Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхий дахинд 212 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгджээ. Герман, Швейцарь, Турк улсаас гадна Япон, ОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдсөн коронавирусийн 15 тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь эдгэрч, 11 нь ХӨСҮТ-д эмчлүүлж буй юм. Өнөөдрийн байдлаар 1484 хүн тусгаарлагдаж байгаа бол 92 хүн эмнэлгийн ажиглалтаас гарчээ. Тусгаарлах байранд 300 гаруй эмч мэргэжилтэн ажиллаж байна гэж ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.
ДЭМБ-аас Номхон далайн баруун бүсийн орнуудад нэгдүгээр давалгаа дууссан бол хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байх шаардлагатай сануулжээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
-Дөрөвдүгээр сарын 7-нд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Монгол Улсад 16 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Тухайн иргэн хойд хил буюу Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ирж, Сэлэнгэд ганцаараа тусгаарлагдсан. Анхны шинжилгээгээр сөрөг гарч, дөрөвдүгээр сарын 8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр илэрлээ. Тухайн иргэнийг ганцааранг нь тусгаарлаж байна. Өчигдрийн байдлаар 237 хүнд шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-д 177 хүн хэвтэн эмчлүүлж байна.
ДЭГДЭЛТ БУУРААГҮЙ УЧРААС ХӨЛ ХОРИОГ ЦУЦЛАХГҮЙ
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.ЯНЖМАА:
-ДЭМБ-аас өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр халдварын тархалтыг авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээг цуцлах болоогүй. Хэрэв хязгаарлалтыг цуцалбал өвчлөл тархах магадлалтай байна. Номхон далайн бүсийн орнуудаар коронавирусийн хоёр дахь давалгаа эхлэх магадлалтай байна.
ИРГЭД ТАЙВШИРЧ, МАСКНЫ ХЭРЭГЛЭЭ СУЛАРЧ БАЙНА
ЗӨСҮТ-ийн захирал Н.ЦОГБАДРАХ
-Өнгөрсөн хугацаанд 150 удаагийн ариутгал халдваргүйжүүлэлт хийж, халдвар тархахаас сэргийлэн ажиллалаа. Тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдын ачаа тээш, нисэх онгоцонд иргэдийн халдваргүйжүүлэлт хийсэн. Цаг агаар дулаарсантай холбоотойгоор хүмүүс амны хаалт зүүхгүй, гадаа талбай дээр хүүхдүүд тоглож, оройн цагаар залуус зугаалж байна гэх мэдээлэл иргэдээс ирж байна. Иргэдийн анхаарал суларч, маскны хэрэглээ багасч байна. Коронавирусийн хоёр дахь давалгаанд анхаарлаа сулруулбал өвчлөл тархах өндөр эрсдэлтэй. Тиймээс анхаарлаа сулруулж болохгүй.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлэлтэй холбогдуулан тусгаарлалтаас гарсан иргэдийн шинжилгээний хариу найдвартай эсэхийг тодруулахад “Бид ДЭМБ-аас зөвлөж буй хяналтын хоногуудыг дагаж мөрдөж байгаа. Ажиглалтын 14 хоногийг 21 хоног болгож сунгасан нь учиртай. Халдварын нууц үеийн хугацааг эрдэмтэд судалж байна. Иймд системтэй хяналт хийх хэрэгтэй. Ажиглалтаас гарсан бол хувь хүмүүс өөрсдөдөө хяналтыг тавих хэрэгтэй. Мөн хүмүүс бие биедээ хяналт тавих нь чухал” гэлээ.
Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, одоогоор ажиглалтаас гарсан иргэдэд хоёр удаагийн давтан шинжилгээ хийж, сөрөг хариу гарсан тохиолдолд гэрт нь тусгаарлах зөвлөмж өгч буй юм байна.
Дашрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас дэлхийн хэд хэдэн оронд “COVID-19”-ийн эсрэг хэрэглэж байгаа “Avigan” эмийг Японоос авч ирж байгаа талаар сайд нь мэдээлсэн. Вируст зориулсан энэхүү эмийг одоо эмчилгээнд ашиглаж буй.
Японы “Toyoma Chemical” компанийн олон төрлийн “RNA” вирусийн эсрэг үйлчилгээтэй энэхүү эм нь зах зээлд “Favipiravir”, “Favilavir”, “T-705” болон бусад эмтэй хавсарсан хувилбар болох “Pyrazinamide” гэх нэршлээр борлуулагддаг байна.
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
Posted by News.mn on Tuesday, April 7, 2020
Холбоотой мэдээ