"Гэртээ тусгаарлалтанд байгаа бүсгүйн биеийн байдал, халууныг нь асуухаар утсаар залгахад хоёр удаа ээж нь авчээ. Охиныхоо утасыг ажилруугаа аваад явсан байна гэсэн тайлбарыг өгсөн ээж нь "Миний охин өөр хороонд байгаа танараас илүү боловсролтой, битгий залгаад бай өөрийгөө мэдэж байгаа" гэх мэтээр эмч, сувилагч нарыг загнасан аж. Бүсгүйг өгсөн хаягаар гэрт нь очиж шалгатал уг хаяг дээрээ байгаагүй талаарх мэдээлэл саяхан цахим орчинд цацагдсан. Монгол Улс хөл хорио тогтоож, хилээ хааснаас хойшхи гурван сарын хугацаанд нийтдээ 4 мянга орчим хүн тусгаарлагдсанаас 1500 гаруй хүн өнөөдрийн байдлаар тусгаарлалтад байна.
Тусгаарлалтаас гарсан иргэд иргэний үүргээ ягштал биелүүлж, олон нийтийн эрүүл мэндэд аюул заналхийлэл учруулахгүй байж чадаж байгаа юу. Дээрх бүсгүйн жишээгээр хаягаа худлаа хэлсэн, албаны шаардлагыг биелүүлээгүй хэчнээн иргэн байгаа, тэдэнтэй ямар хариуцлага хэн тооцов. Энэ бол цар тахлын үед тавигдах ёстой гол асуулт.
Хөл хориог зөрчсөн, төрийн шийдвэрийг биелүүлээгүй иргэдэд арга хэмжээ авахаа УОК-ийн Шуурхай штабаас мэдээлсэн. Гэсэн ч тусгаарлах байранд буй иргэд хоолоо голж, тэр бүү хэл хоорондоо зодолдон, архидан согтуурах, төлбөрөө төлөхгүй гэж эсэргүүцэх зэргээр багагүй зөрчил гаргасаар байгаа нь албаны хүмүүс ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Бусад оронд цар тахлын үед олон нийтийн эрүүл мэндэд халдсан, заналхийлсэн, төрийн шийдвэрийг эсэргүүцэж, төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учруулсан хүмүүст их хэмжээний мөнгө торгууль ногдуулахаас гадна эрүүгийн хэрэгт яллаж байгаа.
Тиймээс цар тахлын үед иргэний үүргээ биелүүлэхгүй "эрхээ" хэтрүүлэн эдлэж буй хүмүүстээ хариуцлага тооцох нь Шуурхай штабын хийх ажил. Өөрөөр хэлбэл, хэвлэлийн хурлаар сэтгүүлчдэд гомдол ярьж суухаар хуулийн дагуу арга хэмжээгээ авах нь УОК, Шуурхай штабын хийх ажил.
Ийм зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн хуулийн 6.7 дугаар зүйлийн Эрүүл мэндийн тухай хууль зөрчсөн бол тухайн иргэнийг 500,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай. Гэхдээ зөвхөн нэг удаа торгоод өнгөрөх нь хангалтгүй. Удаа дараа зөрчил гаргасан, сануулж, анхааруулсаар байтал иргэний үүргээ биелүүлээгүй, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хүмүүстэй хатуу хариуцлага тооцох цаг болж. Алийн болгон гомдол, тунирхал болох вэ.
Өвчлөлийн голомтоос эрсдэлээ үүрээд иргэдээ эх оронд нь татаж, тусгаарласан бол зөрчил гаргасан нэгэнд нь төрийн төмөр нүүрээ харуулах цаг нь ч мөн. Учир нь, хэн нэгний эрх бусдын амьд явах эрхээр хязгаарлагдаж байгааг сануулах, мэдрүүлэх ёстой. Тэр нь дарга, сайд, даргын хамаатан садан байх эсэх нь хамаагүй.
Хэдийгээр тусгаарлагдаж буй иргэдийн хувьд үүргээ ухамсарлаж 21 хоног эмнэлгийн ажиглалтад байх дүрэм журмаа мөрдөж байгаа ч нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэгчээр нэг хүний тэнэг үйлдлээс болж нийтээрээ нийгэмдээ жигшүүлэх учиргүй.
Олон нийтийн зүгээс тусгаарлах байранд зөрчил гаргаж танхайрсан, иргэний үүргээ ухамсарлаагүй иргэдийн нэр, хаяг, зургийг ил болгохыг шаардаж буй. Гэсэн ч хүний эрхийг дээдлэх үүднээс зөрчил гаргасан иргэдийн нэр хаяг, зургийг олон нийтэд зарлахгүй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа юм. Цаашид ч бас хэлж, сануулаад үг авахгүй үл тоож зөрчил гаргасаар байвал үүргээ ухамсарлаагүй иргэний нэр, хаягийг зарлахад буруудахгүй биз ээ. Учир нь, дэлхий нийт бүгд цар тахалд "өвдөг сөгдөж" буй энэ үед нэг хүний эрх нийт үндэстний эрх ашгаас илүүд тавигдах ёсгүй юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ