Фото: "РИА Новости»
Шипулин дахиад ялжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын болон гадаадын биатлончид албан бус тэмцээнийхээ улирлыг нээв. Өрсөлдөгч нар Бейтостоленд уралдаж тэнд ах Бё нь өндөр хурдыг үзүүллээ. Харин хоёр дараалсан ялалтыг Симон Шемпп үзүүлэв. Энэ герман залуугийн хувьд 11 дүгээр сард амжилт үзүүлэх нь ховорхон байдаг юм. Түүний ялалтууд Дэлхийн цомд найдлага байгаа харуулж байна. Оросын Антон Шипулин хяналтын дасгалын уралдаанд цэвэр буудлагатайгаар тэргүүлжээ.
Хэдийгээр эдгээр тэмцээнүүд сонгон шалгаруулалтын статусгүй ч тамирчид тоглолтын улиралдаа ямар бэлтгэлтэйг харуулав. Оросын эмэгтэйчүүдээс Ольга Подчуфарова тодорч байна. Тэрээр буудахдаа хоёр удаа алдсан ч бусдыгаа ардаа хол орхижээ. Биатлоны дэлхийн цомын эхний шатны уралдаан 11 дүгээр сарын 29-нд эхэлнэ.
Кулижниковын шинэ ялалт
Павел Кулижников далайн чанадын тэшүүрийн зам дээр ер бусын амжилтуудыг үзүүлсээр байна. Калгарид 500 метрийн зайг 34,00 секундэд туулсан бол Солт-Лэйк-Ситид тэрээр энэ зайг 33,98 секундэд туулсан дэлхийн анхны тамирчин цолтой боллоо. 1500 метрийн зайд Денис Юсков муугүй гүйж, хоёрдугаарт орсон ч тэшүүрийн арын хамгаалалтыг зүүхээ мартсан гээд уг уралдаанаас хасагдлаа. Харин Кулижников 1 000 метрт тэргүүлэн дубль хийжээ.
Фото: "РИА Новости"
Павел Кулижников
Устюгов, Легков хоёр тодруун байна
Улирлын өмнөх гараанууд Оросын цаначдын хувьд сайн байна. Шведийн Еливарт болсон сонгомол спринтээр Сергей Устюгов өрсөлдөгчгүй байв. Норвегийн гол тамирчид ирээгүй энэ тэмцээнд тэрээр тэргүүллээ. Дараа нь тэшүүрийн алхамтай чөлөөт гулгалтаар бас л нэгдүгээрт шалгарчээ. Александр Легков Финляндад FIS-уралдаанд яллаа. Тэрээр олимпийн гурван удаагийн аварга Дарио Колоньяг 10 км-ийн уралдаан дээр ардаа орхижээ. Түүний хамт шагналын тавцанд Сергей Турышев, Максим Вылегжанин хоёр зогссон юм. Юлия Тихонова мөн л ийм зайд эмэгтэйчүүдээс тодорчээ.
Ефимова Лос-Анжелест гялалзлаа
Оросын шилдэг усанд сэлэгч Юлия Ефимова богино зайн усан сэлэлтээр өвлийн улирлыг амжилттай эхлүүлж байна. Лос-Анжелест болсон тэмцээний 50, 100, 200 метрийн гурван зайд Ефимова брасс стилиэр тэргүүлжээ. Тэрээр ирэх сард Вашингтонд болох АНУ-ын аваргын нээлттэй тэмцээн мөн АНУ-Европ гэсэн Индианаполисийн уралдаанд оролцох юм.
Фото: "РИА Новости"
Юлия Ефимова
Самбо бөхийн холбооны ерөнхийлөгчийг дээрэмдэв
Оросын Самбо бөхийн холбооны тэргүүн, Олон улсын самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Сергей Елисеевыг Москва орчимд байдаг гэрт нь дээрэмджээ. Гар буугаар зэвсэглэсэн таван этгээд түүний гэрт нэвтрэн Елисеевыг гэр бүлийнх нь хамт зодоод 450 мянган ам.доллар, 30 мянган евро, таван сая рублийг нь дээрэмдсэн байна.
Британийн регбийн эмэгтэйчүүд нүцэглэв
Либерпулийн их сургуулийн регбийн эмэгтэйчүүдийн багийнхан календарийн зурагт топ-лес хийлээ. Хөхний хорт хавдартай тэмцэх Coppafeel сангаас уг арга хэмжээг зохион байгуулжээ. Хуанлийг 10 фунтаар зараад мөнгийг буяны ажилд зориулах юм байна. Эдгээр тамирчин бүсгүйчүүд ийм аргаар 2014 онд 2000 фунтыг цуглуулж чадсан юм. Гэхдээ уг мөнгөө тэд багийнхаа хэрэглээнд зарцуулжээ.
Рио хоттой танилцсан нь
Усан спортын слаломын сэлүүрт завийн баг олимпийн нийслэл Рио-де-Жанейро хоттой танилцлаа. Багийнхан гэгээн цагаан өдрөөр дээрэмдүүлэх шахсан тухай багийн лидер Марта Харитонова мэдээлжээ. Мотоцикл, машинтай залуус замыг нь хаан зогссоны дараа хоёр дээрэмчин гар буугаар занал хийн гар утас, гоёл зүүлт, мөнгийг нь дээрэмдсэн аж. Дасгалжуулагч Жан-Ива Шетаны зөвлөснөөр бүсгүйчүүд чимээгүй доош хэвтэн хөдөлгөөнгүй байж, дээрэмчдийн өөдөөс эсэргүүцэл үзүүлж чадаагүй байна.
Виктор Ан охинтой болохоор хүлээж байна
Шорт-трекийн олимпийн зургаан удаагийн аварга Виктор Ан түүний эхнэр У На-Ри хоёр охинтой болохыг хүлээж байна. Хосууд 12 дугаар сард охинтой болно гэж Оросын Спортын сайд Виталий Муткотай уулзахдаа хэлсэн байна. “Охин гэдэг нь сайн байна. Шорт –трект манай эрчүүд сайн байдаг. Харин охидуудын хувьд тааруухан байгаа” хэмээн сайд хэллээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР