"Шүдний эмчилгээг 60 мянгад багтааж хийх боломжгүй"

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

"Шүдний эмчилгээг 60 мянгад багтааж хийх боломжгүй"

"Шүдний эмчилгээг 60 мянгад багтааж хийх боломжгүй"

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Гэтэл Монголд шүдний өвчлөл газар авсан.  Монгол хүүхдүүдийн чихрийн хэрэглээ хэт их, шүдээ буруу угаадаг зэрэг нь шүд цоорох гол хүчин зүйлс болж байна. Өнөөдөр шүд нь хорхойтоогүй монгол хүүхэд тун цөөхөн.

Улсын хэмжээнд 18 хүртэлх насныхны 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй, 5-6 настай багачуудын 94 хувийнх нь шүд хорхойтой гэсэн судалгааг АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийнхан гаргасан. Эндээс харахад эрүүл биеийн үндэс болсон шүд, амны  хөндийн өвчлөл өсвөр насныхны гол асуудал болжээ. Шүд, амны хөндийн өвчлөл олон өвчний суурь шалтгаан болж байдаг.

Хэрэв урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч, хүүхдийнхээ сүүн шүднээс эхлэн арчилж чадвал Монгол Улс 5-10 жилийн дараа шүдний цоорлоос сална гэж япон эмч нар ч зөвлөсөн байна.

Тиймээс төрөөс “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг жил өнгөрчээ. Таван жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ, ЭМДЕГ-ынхан 2-12 насны 725.000 хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлнэ хэмээн олон нийтэд мэдээлж буй. Тодруулбал, “Тухайн хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэг, цоорлын эсрэг түрхлэг түрхүүлсэн ч эмчилгээний зардалд 60.000 төгрөгийг үйлчлүүлсэн эмнэлэг рүү нь шилжүүлнэ. Нэгнийх нь эмчилгээний зардлаас илүү гарсан мөнгийг 4-5 шүд нь өвчилсөн бусад хүүхдэд зарцуулна” гэсэн.

Шүдний эмнэлгүүдийн олонх нь өнгөрсөн хугацаанд улсаас нэг хүүхдэд олгож буй 60 мянган төгрөгт тааруулан, олондоо л хоёр шүд эмчилж ирсэн гэх.

Учир нь нэг хүүхдийн эмчилгээний зардалд урьдчилан сэргийлэх үзлэг, шүдний сувгийн эмчилгээ, ломбо тавих, цоорлоос хамгаалах болон зогсоох түрхлэг, шүд авах зэрэг үйлчилгээг багтаах боломжгүйг шүдний эмч нар хэлж байгаа юм. Үүнээс болж эцэг, эхчүүд шүдний эмнэлгүүдийн хооронд маргаан, зөрчил маргаан тасраагүй.

Нийслэлийн есөн дүүргийн гэрээт шүдний эмнэлгүүдээс Баянгол дүүргийг сонгож, зарим эмнэлэгт дээрх хөтөлбөр хэрэгжиж байна уу гэдгийг сурвалжиллаа.

Баянгол дүүрэгт гэрээт 29 эмнэлэг “Эрүүл шүд эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Нандин”, “Энх Инээмсэглэл” шүдний эмнэлгээр орлоо.

Олны хэлдгээр III, IV хорооллын эцэст байрлах “Нандин” шүдний эмнэлэгт өдрийн 15:00 цагийн орчимд хөл хөдөлгөөн байсангүй. Үйлчлүүлж буй хүүхэд ч харагдсангүй. Тус эмнэлэг жилд 200 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж, энэ оны нэгдүгээр сард санхүүжилт нь оржээ. Гэвч эмнэлгийн зүгээс нэг хүүхдийн шүдийг эмчлэхэд 60 мянган төгрөг хангалтгүй, эмчилгээнээс илүү төлбөр гардаг тул шүдний эмнэлэг, эцэг эхчүүдийн хооронд үл ойлголцол өнөөдрийг хүртэл тасраагүй гэх байр суурь илэрхийлж байв.

НЭГ ХҮҮХДЭД 60 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЭМЧИЛГЭЭ ХААНА Ч ХҮРЭЛЦЭХГҮЙ

“Нандин” эмнэлгийн эрхлэгч, эмч Т.НАНДИН: 

-Манай эмнэлгээр үйлчлүүлдэг хүүхдийн тоо харьцангуй бага учраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжилт их хэмжээгээр орж ирдэггүй. Гэрээ байгуулахдаа дунджаар 200 хүүхдийн шүдийг эмчлэх нормтой байдаг. Гэхдээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өгч буй санхүүжилт хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд хангалтгүй. Өнөөдөр хүүхдүүдийн шүдний өвчлөл, цоорол маш их байна.

Бодит амьдрал дээр  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаа шиг эрүүл хүүхэд тийм ч олон биш. Жишээ нь, нэг хүүхдэд үзлэг хийхэд л 2-3 шүдний цоорол маш цөөн. Ихэвчлэн 4-5 шүд цооролттой, сувгийн эмчилгээ шаардлагатай болсон хүүхдүүд олон байдаг. Зарим хүүхэд 7-8 шүд нь цооролттой.

Ялангуяа хоёр настнуудын шүд цоорч, сувгийн эмчилгээнд орох шаардлага үүсч байна. Уг нь хоёр настай хүүхдийн шүдний цоорол харьцангуй бага гэж үздэг.

Шүдний цоорлын шалтгаан чихэрнээс болсон гэдгийг эцэг эхчүүдэд хэлэхэд хүүхдээ л загнахаас биш өөрсдөө хариуцлага хүлээх дургүй байна. Бодит байдал дээр бага насны хүүхэд чихэр өөрөө авч идэхгүй, эцэг эх, асран хамгаалагчид л чихэр авч өгдөг шүү дээ.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг өвдсөн үед л эмнэлэгт хандаж байна. Зарим нь хүүхдийнхээ шүдийг цоорсныг нь ч мэдээгүй байх жишээтэй. Хүүхдийнх нь аманд хамгийн багадаа тав, зургаан шүд цооролттой байхад бид шүдний эмчилгээг 60 мянган төгрөгт багтаах боломжгүй, энэ мөнгө хаана ч хүрэхгүй. Гэсэн ч бид гэрээ байгуулсан учраас аль болох хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх талаас эмчилгээ хийдэг.

Нарийн тооцвол 60 мянган төгрөгөөс илүү эмчилгээ хийдэг. Илүү зардал гарч байна гэдгийг эцэг эхчүүдэд тайлбарладаг ч дийлэнх нь ойлгодоггүй. Дээр нь “Эрүүл шүд эрүүл хүүхэд” хөтөлбөрт нэг удаа хамрагдах ёстой гэдгийг хүндээр хүлээн авдаг.

Олон шүд цооролттой байхад яагаад ганцхан удаа л эмчилгээ хий ёстой юм бэ гэж шүүмжилдэг. Хөтөлбөрт сар бүр хамрагдах ёстой мэтээр ойлгож байна. Эцэг эхчүүд хөтөлбөрийн талаар ямар ч ойлголтгүй ирж, эмнэлэгтэй зөрчил үүсгэж буйг мэдээлэл сурталчилгаа хангалтгүй байна гэж бодож байна. Хэдийгээр ийм дутагдал байгаа ч уг хөтөлбөр олон хүүхэдтэй эцэг эхчүүдэд боломж олгож байгаа. Олон хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ тавих анхаарал сулрах, шүдийг нь тэр бүр үзүүлэх боломж нь хомс. Тиймээс уг хөтөлбөр олон хүүхэдтэй эцэг эхчүүдэд их дэмжлэг болж буй сайн тал ч бий. Хамгийн чухал нь эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ шүдийг өвдсөнийх нь дараа биш  цоорохоос нь өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэй.

Дараа нь “Энх Инээмсэглэл” шүдний эмнэлгээр орлоо. Тус эмнэлэгт хүүхдүүдээс илүүтэй иргэд үйлчлүүлэхээр дугаарласан байв. Эмнэлгийн хувьд насанд хүрсэн болон хүүхдийн эмчилгээний өрөө тусдаа аж. Хүүхдийн эмчилгээний өрөөний ханыг үлгэрийн баатруудаар дүрсэлж, хүүхдийн орчинг бүрдүүлсэн нь магадгүй шүдний эмнэлэг, эмчээс айх айдсыг нь мартуулах, тайвшруулах зэрэг хүүхдийн сэтгэлзүйд эерэгээр нөлөөлөх олон талын ач холбогдолтой бололтой.

Тус эмнэлэгт өдөрт дунджаар гарын арван хуруунд тоологдохоор хүүхдүүд үйлчлүүлдэг тул цаг өгөх шаардлагагүйгээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг байна. Эмнэлгийн зүгээс “Эрүүл шүд Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд нэг хүүхдэд 60 мянган төгрөг хангалттай. Гэвч бодит байдал дээр эмчилгээнд орох шаардлагатай хүүхдүүд үйлчлүүлдэг тул энэ мөнгө хаана ч хүрэлцдэггүй гэдгийг хэлж байв.

     УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ЭМЧИЛГЭЭНД 60 МЯНГАН ТӨГРӨГ ХАНГАЛТТАЙ

“Энх инээмсэглэл” шүдний эмнэлгийн эмч М.ТУНГАЛАГ: 

-Манай улсад шүдний өвчлөл маш их. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн насныханд шүдний цоорол их. Эмнэлэгт хүүхдүүдийн ихэнх нь эмчилгээ хийх боломжгүй, авахуулахаар болсон хойно нь ирдэг. Урьдчилан сэргийлэх түвшинд үзлэг эмчилгээнд орж буй хүүхдүүд цөөхөн. “Эрүүл шүд эрүүл хүүхэд” хөтөлбөрөөр нэг хүүхэд таван жилд нэг удаа 60 мянган төгрөгийн үйлчилгээ авах эрхтэй байдаг шүү дээ. Үүндээ тааруулан нэг удаадаа амны хөндийг нь эрүүлж өгнө гэсэн гэрээний заалттай үзлэг хийж байгаа.

Урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд 60 мянган төгрөг хангалттай. Харин эмчилгээ шаардлагатай бол 60 мянган төгрөг хангалтгүй. Ердөө нэг шүд ломбодох эмчилгээний л мөнгө. Тиймээс энэ мөнгөнд тааруулан эмчилгээ хийлгэнэ гэвэл хаана ч хүрэхгүй, илүү эмчилгээ, төлбөр гардаг.

Гэхдээ бид нэг удаадаа амны хөндийг нь эрүүлж өгч байгаа юм, цаашид эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг арчлах, анхаарал тавих л ёстой. Хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд цаг олдохгүй, ачаалал ихтэй байсан ч одоо эмнэлгээр үйлчлүүлэх хүүхдүүдийн тоо эрс багассан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжилтээ хоцроож өгдөг. Одоогоор хоёр, гуравдугаар сарын санхүүжилт орж ирээгүй. Гэсэн ч бид санхүүжилтгүй гэж хүүхэд эмчлэхээс татгалздаггүй гэлээ.

“Эрүүл шүд эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 106.302 хүүхэд хамрагдсан байна. Хэдийгээр нийслэлийн есөн дүүргийн гэрээт эмнэлгүүд нэг хүүхдэд 60 мянган төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа ч бодит хөнгөлөлт болж чадахгүй, иргэдийн халааснаас мөнгө гарсаар байгаа нь өнөөдрийн бодит дүр зураг. Хувийн эмнэлгүүдэд нэг хүүхдийн шүдийг дунджаар 25-45 мянган төгрөгөөр эмчилж байна. Гэтэл хамгийн багадаа 2-3 цооролттой шүд эмчлүүлэхэд дунджаар 120-200 мянган төгрөг болно гэсэн тооцоо бий. Иймд эцэг эхчүүд ч бас хүүхдэдээ өгч буй хүнсэнд анхаарч, шүдийг нь цоорсны дараа биш өмнө нь хандах, эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшлийнхэн ч бас эмчилгээ үйлчилгээний төлбөрөө эргэн харж үнээ хямдруулж чадвал шүдний өвчлөлгүй болж чадахыг ч үгүйсгэхгүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж