"Covid-19-ийн халдвар авсан 15 өвчтөн 11-65 насныхан"

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

"Covid-19-ийн халдвар авсан 15 өвчтөн 11-65 насныхан"

"Covid-19-ийн халдвар авсан 15 өвчтөн 11-65 насныхан"

Эрүүл мэндийн яамнаас (ЭМЯ) коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн мэдээллийг өчигдөр (2020.04.07) 19.00 цагт өгөв. Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, клиникийн эмч Б.Батсүхээс дараах асуултад хариулт  авсан юм.


Б.Батсүх: Эмнэлзүйн шинж тэмдэг

Ковид-19!!! ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх: Эмнэлзүйн шинж тэмдэг

Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, April 7, 2020

-Халдвар авсан хоёр хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа. Ингэснээр 15 өвчтөний дөрөв нь эдгэрсэн гэсэн үг. Энэ 15 тохиолдлын нас, хүйс, эмнэлзүйн онцлог ямар байв?

-Монгол Улсад батлагдсан 15 тохиолдол нь 11-65 насныхан байгаа юм. Гурван тохиолдол нь 11-16 насны хүүхдүүд, тав нь 30-34 насны залуус. Хүйсийн хувьд 60 хувь нь эмэгтэй, 40 хувь нь эрэгтэй.

Ямар хүнийг эдгэсэн гэж үзээд эмнэлгээс гаргаж байна вэ. Гол шалгуур үзүүлэлтээ дурдана уу?

-Эрүүл мэндийн яаман дээр эмнэлзүйн зөвлөх баг ажиллаж байна. Манайд болон дэлхийн бусад улсад баримталж буй гол шалгуур бол халуун буураад 3-4 хоносон, эмнэлзүйн бүх шинж тэмдгүүд арилсан, цээжний рентген зурагт нэвчдэсүүд багасч, арилсан байх, хоёр удаагийн давтан шинжилгээнд вирус илрэхгүй байвал энэ хүнийг эдгэрсэн гэж үзээд эмнэлгээс гаргаж байгаа. Эмнэлгээс гарсных нь дараа сувилалд 14 хоног хяналтад байлгах юм. 

Батлагдсан тохиолдлуудад эмнэлзүйн ямар шинж тэмдэг илэрсэн бэ?

-Эдгээр 15 хүний гуравт нь шинж тэмдэг бүдэг, балархай байсан бол хоёр тохиолдолд хүндэвтэр шинж тэмдэг явагдсан. Өндөр халуурсан, хатгалгаатай байсан. Арван тохиолдолд өвчний шинж тэмдэг дунд явцтай байлаа. Эдгээр 15 хүнд хамгийн түгээмэл илэрсэн шинж тэмдэг нь толгой өвдөлт 60 хувьд нь илэрсэн. Толгой өвдөлт нь хүчтэй биш, бага зэрэг байсан.

  • Бага зэргийн толгой өвдөх 60 хувь
  • Хамар битүүрэх 53,3 хувь
  • Хуурай ханиах 46,6 хувь
  • Суулгалт 46,6 хувь
  • Халууралт 33,3 хувь
  • Булчингаар өвдөх 33,3 хувь
  • Цэртэй ханиах 20 хувь
  • Цустай цэртэй ханиах 13,3 хувь
  • Бөөлжилт 13,3 хувьд нь тус тус илэрсэн.

Зарим оронд өвөрмөц шинж тэмдэгтэй байна л даа. Тухайлбал, халдвар авснаас хойш 7, 8 дахь хоног дээрээ уушгины хатгалгаа болж байна. Манай өвчтөнүүдэд хэд дэх өдрөөс нь уушгины хатгаа өвчний шинж тэмдэг илэрч байгаа вэ?

-15 тохиолдлын эмнэлзүйн шинж тэмдэг нь ихэвчлэн  аажмаар илэрсэн. Хэт өндөр халуурахгүйгээр толгой өвдөх, халуурах шинжээр явж байгаа 3, 4 дэх хоногоос хатгалгаагаар өвдөх шинжтэй байна. Зургаан хүнд цээжний рентген зураг болон томографын аппаратаар үзэхэд хатгалгаа илэрсэн. Одоо зарим өвчтөний уушгины нэвчдэс багасч байгаа нь томографын зургаас харагдаж байна.

-Вируслогийн шинжилгээ хийхэд аль хэсэгт нь вирус үүсгэгч хамгийн их байна вэ?

-Коронавирусийг батлах гол шинжилгээ бол вируслогийн шинжилгээ юм. Нийт тохиолдлын 93.3 хувь буюу 14 хүнд нь хамар, хоолой залгиурын арчдасын шинжилгээнд үүсгэгч илэрсэн. Мөн 14 хүний цэрэнд үүсгэгч илэрсэн. Харин 86.6 хувь буюу 13 хүний өтгөнөөс авсан шинжилгээнд үүсгэгч илэрсэн. Шинж тэмдэг бүдэг нэг хүний өтгөнөөс үүсгэгч илэрч, хамар залгиур, цэрнээс илрээгүй.

-Манай улсад хүний цэр, хамранд үүсгэгч хамгийн их илэрч байгаа учраас шинж тэмдэггүй үед ч амны хаалт зүүх нь чухал гэдэг дүгнэлтэд хүрээд байна.  Зөв үү?

-Тийм ээ.  Хамгийн чухал нь амны хаалт хэрэглэх хэрэгтэй. Ханиах, найтаах үед халдвар дамжихаас хамгийн сайн хамгаална. Мөн гараа тогтмол ариутгаж, угаах нь маш чухал. Яагаад гэвэл вирус үүсгэгч өтгөнд өндөр хувьтай илэрч байгаа.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж