Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлджээ

Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр /2020.04.08/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Мэдээллийн эхэнд Улсын ерөнхий прокурорын газрын 2020 оны эхний улиралд хийсэн ажлын талаар товч мэдээлэл өглөө. Прокурорын байгууллагаас зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2020 оны нэгдүгээр улиралд 452 077 гомдлыг хүлээн авчээ. Нийт гомдол мэдээллээс 1,7 хувьд нь хэрэг бүртгэл нээж, 1,1 хувьд нь эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж ажиллажээ. Энэ оны эхний улирлын байдлаар 1591 хүн, 102 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулжээ. Нийт учирсан хохирлын хүнд учруулсан хохирлын  55,8 хувь, хуулийн этгээдэд учруулсан хохирлын 71,7 хувь, төрд учруулсан хохирлын 56,9 хувийг нөхөн төлүүлжээ.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой гарч байгаа нийт 612 гомдол, мэдээллээс тогтоосон хязгаарлалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэх 222, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн 217, олон нийтийг төөрөгдүүлэх, мэдээ мэдээллийг түгээсэн тараасан 31, олныг хамарсан  арга хэмжээ зохион байгуулсан 10 зөрчил гарчээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн олны анхаарал татсан зарим хэргүүдээс дурдвал,

  • Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй УИХ-ын гишүүн асан Б.Болор, Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.
  • Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан хэрэгт гуравдугаар сарын 31-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
  • УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтанд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-аас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.АРИУНБОЛД:

-Гэмт хэргийн талаарх 20170 гомдол мэдээлэлд хяналт тавьснаас 7490 хэрэг бүртгэл нээхээс татгалзсан бол 9715 хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хэрэг бүртгэлтийн 50565 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 5109-д нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 7538 хэргийг хааж шийдвэрлэжээ. 2020 оны нэгдүгээр улиралд авлитга, албан тушаалын  602 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 107 хэргийг хааж, 41 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Мөн мансуурулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 174 хэрэгт хяналт тавьж ажилласан. Хүүхдийн эсрэг 39 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.НАСАНБАТ:

-Нийслэлийн прокурорын газраас улсын хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг Мөрдөх эрх бүхий тав, шинээр байгуулагдаж буй Экологийн цагдаагийн албыг оролцуулан, 6 байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдийг хянаж шийдвэрлэдэг. АТГ-аас хэрэг бүртгэлтийн 295, мөрдөн байцаалтын 91, нийт 386 хэрэг, Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах газраас хэрэг бүртгэлтийн 34, мөрдөн байцаалтын 20, нийт 54 хэрэгт шалгалт явуулсан.

Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт хянуулахаар дараах хэргүүдийг ирүүлжээ.

-“Жаст” групп компанийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэрэг

-Цахим сүлжээ ашиглан, бусдыг залилсан, мөнгө угаасан байж болзошгүй БНХАУ-ын 23 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж, прокурорын хяналтад ирүүлснийг тус тус хянаж байгаа аж.

Хэвлэлийн мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт холбогдох, Г.Солтанд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ЖДҮДС-гаас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн гэлээ. Дээрх хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболдын хэрэг ямар шатанд явна вэ?

УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд нарт холбогдох хэргийн холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, прокурорын хяналтад ирээгүй байна.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас гаргасан уу?

-Ер нь УИХ-ын гишүүдийг дуудан ирүүлэх зэрэг хянан шалгах ажиллагаанд хүндрэл учирч байгаа. Мөрдөх байгууллага болон прокуророос дуудсан хугацаанд ирэхгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах явдал гарч байгаа. Тиймээс хуульд заасан шат дараалсан арга хэмжээг авах болно. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас гаргаагүй байна.

-Цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан мөнгө угаасан, үйлдэлтэй хэрэгт БНХАУ-ын 23 иргэнд холбогдох хэрэгт  Монгол Улсын иргэдийн хэрэг ямар шатанд явна вэ?

Тус хэрэгт Монгол Улсын иргэд яллагдагчаар татагдан шалгагдаж байна.

-Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат болон Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарын хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

Монгол Улсын Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж, Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон үйлдэлтэй хэрэгт нэгдүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан дөрвөн удаа хойшлоод байна. Тухайлбал, өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй гэх шалтгаанаар хоёр удаа, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан шалтгаанаар хоёр удаа хойшилсон.

-Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт нарын хэрэг аль шатанд явна вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын долоон хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт гуравдугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хянагдаж байна.

– “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх үйл явц хууль зөрчсөн гэх маргаан гурван жил дамнан үргэлжилж байна. Энэ хэрэгт нэр холбогдсон Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон нарын хэргийн талаар мэдээлэл өгнө үү?

-"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувьтай холбоотой нийтийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин бизнесийн салбартай холбоотой хүмүүсийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаагдсан нийт зургаан хэргийг сэргээн шалгах болсон тухай мэдээлэл өгсөн юм.

Эдгээр зургаан хэргийн дотор УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх хэрэг багтсан байна.

Posted by News.mn on Tuesday, April 7, 2020

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж