ОХУ-ын Засгийн газар хямд үнэтэй бензиний импортыг хориглоно хэмээн санхүүгийн мэдээллийн РБК сонин мэдээллээ. Тус сонины энэхүү мэдээллийн эх сурвалж нь Засгийн газрын өндөр албан тушаалтан, мөн нефтийн зах зээлийн оролцогч аж.
Энэ санал Эрчим хүчний яамнаас гарсан гэдгийг сонин дурдсан байна. Нефтийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад аль хэдийнэ энэ тухай мэдэгдсэн бөгөөд удахгүй Засгийн газар шийдвэрээ хууль ёсны болгоно гэжээ. Хоригийг дөрөвдүгээр сараас ирэх есдүгээр сар хүртэл үйлчлэхээр тооцож байгаа аж.
Нефть олборлогчдын ОПЕК+ бүлэг гуравдугаар сарын 6-ны өдөр хуралдсан ч олборлолтын хэмжээг хязгаарлах тохиролцоогоо сунгаж чадаагүй. Тиймээс олборлолтоо хязгаарлах өмнөх тохиролцоо дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс цуцлагдаж, томоохон олборлогчид хязгаарт баригдах шаардлагагүй болсноор нийлүүлэлтийн зах зээлд илүүдэл бий болж, коронавирусийн цар тахалтай давхцан нефтийн үнэ унаад байна.
Ингэснээр Европод нефть бүтээгдэхүүн хямдарсныг "Коммерсантъ" сонин өмнө нь мэдээлсэн. Харин Орост бензиний үнэ Европод байгаа үнээс нэг тонн нь 6-8 мянган рублиэр өндөр байгаа юм.
Холбоотой мэдээ