Төрийн тусгай байгууллагуудын тулгамдсан асуудлыг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

Төрийн тусгай байгууллагуудын тулгамдсан асуудлыг хэлэлцлээ

Хууль сахиулахын их сургуулиас санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яамтай хамтран  2015 оны 11 сарын 21-ний өдөр “Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын менежментэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол, практикийн хурлыг Төрийн ордны “Б” танхимд зохион байгууллаа.

Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам түүний харьяа агентлагууд, Хүний эрхийн үндэсний комисс, Авилгатай тэмцэх газар, Монголын хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэл, Хууль сахиулахын их сургууль, Батлан хамгаалын их сургуулийн Удирдлагын Академи, Удирдлагын академи, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль зэрэг төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо. Хуралд 30 гаруй илтгэл ирүүлснээс үндсэн  зургаан илтгэлийг хэлэлцүүлсэн юм.

Энэхүү хурлын үеэр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимийн шүүгч Д.Мөнхтуяа “Эрх зөрчигдсөн маргааныг шүүхээр шийдвэрлэж буй практик” сэдвээр мэдээлэл, МУ-ын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх, хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн танилцуулга хийж онол, практикийн хурлаас гаргасан зөвлөмж, оролцогчдын саналаас шаардлагатай зүйлсийг нь уг хуульд тусгах тухайгаа илэрхийлсэн юм.

Онол, практикийн хурлаар төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагын стратеги, бодлогын түвшинд тулгамдаж буй асуудал, төрийн албан хаагчийн хариуцлагын тогтолцоог сайжруулах, албан тушаалд дэвших, албан тушаалтныг сургах, төрийн албаны чадахуйн зарчим зэрэг сэдвийг хөндөж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Өнөөдөр манай улсад “төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд” гэсэн нэгдсэн ойлголт байхгүй нь үнэн. Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудад хуулиар зохицуулагдаагүй харилцааг албаны журам, заавраар зохицуулдаг. Гэвч шүүх дээр очиход хуулиас давсан дүрэм, журам заавар байж болохгүй гэж үздэг. Төрөөс гаргаж буй актуудад ойлгомжгүй зүйл их байдаг. Тиймээс төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд уламжлалаа харах ёстой. Мөн стандартуудыг эрх зүйн хүчин чадлаар зааглах шаардлагатай. Хуулийн хүчин чадалтай стандартуудыг хэн гаргах, тэр стандартыг хэн батлах, тухайн стандартыг шүүх, хуулийн байгууллага ямар түвшинд авч үзэх вэ гэдэг асуудал тулгарч байна.

Төрийн албанд албан хаагчийг томилон ажиллуулахдаа гэр бүлийн байдал, хувь хүний төлөвшил зэрэг олон асуудлыг судалж үзэх хэрэгтэй. “Хүн судлал” гэж том шинжлэх ухаан байдаг. Гадаадад боловсрол эзэмшсэн хүнийг төрийн албанд ажиллуулах шаардлагатай гэж ярьж байна. Гэхдээ тухайн хүнийг ямар оронд, хэрхэн сурч, ямар боловсрол эзэмшсэн зэргийг судлах шаардлагатай. Эрдэмтэн судлаачид маань цаашид эрдэм шинжилгээний ажилдаа дээрхи асуудлуудыг түлхүү тусгаасай гэж хүсч байна” гэв.

Мөн МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийн эрхлэгч, доктор, профессор Н.Бурмаа “Төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг харгалзахгүйгээр аливаа шаардлагыг ярьж болохгүй. Төрийн албан хаагчийн насны ангиллын асуудлыг эрдэмтэн судлаачид илтгэлдээ тусган ярьж байна. Энэ нь маш чухал асуудал. Төрийн албан хаагчдыг ажилласан жилээр нь ангилахад дөрвөн жил хүртэл ажилласан албан хаагч 62 хувийг эзэлж байгаа. Энэхүү судалгаанаас харахад төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчим алдагдаж байна. Үүнд нөлөөлөх нэг хүчин зүйл нь сонгуулийн байдал юм” гэлээ.

ХСИС-ийн Хууль сахиулахын Удирдлагын академийн профессор, цагдаагийн хурандаа О.Цэцэгмаа “Нийгэмд тулгамдсан асуудлууд нь судалгаа, шинжилгээний үндсэнд гарч ирдэг. Энэ судалгаа, шинжилгээг хийх үүрэг нь их сургуулиудад байдаг. Их сургуулиуд нь харьяа салбар байгууллагуудыг арга зүйгээр хангах үүрэгтэй” гэсэн саналыг хэлж байлаа.

Онол, практикийн хурлын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хууль эрх зүйн бодлогын зөвлөх, доктор (Ph.D) Ч.Өнөрбаяр “Энэхүү хурлыг зохион байгуулах санаачилгыг гаргасан Хууль сахиулахын их сургууль, хурлын үйл ажиллагааг дэмжиж оролцсон Хууль зүйн яамны удирдлагууд болон илтгэл хэлэлцүүлж тодорхой санал дэвшүүлсэн хүмүүст талархал илэрхийлье” гээд хуралд оролцогчдын саналуудыг нэгтгэн зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагууд уруу хүргүүлэх үүргийг ажлын хэсэгт өгсөн юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж