХ-ын гишүүн байсан ч үйлдсэн хэргийнхээ ялыг үүрэх ёстой гэдгийг харуулахыг зорьсон. Үйлдсэн хэрэг нь ялтайгаа тохирсон уу, үгүй юу гэвэл хэцүү. Үйлдэл, хариуцлага хоёр тохирсон байх ёстой. Хүчингийн хоёр хэрэгт холбогдсон хүнд хоёрхон жилийн ял оногдуулна гэдэг бол хуулинд нийцэхгүй асуудал.

-Хуулиндаа хэдэн жилийн ял онооно гэж заасан байдаг билээ?

-1-5 жилийн ялтай байдаг. Уг хэргийн хувьд нэг хэрэг дээр нь нэг жил гээд, хоёр хэргийг хоёр жилээр тооцсон. Хамгийн бага шийтгэл.

-Нийгэмд архидалт ихсээд, хүний амь нас хохирох, бага насны хүүхдийг хүчирхийлэх аймшигт хэргүүд гарч байна. Ийм хэрэгт хатуу шийтгэл оноохыг иргэд шаарддаг. Энэ нь ялын бодлого сул байгаатай холбоотой юу?

-Манайд хүн алсан хүн ч өөрийн гэсэн эрхтэй, эрх чөлөөтэй байх гэсэн үндсэн эрхүүдтэй. Түүнийг ямар ч байдлаар хөндөх эрхгүй. Учир нь онолын хувьд хүнийг байгалиас төрөхөд нь бий болсон эрхүүдийг боомилж, зохиомлоор хууль гаргаж ирэх нь энэ ардчиллын эсрэг үзэл болдог. Өнөөдөр манай орон тийм ч хөнгөн ялтай орон биш. 2002 оны хууль өндөр ялтай байсан. Олон улсын конвенцын өмнө хүлээсэн үүрэгтэй орон шүү дээ. Иймээс бид эрүүгийн эрх зүйн хуулиудаа олон улсын эрх зүйд нийцүүлэн шинэчилж, ялын бодлогоо зөөлрүүлсэн. Хорилоо гээд гэмт хэрэг шууд багасдаггүй. Нэг хэсэг бид Азидаа хоёрт орохоор хоригдолтой болсон байсан. Тэднийг байрлуулах байр байшингаас эхлээд эдийн засгийн асуудал гарч ирсэн.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж