Чингис хааны музейг байгуулахад зөвлөх эрдэмтдийн зөвлөлийг та бүхний оролцоотойгоор байгуулсанд маш их талархаж, бас ч үгүй миний хүндэтгэж явдаг толгой эрдэмтэд орсонд сэтгэл нэн таатай байна. Та бүхэндээ нэг зүйлийг өөрийнхөө бодол, санааг хүргэж зөвлөх гэсэн юм.
Их эзэн Чингис хааныхаа музейг байгуулах гэж сэдсэн, санасан нь маш сайн хэрэг. Гэхдээ музейг байгуулах газрын байршил, сонгосон газраа даанч олсонгүй ээ. Хотын төвд байгаа нь сайн хэрэг мэт боловч дэндүү давчуу, орчин тойрноосоо хязгаарлагдмал, унааны зогсоол байхгүй, бараг шорон мэт давчуу, хавчиг орон зайд хааныхаа музейг байгуулах нь өнөөдөртөө зөв мэт харагдах боловч дэлгэрэн хөгжиж буй ирээдүй үед гологдоно.
Одоогийн энэ байршил дээр хичнээн арван хэдэн давхар сайхан байшин барилаа ч гэсэн музейг үзэгч олон цаашдаа асар их нэмэгдэх бөгөөд тэнд хичнээн олноор хийсэн ч гэсэн цахилгаан шатаа булаацалдаж, зогсох, хүлээх, хайран цаг заваа алдах, бие биетэйгээ шүргэлцэж, бухимдал үүсэх гээд зовлон учирна. Харин Хааны музей 3-4 давхар, хэвтээ чиглэлдээ уудам өргөн талбайтай, өгсөх уруудах шат нь лифт биш, хөлөөрөө алхаад, өгсөж урууддаг бол хүмүүс тааваараа явж, өөр хоорондоо зөвлөлдөж, бас юм бодож, бодол сэтгэхүйгээ тэлж, санаа оноогоо солилцож, үзэх ёстой юмаа тав тухтай аятай үзэх болно.
Энэ музей бол Монгол Улсын сурталчилгаа, түүх шастираа залуу үедээ өвлүүлэх, дамжуулах сайхан боломж, бас нөгөө талдаа манай улсын аялал жуулчлалын нэгэн зах зээл юм. Мөн өнөөдрийн хурдтай хөгжиж буй мэдээллийн орчин үед юм уншихаа бараг больчихсон хүүхэд залуус нүдээрээ музейг богино хугацаанд үзэж, харж, бараг биеэрээ мэдрээд эх түүхэндээ умбах, алдарт түүхээрээ бахархах, тэндээс суралцах, сургамж авч, хойч ирээдүйгээ зөвөөр төсөөлөн харах боломж олгох Эрдэм судлалын төв байх буй за.
Их хааны музей бол монгол хүний уужим ухааныг өөрийн оршин байгаа газар орон, талбай зайгаараа ч гэсэн бас харуулах, тийм ойлголтыг нийгэмд мөн гадаад дотоодын аялагч, жуулчид нарт өгөх ач холбогдолтой баймаар.
Тэнд хүүхдүүд, залуус түүхээ мэдэж авна, оюутнууд хичээлээ хийнэ, судлаачид түүхээ судалж, мэргэн ухааны цар хүрээгээ улам тэлнэ, гадаад дотоодын жуулчид Монголын болон дэлхийн амар амгалан үеийн (Pax Mongolia ) түүхийн талаар мэдлэгээ тэлж, Монголын тухай, уламжлал, зан заншил, хөгжлийн түүхийн талаар иж бүрэн ойлголттой болно, бас музейгээ дагаад аялал жуулчлалын зах зээл ч илүүтэй тэлж хөгжинө.
Монголын их хаан эзэн Чингисийн музейг үзэж яваа аялагчид хэдэн цагаар музейн орчноор таатай, сайхан саатан хэсэн явж, тав тухтай амарч, тэнд нь хооллож, ундалж, бас цэвэр агаарт цэнгэж, хүчилтөрөгчөөр бие сэтгэлээ сэнхрүүлж, танин мэдэх, хөгжих тийм таатай орчин нөхцөлд байх нь олон талын ашигтай.
Тэр бүхнийг хүнд өгөхийн тулд музей илүү уужим талбайд, хүн удаан явж, сууж, амарч үзэх, үр хүүхдүүдээ амраах, тоглуулах, тухтай үзэх, бас сэтгэлийн ташаал авах орчин нөхцөлтэй байх нь олон талаараа нийцтэй байх аа. Дэлхийн том музейнүүд ч тийм хандлага руу хандах болжээ.
Босон суун явж нэг хавчигдмал орон зайд музейг үзсэн болоод гарах нэг хэрэг. Түрүүний хэлдгээр тав тухтай тайван үзэж, амарч, амралтын өдрөө өнгөрөөх бас нэг өөр хэрэг дээ.
Бүхнийг өнөөдрөөр төсөөлөхгүй байх гэж Эрхэм та бүхнийг бодож байна. Бид ирээдүйгээ маш сайн төсөөлж харах хэрэгтэй болов уу.
Тухайн үеийн хөөрхий БНМАУ-ын хүн амын тоо, нөхцөлөөс үүдээд Улаанбаатар нийслэл нь сайндаа 4-5 зуун мянган хүн байх, цөөн тооны машинтай нарийн давчуу гудамж хангалттай гэж дээр үед нэг орос төлөвлөгч нийслэлийг төлөвлөсөнтэй адил юм хийхгүй байх нь чухал болов уу.
Иймд Чингис хэмээх Монголын нэрийн хуудас болсон энэ хүний музейг жинхэнэ ёсоор, түлхүү утга агуулгатай хийх гэж байгаа бол илүү уужим том талбайд, Их тэнгэрийн амны Туул голын захад том ногоон талбайд байгуулмаар байна. Тэнд тийм газар байна. Барилга барих гээд хашсан бололтой газар байдаг. Төр өөрийнхөө мэдлийн газраа нэгэнт юм босгоогүй бол хэзээ ч эргүүлж аваад нийтийн эрх ашигт зориулах эрх зүйн орчин хангалттай бий. Хатан Туул гол, түүний ногоон байгууламж, хажууд нь Богд хан уул гээд ямар сайхан иж бүрэн цогц нутаг газар вэ. Та бүхэн очиж үзэж болно. Шаардлагатай гэж үзвэл надтай холбогдоод санал зөвлөгөө авч ч бас болно.
Тэнд аялагч, жуулчид нарын олон машин зогсох уудам сайхан зогсоолтой, бас ногоон байгууламжтай, усан оргилууртай, хүмүүс 1-2 өдөр явж үзэж, саатаж, амарч, үр хүүхдээ тоглуулах элдэв төрлийн байгууламжтай, тэд нар нь тэндээс олон талын таашаал авдаг нийслэлчүүдийн амралтын өдрөө өнгөрөөх дуртай газар байхаар тийм орчин нөхцөлийг бүрдүүлсэн байвал илүү зохистой санагдана.
Тэр газар бол яах аргагүй цэнгэг ариун устай, ширэг зүлэг ногоотой, хажуудаа ой модтой, бас зэргэлдээ Дэлхийн анхны дархан цаазат газар Богд хан уултай хаяа нийлсэн энэхүү байршил илүү зохимжтой зүгээр юм аа.
Музей дотроо юу юу байхыг Эрхэм та нар шийдэх учир би юу хэлэх вэ. Харин энэ яваа насаараа байгаль, экологитой ойр явж, түүний өгөөж, сайн мууг хүртэж, түүнтэй зууралдаж явсан хүний хувьд ирээдүйгээ харсан нутаг байршлын талаар энэ санааг Эрхэм эрдэмтэд та бүхэндээ толилуулж байна. Та нар маань Монголын оюуны сор болсон эрдэмтэд учир түүний учир зүйг олж, зөв шийдэлд хүрэх байх хэмээн мөхөс хүн бивээр найдаж, энэхүү саналыг дэвшүүлж байна. Ухааран үзэж, болгоон соёрхоно уу.
Мэхийн ёсолсон: Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Ц.Адъяасүрэн, 2020 оны 4 дүгээр сарын 7. Утас : 99192160
Холбоотой мэдээ