Ардчилсан нам нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг хураан авсан гэх мэдээллийг өчигдөр МАН-ын гишүүн Х.Ганхуяг өгсөн юм. Тэр дунд УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч бас багтсан байв. Гэвч Ардчилсан нам болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар энэ нь худал мэдээлэл болохыг тодотгосон юм. Бид энэ удаагийн VS буландаа Х.Ганхуяг, О.Баасанхүү нарын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.
О.Баасанхүү:
УИХ-ын гишүүн
-Би ипотекийн зээлийг бууруулах, тэглэх асуудлаар сонгуульд оролцох улс төрийн намуудад мөрийн хөтөлбөртөө тусгасан талаар санал тавьж байгаа. Хэрвээ миний энэ саналыг дэмжвэл би тухайн намаас нэр дэвшихээ хэлсэн. Гэтэл намайг АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөг өгсөн гэж Х.Ганхуяг бичсэн байна. Би энэ хүнийг танихгүй. Ямар зорилгоор миний нэрийг оруулсан юм бүү мэд. Өөрөө бол МАН-ын гишүүн гэдгээ хэлсэн байна. Сонгуулийн жил хүн гүтгэвэл нэр дэвших хориотой. Улсын ерөнхий прокурор нь "бүрэн зураглал" нэвтрүүлэгт орж, МАН-ынханд үйлчилж байна. Би гомдлоо өгнө. Энэ гомдлыг хуулийн хугацаанд түргэн шийдэх байх гэж бодож байна. Хүнийг гүтгэнэ гэдэг гүтгэлэг. Надад 100 сая төгрөг байхгүй учир юугаараа өгөх вэ? Хэрвээ мөнгөтэй бол намын итгэл үнэмшил, дотоод асуудлаар өгнө. Хамгийн гол нь тэр мөнгө нь хулгайн мөнгө биш байгаасай. Намаасаа ч гараагүй байгаа хүн өөр намд мөнгө өгнө гэж байхгүй. Би УИХ-ын гишүүн болохын тулд улс төр хийгээд байгаа юм биш. Би шинэ манантай яаж тэмцэх талаар мөрийн хөтөлбөр олж, улс төрийн сонголтоо хийнэ. МАХН 5 сая төгрөгөө болиод, хүн бүрт үнэгүй орон сууц гэсэн хийрхлээ больчихвол дэмжээд орно.
Х.Ганхуяг:
МАН-ын гишүүн
-Өнгөрсөн долоо хоногт надад бор дугтуйтай захидал, нэрсийн жагсаалтын хамт ирсэн. Уг захидлыг АН-ын гишүүд над руу явуулсан гэж би бодож байгаа. Мөн уг АН-ын гишүүд хэмээн бичсэн байсны зэрэгцээ захидалд 181 хүний нэрсийн жагсаалт байсан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нэр дэвшигчдээсээ нэхэж буй 100 сая төгрөг нь МАН-ын 60 тэрбум төгрөгийн схемээс ч илүү хор хөнөөлтэй, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого мөн. Өнөөдөр АН-аас нэр дэвшихийн тулд 100 сая төгрөгөө төлсөн 200 гаруй хүн байна. АН-ын дарга С.Эрдэнийн үед жирийн гишүүд нь байнгын дарамтад байх болсон. Ална, тална, шулна гэсэн заналхийллийг байнга хийж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах болсон. Тиймээс АН толгойноосоо эхлэн өөрчлөгдөх цаг болсныг АН-ын жирийн гишүүдээс шаардаж байна гэсэн. Би бодохдоо, АН нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг нэхэж байгаа нь Үндсэн хууль, Сонгуулийн хууль болон бусад хуулийг маш ноцтой зөрчсөн үйлдэл мөн. АН-д нэр дэвшихийн тулд 100 сая төгрөгийн дэнчин төлсөн иргэдийн нэрсийг ил болгоно уу. Хоёрдугаарт, тухайн мөнгийг хүлээн авсан дансны жагсаалтаа ил болгоно уу. С.Эрдэнэ даргын нэр дэвшигчдээсээ татаж байгаа 100 сая төгрөг нь МАН-ын 60 тэрбумаас огт дутахгүй төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого мөн.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ