Шинэ коронавирусийн улмаас бүх дэлхий хөл хорионд орж, улс орнууд унаж буй эдийн засгаа хамгаалах бодлогоо ил тод зарлах болсон. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гуравдугаар сарын 27-нд “Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын иргэний амь насыг нэн тэргүүнд хамгаалах, хоёрдугаарт, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг давж ажиллахад анхаарах”-аа илэрхийлж, хямралын үеийг давах багц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд таван их наядын санхүүжилт хийж буйгаа мэдэгдсэн.
Засгийн газрын зарласан багц хөтөлбөрүүдийн хүрээнд:
- Ажлын байраа хадгалж буй аж ахуйн нэгжийн ажилтнуудад даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгоно.
- Зургаан сарын хугацаанд иргэдийн цалингаас орлогын албан татвар авахгүй, бүрэн чөлөөлнө.
- 18 хүртэлх насны хүүхдэд сард 10 мянган төгрөг нэмж, нийтдээ 30 мянган төгрөг олгоно.
- Үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн НДШ-ийг тэглэнэ.
- Хувиараа хөдөлмөр эрхлэгч, сайн дурын даатгуулагчийн НДШ-ийг 420 мянган төгрөгөөс тооцож төрөөс зургаан сарын хугацаанд төлж өгнө.
- Бэлэн байдлын зэрэгт хамаарах хугацаанд бизнес эрхлэгчдийн төлөөгүй НДШ-д тооцох алданги, торгуулийг чөлөөлнө.
- Жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд орлогын татвараас чөлөөлнө.
- Бэлэн байдлын зэрэгт хамаарах хугацанад бизнес эрхлэгчдийн төлөөгүй татварт хамрагдах торгуулийг чөлөөлнө.
- Түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан аж ахуйн нэгжийг түрээсийн орлогод ногдуулах татвараас чөлөөлнө.
- Иргэдийн өргөн хэрэглээний болон хаврын тариалалт, дотоодын гурил үйлдвэрлэлд шаардагдах хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлнө.
- Аж ахуйн нэгжийн алдагдлыг дараагийн дөрвөн жилд шилжүүлэн тооцож, төлөх татварын хэмжээг бууруулна.
- Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай 20,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэв.
- COVID-19)-ийн халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлжээ.
Засгийн газраас дээрх шийдвэрүүдийг гаргасан бөгөөд зарим хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт хийхээр УИХ яаралтай горимоор хуралдаж байна. УИХ-аар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулснаар Засгийн газрын зарласан эдийн засагт авах арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлнэ. Дашрамд дурдахад, төрийн албан хаагчид буюу багш нар НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах эсэхийг олон хүн сонирхож байгаа. Тэгвэл төрийн албан хаагчдын ажлын байрыг төр хадгалж, төсвийн цалин энэ жил нэмэгдсэн /2014 оноос хойш 50 хувиар нэмсэн/ тул НДШ-ийн чөлөөлөлт, хөнгөлөлт эдлэхгүй аж. Сургууль, цэцэрлэгийг карантилж, хичээл орохгүй байгаа ч багш нар цалингаа бүтэн авч буй юм. Цар тахлын үед эмч, цагдаа, онцгой гээд ачаалалтай ажиллаж байгаа. Тиймээс тэдгээр хүмүүсээ илүү урамшуулах арга хэмжээг Засгийн газраас авч байгаа аж.
Б.БАТ