Эдийн засагт ихээхэн уршиг тарьж буй шинэ төрлийн коронавирусийн тархалт дэлхийн эдийн засагт том хямрал, эрсдэл авчраад байна. Дэлхийн эдийн засаг бүхэлдээ сүйрэлд орж, улс орнууд ч эдийн засгаа хамгаалахын тулд багц хөтөлбөр хэрэгжүүлэх, бодит санхүүжилт үзүүлэх, бизнесээ амьд үлдээхэд ихэд анхаарч буй. Тэд эдийн засаг сэхээнд орвол эрүүл мэндээ ч хамгаалж чадахгүй эрсдэлд орно гэдгийг аль хэдийнэ олж харсан. Хөл хориотой дэлхийн нэг улсын хувьд Монголд ч эдийн засагт "гамшиг" нүүрлээд эхэлжээ. Олон жижиг дунд үйлдвэрийн орлого тасарч, олон хүн цалингүй болов.
Тухайлбал, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас танилцуулсан “Коронавирус ба Монголын эдийн засаг” хэмээх судалгаанд дурдсанаар “Гуравдугаар сарын 23-ны байдлаар нийт 6000 гаруй хүн цомхотголд өртсөн байна.
Одоогоор эрчим хүч, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт ямар нэгэн нөлөөлөл байхгүй. Хамгийн их нөлөөлсөн салбар нь зочид буудал, нийтийн хоол, аялал жуулчлал, банк санхүү, нийтийн хоолны салбар.
Хамгийн сүүлд гэхэд “Говь” ХК борлуулалт муудсаны улмаас нийт ажилчдынхаа 9.5 хувь буюу 250 ажилтнаа цомхотгосон юм. Үүнийгээ дагаад ажилгүйдлийн тэтгэмж хүсэх иргэдийн тоо нэмэгдсэн байна. Тиймээс Нийгмийн даатгалын Ерөнхий газрын (НДЕГ) Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадоржоос нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Ажилгүйдлийн тэтгэмж гэж юу вэ?
-Даатгуулагч ямар нэгэн шалтгаанаар эрхэлж байсан ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөний улмаас тодорхой хугацаагаар орлогогүй болж, амьдралын баталгаа нь алдагдаж, эрсдэлд ордог. Ажилгүйдлийн даатгал нь энэхүү эрсдэлийг бууруулах, ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн даатгуулагчийн дараачийн ажилд орж орлоготой болох хүртэлх тодорхой хугацаанд дээрх сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон олгож буй мөнгөн хөрөнгө юм.
-Өнгөрсөн 2019 оны гуравдугаар сарыг мөн үетэй харьцуулахад даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо хэр нэмэгдсэн талаарх тоон мэдээллийг өгөхгүй юу?
–2019 оны гуравдугаар сард ажилгүйдлийн даатгалын сангаас 5043 даатгуулагч тэтгэмж авч байсан бол энэ оны гуравдугаар сарын байдлаар 5268 даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгоод байна. 2019 оны нэгдүгээр сард 2010 хүнд 3.4 тэрбум төгрөгийн тэтгэмж,
- 2020 оны нэгдүгээр сард 2076 хүнд 4.9 тэрбум төгрөгийн тэтгэмж,
- 2019 оны хоёрдугаар сард 3385 хүнд 6.1 тэрбум төгрөгийн тэтгэмж,
- 2020 оны хоёрдугаар сард 3662 хүнд 8.7 тэрбум төгрөгийн тэтгэмж тус, тус олгосон.
2019 онд ажилгүйдлийн даатгалын сангаас нийтдээ 23 мянган даатгуулагчид 43.5 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон байна.
-Тухайлбал, нэг хүн дунджаар хэдээс хэдэн төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж буцаан авдаг вэ?
-Тухайн даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа их чухал. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажил хөдөлмөр эрхэлдэг даатгуулагч нар төлдөг. Харин сайн дурын даатгал төлдөг хүмүүс ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг төлдөггүй. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллан, цалин хөлс авч, түүнээсээ албан журмаар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нийт даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл нь бүрдэж байгаа юм.
Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 76 хоногоор тооцож олгодог. Хамгийн багаар бодоход нэг сая 200 орчим мянган төгрөг, дээд тал нь 8.7 сая орчим төгрөгийн тэтгэмж нэг даатгуулагчид олгогддог.
Тухайн хүн ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гарахаас өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн байх бөгөөд үүнээс сүүлийн есөн сард нь шимтгэлийг тасралтгүй төлсөн байх ёстой. Дээрх хоёр болзлыг зэрэг хангаж ажилласан даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Өмнө нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаагаар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.
-Нэмж лавлахад, нийгмийн даатгалын санд өртэй байгууллагын ажилчид ажилгүйдлийн тэтгэмж авах уу?
-Монгол Улсын нийгмийн даатгалын тухай хуулийн зургадугаар зүйлд зааснаар “Ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болж нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйгээс тухайн даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж авах эрхээр хохирсон бол тухайн хохирлыг ажил олгогч нь бүрэн хариуцаж төлнө” гэж заасан байдаг. Тухайн байгууллага нийгмийн даатгалын санд шимтгэлээ төлөөгүй урсгал болон урт хугацааны өр үүсгэсэн тохиолдолд ажилтнуудад нь тэтгэвэр тэтгэмж олгогдохгүй. Нэгэнт даатгалын санд мөнгө нь төлөгдөөгүй учраас даатгалын сангаас буцаагаад тухайн даатгуулагчийг даатгагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.
-Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авахын тулд ямар материал бүрдүүлж, хаана хандах вэ?
-Даатгуулагч ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 14 хоногийн дотор харьяа нийгмийн даатгалын хэлтэстээ ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, ажилгүй болсноо Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн тухай тодорхойлолт зэргийг бүрдүүлж тэтгэмж авах хүсэлтээ гаргана. Тэтгэмжийг сард 2 удаа ажлын 76 хоногийн турш олгодог.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ