Залуу хүмүүсийн дунд коронавирусийн халдвар өндөр байгааг ОХУ-ын ЭМЯ анхаарууллаа. Энэ нь залуучууд халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөхгүй, олноор цугларч, салхинд гарах явдал их байгаатай холбоотой гэж ЭМЯ-ны Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Елена Малинникова хэллээ.
Ийм үзэгдэл зөвхөн Москва төдийгүй Оросын бусад бус нутагт ч түгээмэл ажиглагдаж байгаа ажээ. “Ялангуяа өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаар дулаахан, тогтуун байсан учраас хүмүүс бөөнөөрөө салхинд гарсны гор гарч байна” гэж Елена Малинникова хэллээ. Гэхдээ сүүлийн өдрүүдэд Орост илэрсэн шинэ халдварын тохиолдлууд харьцангуй хөнгөн хэлбэртэй байгаа ажээ.
2020 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Орост 954 шинэ тохиолдол 49 бүс нутгаас бүртгэгдсэн байна. Эдний 30 нь бага насны хүүхэд ажээ. Хамгийн олон тохиолдол Москва хотод (591 тохиолдол) бүртгэгдсэн байна. Москва хотын шинэ халдварын 85 хувь нь 65-аас доош насныхан аж. Үүнээс гадна Москва муж (82), Санкт-Петербург (35), Коми (31), Татарстан (16), Краснодарийн хязгаарт халдвар бүртгэгдлээ.
Нийт дүнгээр авч үзвэл Орост 6343 батлагдсан тохиолдол 80 бүс нутгаас бүртгэгдэж, 406 нь эдгэрч, 47 хүн нас баржээ.
Холбоотой мэдээ