Сөүл-Улаанбаатар чиглэлийн OM301 дугаартай онгоц 20:17 цагт газардлаа. Тус онгоцоор ирсэн 267 иргэнийг найман автобусаар тусгаарлах байр болон эмнэлэгт хүргэх юм.
СӨҮЛЭЭС ИРЭХ ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦ 20:08 ЦАГТ БУЯНТ-УХААД БУУНА
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Солонгосын нисэх буудлаас хөөрлөө. Тусгай үүргийн онгоц 20:08 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байна. Чартер нислэгээр 267 зорчигч ирнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэв.
Сөүлээс эх орондоо ирж буй иргэдийг "Автобус 5" ХХК, "Тээвэр ачлал" ХХК зэрэг компаниудын нийт найман автобусаар эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
СӨҮЛЭЭС ИРЭХ ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦ УЛААНБААТАРТ 17:00 ЦАГТ ГАЗАРДАНА
Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоц өнөө өглөө /2020.04.08/ 08:40 цагт Сөүл рүү хөөрсөн байна. Өнөөдрийн нислэгээр 250 гаруй зорчигч ирэх бөгөөд нисэх онгоц орой 17.00 цагт Улаанбаатарт газардана. Зорчигчдын 30-40 хувь транзит нислэгээр буюу өөр орноос Сөүлд ирсэн иргэд гэдгийг Гадаад харилцааны яам мэдээлэв.
Коронавирусийн халдвартай холбоотойгоор тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосноос хойш Монгол улс тусгай үүргийн нислэгээр 1000 гаруй иргэнээ гадаад орноос авчраад байгаа юм. Өнөөдрийн байдлаар 45 улс, бүс нутгаас нийт 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ холбогдох ЭСЯ, Консулын газарт гаргажээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ