Ч.Хүрэлбаатар: Төрөөс тендер авдаг 17 мянга гаруй ААН бий

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Төрөөс тендер авдаг 17 мянга гаруй ААН бий

Ч.Хүрэлбаатар: Төрөөс тендер авдаг 17 мянга гаруй ААН бий

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2020.04.08/ хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн коронавирус цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Б.ДЭЛГЭРСАЙХАН:

-Ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжүүдийн ажилтанд 200 мянган төгрөг олгоно гэсэн. Энэ нь компаниар дамжих уу, хувь ажилтны дансанд шууд очих уу. Аж ахуйн нэгжид өгөх нь илүү зөв болов уу, хувь хүнд өгөх нь давхардал үүсэх вий гэсэн болгоомжлол байна. Мөн НДШ-ийг өөрөө төлдөг иргэдэд 200 мянган төгрөг хамаарах уу.

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Төрийн шийдвэрээр үйл ажиллагааг нь зогссон боловч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийн ажилчдад 200 мянган төгрөг олгоно гэдгийг шууд хувь хүнд нь олгоно гэдэг агуулгаар тогтоолын төслийг боловсруулсан. Хэлэлцүүлгийн явцад аж ахуйн нэгжүүдэд нь өгөх санал гарсан бөгөөд одоо ажлын хэсэг ажиллаж байна. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн сайн дураараа төлж буй НДШ-ийг төр даах бөгөөд 200 мянган төгрөгт хамаарахгүй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ:

-200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд олгохгүй. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс төлдөггүй учраас 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохгүй.

УИХ-ын гишүүн Я.СОДБААТАР:

-ЖДҮХС, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулж тусгайлсан заалт оруулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Сангуудын мөнгийг олгохдоо төсөл хэлбэрээр шалгаруулахгүйгээр татаас байдлаар олговол яасан юм бэ. Яг ийм эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд зээл хэлбэрээр бус татаас хэлбэрээр оруулбал. УИХ дахь МАН-ын бүлэг ярилцаж байгаад төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хэдэн компани байдаг вэ? Цөөн тооны аж ахуйн нэгж байдаг гэж бодохгүй байна. Мөн элит үрийн улаанбуудайг гааль, НӨАТ зэрэг татваруудаас чөлөөлж байгаа. Холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 28 мянган тонн шаардлагатай байгаа ч 15 мянган тонн гэснийг өөрчилж, шаардлагатай хэмжээнд нь оруулж ирэх боломж байна уу.

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр Засгийн газар ажиллаж байна. Энд тэнд байсан бүх эх үүсвэрийг ХХААХҮЯ руу шилжүүлсэн. Тэнд бүх зохицуулалтыг хийгээд явах бүрэн боломжтой. Ч.Улаан сайд хөнгөлөлт олгоод явж байгаа. Мөн тендер авдаг компаниуд 2019 оны тооллогоор 17 мянга гаруй аж ахуйн нэгж ажил авч гүйцэтгэсэн байсан. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд 170 мянга гаруй иргэд байна гэж тооцсон. Тиймээс Засгийн газар хөрөнгө оруулалтыг танахгүй гэдэг байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа. Хүмүүст зүгээр мөнгө өгөхөөс илүү ажил хийлгээд хөлсийг нь өгөх нь зөв.

УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР:

-Гаалийн албан татвараас хүнсний гол хэрэглээ, улаан буудай, элсэн чихрийг гуравдугаар сарын 1-нээс чөлөөлж байгаа. ОХУ гэсэн үг тусгаснаас Вьетнамаас ирэх будаанаас татвар авсан байсан. Одоо тэдний мөнгийг буцааж олгож болох уу.

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Тухайн үед Засгийн газрын шийдвэр гарч байхад Хятадад коронавирус өндөр тархалттай байсан учраас ОХУ гэсэн үг оруулсан. Одоо хуульдаа бүх боомтоор гэдэг үг оруулчихвал төлсөн татварыг нь буцаагаад олгох боломжтой.

УИХ-ын гишүүн Ц.ГАРАМЖАВ:

-НДШ төлөгч иргэн 910 мянга орчим байдаг бөгөөд 640 мянга орчим иргэн хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдахаар байгаа юм. Гэтэл үлдсэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, үйлчилгээ явуулдаг, хувиараа НДШ төлдөг аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргасан уу.

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Татвараа, НДШ-ээ төлөөд хариуцлагаа биелүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх нь шударга гэж бодож байна. Сайн дураараа НДШ төлдөг 186 мянган иргэн бий. Өнөөдрийн нөхцөлд эдгээр хүмүүсийн өмнөөс НДШ-ийг нь төр төлөх шийдвэр гаргах гэж байна. Энэ хүнд үед сайн дураараа хөдөлмөр хийж, чармайж байгаа иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж бодож байна.

Гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, төслийг дэмжлээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж