Олимпийн алтан медаль хүртэж үзээгүй ДОМОГТ ТАМИРЧИД

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

Олимпийн алтан медаль хүртэж үзээгүй ДОМОГТ ТАМИРЧИД

Олимпийн алтан медаль хүртэж үзээгүй  ДОМОГТ ТАМИРЧИД

Тамирчин бүрийн мөрөөдөл олимпийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулж, төрийнхөө дууллыг эгшиглүүлэх байдаг. Зарим тамирчид насаараа хичээгээд олимпийн алтан медаль хүртэж чадаагүй байдаг бол зарим нь анхны оролдлогоороо л түүхэнд нэрээ үлдээдэг. Ард түмэн үеийн үед зөвхөн ялагчийг л санан дуурсдаг. Бид энэ удаад та бүхэндээ олимпийн наадмаас алтан медаль хүртэж чадаагүй агуу тамирчдыг танилцуулья.

  1. Рожер Федерер

Мэргэжлийн талбайн теннисний домгуудын нэг “Швейцарь цаг” Рожер Федерер анх Сидней-2000 олимпийн наадмаас хойш тасралтгүй таван олимпийн наадамд оролцсон боловч хараахан ганцаарчилсан төрөлд алтан медаль авч чадаагүй байна. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпийн наадамд Стан Вавринкатай хослон хосын төрөлд алтан медаль хүртсэн. Гэвч түүнд ганцхан олимпийн наадмын ганцаарчилсан төрлийн алтан медаль л дутуу. 2012 онд Лондонгийн олимпийн наадмын ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтод эзэн орны Энди Маррейтай тааран тоглосон боловч харамсалтайгаар ялагдал хүлээн мөнгөн медалийн эзэн болсон. 2016 оны Риогийн олимпийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж ганц хүслээ гүйцээх гэсэн боловч өвдгөндөө бэртэл аван олимпийг өнжихөөс өөр сонголтгүй үлдсэн.

  1. Кристиано Роналдо

Дэлхийн хөлбөмбөгийн өнөө цагийн хоёр ноён оргилын нэг Кристиано Роналдо 2004 оны Афины олимпийн наадамд 19 насандаа Португалийн шигшээ багтайгаа оролцсон боловч сайн амжилт үзүүлж чадаагүй юм. Олимпийн наадмын эхний тоглолтдоо Иракийн шигшээ багт 4-2 гэсэн харьцаатай хожигдож, дараа нь Марокког хожиход К.Роналдо олимпийн анхны гоолоо оруулж байлаа. Гэвч тэд хэсгийн сүүлийн тоглолтдоо Коста Рикад 4-2 гэсэн харьцаатай хожигдож, хэсгээсээ цааш шалгарч чадаагүй юм. Дараа нь 2016 оны Риогийн олимпод оролцох боломжтой байсан ч Кристиано Роналдо оролцоогүй.

Харин түүний мөнхийн өрсөлдөгч Лионель Месси 2008 оны Бээжингийн олимпийн наадамд Аргентины шигшээ багтайгаа оролцон аваргын алтан медалийн эзэн болсон.

  1. Флойд Мейведер

Мэргэжлийн боксын бүх цагийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор бичигдэх Флойд Мейведер 1996 оны Атлантагийн олимпийн наадмын боксын хагас хөнгөн жингийн ангилалд хүрэл медалийн эзэн болж байжээ. Түүнийг тус олимпийн наадмын шөвгийн наймын тулаанд Кубын Лорензо Арагоны ялахад хүн бүр л алтан медаль авахад асуудалгүй хэмээн харж байлаа. Гэвч хагас шигшээ шатанд төсөөлөөгүй үр дүн гарч, Болгарын Серафин Тодоровт тун адармаатай ялагдаж хүрэл медалийн эзэн болсон аж.

Энэ тухай Флойдын хамтрагч Рахим ярихдаа “Тэр их уйлж, их шаналсан. Тэр надад “Энэ бүхнийг март, би гарлаа, би гэртээ харилаа” гэж хэлсэн. Тэд Флойдыг дээрэмдсэн. Хүн бүхэн л түүнийг ялсныг мэдэж байсан. Шүүгч ч хүртэл анзаараад Флойдыг ялсан гэж зарласан” хэмээжээ. Мөн энэхүү тулааны тухай АНУ-ын боксын техникийн зохицуулагч Митчелл ярихдаа “Миний харж байсан олимпийн наадмын хамгийн том маргаан энэ тулаан байсан. Түүнийг Арагоныг ялахад л миний тархинд энэ хүү ч алтан медаль авах юм байна даа гэх бодол орж ирсэн” хэмээжээ. Энэхүү олимпоос хоёр сарын дараа Флойд Мейведер мэргэжлийн бокст хүч үзэхээ мэдэгдэж, тэр цаг үеэс 50-0 гэсэн амжилттай явж байна.

  1. Майк Тайсон

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга, хамгийн залуудаа энэхүү алдрыг хүртсэн эрхэм болох Майк Тайсон 1981 болон 1982 онуудын залуучуудын олимпийн наадмаас дараалан алтан медаль хүртээд байлаа. Олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээнд Хенри Тиллмантай хоёр удаа тулалдсан боловч хоёуланд нь шүүгчийн шийдвэрээр ялагдаж, 1984 оны Лос Анжелесын олимпийн наадамд оролцож чадаагүй юм. Х.Тиллман цааш шалгаран 1984 оны Лос Анжелесын олимпийн наадмын хүнд жингийн төрөлд алтан медаль хүртсэн. Олимпод оролцож чадаагүй Майк Тайсон 1985 онд 18 насандаа мэргэжлийн боксод хөл тавин, нийт 58 тулаан хийж, 50 ялалт байгуулжээ.

Майк Тайсон “Олимпийн наадамд оролцдог зарим сонирхогчийн боксын тамирчид мэргэжлийн боксчын тамирчдыг ядах юмгүй ялна. 80-аад оны дунд үеийн олимпийн гурван удаагийн аварга Кубын Теофило Стевенсон тэргүүтэй зарим Куба, Орос боксчид мэргэжлийн боксын аваргуудыг ялж чадахаар байсан” хэмээжээ.

  1. Лэнс Армстронг

Мэргэжлийн дугуйн уралдааны домгуудын нэг Америк уралдаанч Лэнс Армстронг Сидней-2000 олимпийн наадамд 29 насандаа оролцож хүрэл медалийн эзэн болжээ. Дугуйн спортын түүхэн дэх хамгийн том допингийн асуудалд оролцсон түүний 1998 оноос хойш хүртсэн бүхий л амжилтуудыг хураан авсны дотор олимпийн хүрэл медаль нь байсан юм. Гэвч Лэнс Арстронг 13 жилийн дараа буюу 2013 онд олимпийн хүрэл медалиа эргүүлэн авчээ. Сайн өмгөөлөгч, хуульчдын хүчинд 1999-2001 онуудад гаргасан түүний амжилтыг хэвээр үлдээсэн юм.

  1. Мариа Шарапова

Мэргэжлийн талбайн теннисний цагийг эзэлсэн бүсгүйчүүдийн нэг Мариа Шарапова 2012 оны Лондонгийн олимпийн наадамд 25 насандаа анх удаа Орос улсаа төлөөлөн оролцсон. Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан Мариа шөвгийн наймын шатанд цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан Ким Клистерсийг, дараа нь хагас шигшээ шатанд нутаг нэгт Мариа Кириленко нарыг дараалан хожиж, шигшээ шатанд шалгарсан. Шигшээ тоглолтод АНУ-ын Серена Уильямс тааран, тун хангалтгүй тоглолт үзүүлж 6-0, 6-1 гэсэн харьцаатайгаар ялагдаж, мөнгөн медалийн эзэн болсон. Энэхүү олимпийн наадамд үзүүлсэн амжилтынхаа ачаар Мариа Шарапова дэлхийн чансаанд байр ахиж, Польшийн Агнешка Радваньскагаас дэлхийн чансааны номер хоёр гэх нэр хүндийг нь булаан авсан. Өдгөө 32 настай Мариа Шарапова 2020 оны эхээр их спортоосоо зодог тайлж буйгаа зарласан юм.

  1. Дэвид Бекхэм

Дэлхийд нэрээ цуурайтуулсан Английн домогт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм 2012 онд эх орондоо зохион байгуулагдаж байсан Лондонгийн олимпийн наадамд оролцох хүсэлтэй байсан боловч түүнийг сонгоогүй юм. Өдгөө 44 настай тэрбээр 37 насандаа Их Британийн хөлбөмбөгийн олимпийн шигшээ багийн урьдчилсан 35 тоглогчийн тоонд багтсан байсан боловч үндсэн 23 тоглогчийн тоонд багтаж чадаагүй билээ. Тэрбээр энэхүү шийдвэрийг сонсоод тухайн үедээ “Үнэндээ сэтгэл гонсгор байна. Гэвч энэ багийг надаас илүү дэмжих хүн байхгүй. Би энэ гайхалтай багийн нэг хэсэг байснаараа бахархаж байна. Би тэднийг алтан медаль авна гэдэгт бусдын адил итгэж байна” хэмээн хэлж байжээ.

Олимпийн наадмын хөлбөмбөгийн төрөлд нэг багт 23-аас дээш насны гуравхан тоглогч байх дүрэмтэй бөгөөд тухайн үед Их Британийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Стюарт Пеарсе нь Райан Гиггс, Грэйг Беллами, Майка Ричардс нарыг сонгож байжээ. Олон хүн тухайн үед Дэвид Бекхэмийг Майка Ричардсын оронд сонгогдох эрхтэй гэж байсан боловч дасгалжуулагч Стюарт Пеарсе өөр бодолтой байжээ.

Их Британийн хөлбөмбөгийн шигшээ баг 2012 оны Лондонгийн олимпийн наадмын шөвгийн наймын шатанд Өмнөд Солонгосын багт торгуулийн цохилтоор хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж