УИХ-ын гишүүн Б.Батзориг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн өгөв. 2016-2020 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд гишүүнээсээ түдгэлзсэн гурав дахь хүн нь өргөдлөө өгсөн нь Б.Батзориг. УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон, холбогдоогүй нь тодорхойгүй дуулиан тарьсаар эцэст нь намын удирдлагуудынх нь зүгээс гишүүнээсээ түдгэлзэх хүсэлт өгсөн юм. Харин түүний дараа буюу 2020 оны намрын чуулган завсарлахтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мөн л гэмт хэрэгт холбогдсон, холбогдоогүй гэх дуулиантай байсаар намаасаа хөөгдөж, гишүүнээсээ түдгэлзсэн.
Харин УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хувьд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, аж ахуйн нэгжүүдэд ЖДҮХС-аас зээл олгож давуу эрх олгосон хэмээн буруутгаж, Эрүүгийн хэрэг үүсгэгдээд буй. Хэргийн шүүх хурал өнгөрсөн Даваа гаригт товлогдсон ч Б.Батзоригийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хурал хойшилсон. Үндсэн энэ хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж, прокурорт хянагдах гээд багагүй хугацаа өнгөрсөн. Харин Б.Батзоригийн хувьд хэрэг шүүх рүү шилжих хүртэл 2020 оны сонгуульд өрсөлдөнө, өөрийгөө гэм буруугүй хэмээн мэлзэж байв.
Түүнд өнгөрсөн хугацаанд гишүүнээсээ түдгэлзээд шалгуулчих эр зориг гаргах хангалттай хугацаа байсан ч тэр өөрийгөө буруугүй гэдгийг хэлсээр, ярьсаар, зөвтгөсөөр ирсэн. Эрх баригчдын хувьд ч ЖДҮ гэх том хэрэгтээ буруутан олох шаардлагатай байсан учраас ийнхүү “хариуцлагаа хүлээнэ” гэх үгээр Б.Батзоригоор туг тахиж байгаа гэсэн үг. Б.Батзориг өргөдлөө өгсөн нь улстөрчийн хувьд эр зориг гаргаж байгаа мэт боловч "МАН хариуцлага тооцдог" гэх том нэр хүнд үлдээгээд явж байна.
Б.БАТЗОРИГИЙН АРААС ДӨРВӨН ГИШҮҮН ЯВНА
МАН-ын хариуцлага тооцдог гэх сонгуулийн өмнөх шоу цааш үргэлжилнэ. ЖДҮХС-аас зээл авсан, хуулийн байгууллагаар шалгуулж, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын газраас дахин оруулж ирэхээр болсон талаар эх сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл, УИХ өмнө нь тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан учраас прокуророос дахин оруулж ирж, УИХ ч түүнийг нь хүлээж авахаар тохиролцсон гэх. Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын хувьд мөн л ЖДҮХС-аас бага хүүтэй зээл авч, түүнийг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан өндөр хүүтэйгээр зээл олгосон гэх асуудалд буруутгагдаж буй.
Хуулийн байгууллага өмнө нь тэднийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг удахгүй, сонгууль дөхсөн энэ цаг үед дахин оруулж ирж байгаа нь ч учиртай. Дөрвөн жилийнх нь бүрэн эрх ердөө нэг сар гаруйн хугацааны дараа дуусгавар болж буй, дахин сонгуульд өрсөлдөхгүй учир сонгуулийн өмнө хариуцлага тооцдог нам болж харагдах улс төрийн тавцан дээрх өрөг нь. Өмнө нь явуулахгүй гэж авч үлдсэн, харин энэ удаад тэднийг явуулж, хариуцлага тооцуулна. Бид хариуцлага хүлээлгэдэг, хүлээдэг нам хэмээн сонгуулийн өмнө МАН-ынхан тэр чигээрээ ярина, хэлнэ. Ийм л улс төрийн нүүдэл, өрөг гэж харагдаж байна. Хэрэв үгүй бол тэд анхнаасаа бүлэглэн зээл авахгүй, олгохгүй, олгосон ч тэр даруйд нь хариуцлагаа тооцоод явах байлаа.
Ш.ЧИМЭГ