"Арилжааны банкуудын ноёрхолд цэг тавих цаг нь болсон"

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

Live"Арилжааны банкуудын ноёрхолд цэг тавих цаг нь болсон"

Цахим чуулганы хуралдаан эхэллээ https://news.mn/r/2284216/

Posted by News.mn on Tuesday, April 7, 2020

18 : 43
2020-4-7

Цахим чуулганыг өндөрлүүллээ

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Дараа нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байсан боловч төслийг эргэж харах шаардлага үүссэн тул түр хойшлуулсан юм. Үүгээр цахим чуулганы хуралдааныг хаалаа

17 : 02
2020-4-7

Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банк Сангийн яаманд шилжиж ирээгүй

Хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Төсөлтэй холбогдуулан хууль санаачлагчаас асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Экспортын орлогыг анхаарах нь хамгийн чухал. Ноолуурт зарцуулах 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хаанаас гаргах юм бэ. 100 мянган төгрөгөөр ноолуур авна гэсэн амлалтаа малчдад хэзээ өгөх юм бэ. Малчдын дунд хүлээлт боллоо. Үүнийгээ өгч чадах юм уу, үгүй юу. Мөн тариалан эрхлэлтэд 150 мянган тариаланчдыг дэмжинэ гэсэн, хаанаас санхүүг нь авах юм. Миний ойлгосноор Төсвийн тухай хууль, Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулж Хөгжлийн банкыг Сангийн яамны мэдэлд шилжүүлсэн гэж ойлгосон. Хөгжлийн банк зээл гаргавал хууль зөрчсөн асуудал болно. Мөчлөг сөрсөн бодлого явуулна гэж Сангийн сайдын хэлсэнтэй санал нэг байна. Гэхдээ өнөөдөр үүнийгээ хийхийн тулд хууль зөрчиж болохгүй. Та нарын бидний загнаад байдаг арга мөн биз дээ.  АН-ын багц саналд Засгийн газар яаралтай саналаа өгнө үү.Бид зарчмын шинжтэй саналуудаа хуульд тусгуулна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Хөгжлийн банк Сангийн яаманд шилжиж ирээгүй. Ноолуурт зарцуулах 300 тэрбум төгрөгийг ЗГ-ын зүгээс шийдэж өгсөн. 300 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас санхүүжнэ. Хөгжлийн банкны эх үүсвэрүүд арилжааны банкуудад сул чөлөөтэй байгаа. Энэ нь эдийн засгийн эргэлтэд орох ёстой. Эдийн засагт авч буй долоон арга хэмжээг бид боловсруулахдаа бусад улс орнуудтай харьцуулж гаргасан.Хүүхдийн 30 мянга хүүхэд бүрт очно. НДШ-ийн чөлөөлөлт 640 мянган ажилтантай ААН-үүдэд шууд нөлөөлнө. Мөн хувираа хөдөлмөр эрхэлдэг, сайн дураараа даатгуулдаг 186 мянган хүний НДШ-ийг тэглэнэ. Энэ бол маш чухал.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

Энэ жилийн ноолуур бэлтгэлд зориулж Хөгжлийн банкнаас бодлогын зээл олгож үндэсний үйлдвэрүүдээ чанартай түүхий эдээр хангах, малчдын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авна. Хөгжлийн банк, ХХААХҮЯ, Сангийн яам гурав бодлогын баримт бичиг байгуулсан. Арилжааны банкууд үйлдвэрүүдтэй гэрээ байгуулах ажил хийгдэж байна. Гэрээнүүд байгуулагдсанаар ноолуур бэлтгэлийн зээлийг олгоно. Энэ зээлийг банкны шаардлага хангасан, бэлтгэн нийлүүлэгч ААН-үүдийн дансанд шилжүүлнэ. Энэ данснаас малчдаас худалдаж авсан ноолуурт дамжуулан шилжүүлнэ. Энэ жилийн хаврын тариалалтыг өргөтгөн зохион байгуулах, ажлын байрыг хадгалах, хүн амын хүнсний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хаврын тариалалтыг бодлогын зээлээр дэмжих асуудлыг Засгийн газраар оруулна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

Эдийн засгийн хүндрэлээс гарах Засгийн газрын тогтоолыг дэмжиж байна. Бид ажил олгогчид, аж ахуйн нэгжээ бүгдийг хамруулах үүрэгтэй. Тийм учраас энэ арга хэмжээ нь зөв зүйтэй юм. Худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа иргэдээд дэмжсэн бодлого хэрэгтэй. НДШ төлж байгаа аж ахуйн нэгжийн ажилтнуудад 200 мянган төгрөг олгоно гэж байгаа. Ингэхдээ ажил олгогчдодоо олгох уу, иргэндээ олгох уу гэдгийг шийдэх хэрэгтэй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Төрийн шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, гэхдээ ажлын байраа хадгалж байгаа хүмүүст 200 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ хамрах хүрээг нь мэдэхгүй байна. Төрийн шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон байгууллагууд хамаарна. Мөнгийг хувь хүнд нь олгоно.

УИХ-ын гишүүн Д.Мурат:

Казахстан улсад амьдардаг оюутнуудыг татаж авах боломж бий юу?

Шадар сайд Ө.Энхтүвшин:

Дэлхийн 45 улсаас 6300 иргэн эх орондоо эргэх ирэх хүсэлтээ илгээсэн. Тэдний 800 нь оюутан, санхүүгийн байдал хүндэрсэн гэх шалтгаантай 4000 орчим иргэн бий. Үлдсэн нь өндөр настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд байна. Гэвч бидэнд иргэдээ авчрах боломж хомс байна. Маргааш Сөүл рүү дахин чартер нислэг ниснэ. Байнгын нислэг хийх орнууд руу яаж нислэг хийх вэ гэж судалж байгаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

ААН, иргэдэд банкны зээлийн хүү дарамт болж байна.Өнөөдөр орлогогүй болсон иргэд татвар төлөх нь байтугай зээлийнхээ хүүг төлж чадахгүйд хүрч байна. Тиймээс зээлийн хүүг нь бууруулаад өгвөл иргэд, ААН-үүдэд очих дарамт нь багасна. Зээлийн жилийн хүүг 15 хувь гэж үзвэл таван хувийг буюу  2 их наяд төгрөгийн зээлийн хүүг чөлөөлөхөд 100  тэрбум төгрөгийн ачаалал улсын төсөв болон Монголбанкинд очно. Хамгийн их дарамт болж буй зээлийн хүүг таван хувиар бууруулж чөлөөлөх боломж Монголбанкинд байна уу. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

НДШ, ХАОАТ-аас чөлөөлөх нь хангалтгүй , өөр нэмэлт арга хэмжээг авмаар байна гэдэг зүйлийг ярьж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлэх багц арга хэмжээ нь 5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ. Эдийн засгийнхаа бүх салбарыг харсан, хүн бүхэнд хүрэхийг хичээсэн бодитой дэмжлэг болгох ийм л аргыг бид боловсруулан УИХ-д өргөн барьсан. Энэ бүхнийг хийхдээ бусад улс орны туршлагуудаас судалж үзсэн. Эдийн засгийнхаа суурийг ганхуулахгүйгээр бид зохих арга хэмжээг авах ёстой. Хэрэв олон жилийн турш бий болгосон эдийн засгийн үнэ цэнэтэй зүйлсээ нураачихвал бид эргүүлээд эдийн засгаа босгоход нэлээд хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулна. Тиймээс бид үндсэн суурь зарчмыг хөндөхгүйгээр арга хэмжээнүүдийг авч байна. Боловсролын байгууллагад хэмжигдсэн мөнгөөр хүүхдийн мөнгийг 10 мянгаар нэмэгдүүлэх, НДШ-ээс  зургаан сарын хугацаанд нийтдээ 640 мянган  хүнийг чөлөөлөхөд 800  тэрбум төгрөг зарцуулна. Мөн сайн дураараа даатгуулагчдын НДШ-ийг чөлөөлөхөд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулна гэх мэтээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ААН-үүдэд  бодитой хөнгөлөлт, дэмжлэг  үзүүлэхийг хичээж байгаа. Энэ хүрээндээ асуудалд хандъя.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Монголбанк өнөөдөр дорвитой арга хэмжээнүүдийг авмаар байна. Бодлогын хүүгээ нэг хувиар буулгасан нь авдаг л арга хэмжээний нэг. Болгоомжилсон, өөрсдийгөө хамгаалсан байдлаар Монголбанк асуудалд хандаж байна. Бодлогын хүүгээ нэг оронтой тоо руу буюу 7-8 хувь руу болгож  болно шүү дээ. Улмаар энэ нь арилжааны банкууд зээлийн хүүгээ дорвитой буруулахад нөлөө болно. Авсан арга хэмжээнүүд нь бодит ажил хэрэг болж хэрэгжих нь чухал байна. Зээлийн хүүг бууруулах чиглэлд УИХ-аас үүрэг өгч боломжтой бол холбогдох хуульд нь өөрчлөлт хийгээд явах нь зөв. Хүүхдийн мөнгийг нэмэгдүүлсэн нь сайшаалтай. Одоо зээлийн хүү, 1072 хувьцааны ногдлыг олгох асуудалд анхаарал хандуулмаар байна. Сургалтын төлбөрийн хөнгөлөх боломжтой юу.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

300 мянга гаруй иргэн хувьцааны данс нээлгэсэн. Үүгээрээ дамжуулж ногдол ашиг авна. Нийтдээ иргэдэд 120 тэрбум төгрөг олгоно. 686 ААН мөн ногдол ашиг авна. Данс нээлгээгүй иргэдийн хувьд И-баримт системээрээ дамжуулж ногдол ашгаа авах боломжтой. Хоёрдох асуудлын тухайд зээлийг хүүг Монголбанкнаас хариулсан нь дээр байх. Сангийн яам, Засгийн газар хоёр жил банкны салбарын реформыг нэхсэн, шаардсан. Энэ салбарт гаднын хөрөнгө оруулалттай банкуудыг оруулж ирээд өгөөч гэж хэдэнтээ би гуйсан. Ажлын хэсгүүд гарч дарга нар нь л солигддог бусдаар юу ч хийгдээгүй. Үр дүн нь өнөөдрийн байгаа байдал. Тийм учраас УИХ гаргах шаардлагатай хуулиудаа гаргаад явмаар байна. Үлдсэн богино хугацаанд хийж  зарим арилжааны банкуудын ноёрхолд цэг тавих ёстой. Түүнээс өөрөөр энэ ажил амар хийгдэхгүй. Засгийн газар, Сангийн яам хоёр жил энэ танхимаас гуйсан, хариу юу ч өгөөгүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Зээлийн хүү макро эдийн засгийн байдлаасаа шалтгаалдаг. Манайх АНУ шиг доллар хэвлэдэггүй, бодлогын хүү 0.5 хувь байдаггүй.  Хадгаламжийн хүүг хүчээр буулгая гэхээр төрөөс оролцох боломжгүй.

Хэлэлцэж буй хуулийн төслөөр гишүүдээс санал хураахад олонх нь "Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай төслийг хэлэлцэж эхлээд байна. 

15 : 36
2020-4-7

"Хямралын үеэр яст мэлхий шиг ажиллавал УИХ буруутан болно"

Хаврын чуулган нээлт (19)

УИХ-ын чуулганы цахим хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гишүүний өргөн барьсан  онц байдал, дайны болон дайн бүхий байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд УИХ цахим хуралдаан хийх болон цахим хуралдааныг ямар дэгээр явуулах тухай УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэнээр 80.7 хувийн саналаар төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Дэгийн тухай хуульд гишүүдийн хэлсэн саналууд болох ирц, ёс зүйн асуудлыг тусгах шаардлагатайг УИХ-ын дарга тодотголоо. Мөн тэрбээр “Дэлхийн улс орнууд өнөөгийн нөхцөлд тохируулан чуулганы ирцийг бууруулж, хялбаршуулсан буюу шуурхай горимоор хуралд байна. коронавирусийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан” гэв.

Хуралдаанд гишүүд танхимуудад хуваагдан оролцож байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: УИХ асуудлыг шуурхай шийдвэрлэхэд мөн ялгаагүй энэ Дэгийн тухай хууль хамаатай учраас би санал оруулж цахимаар хуралдуулах талаар ярих хоёрдугаарт аливаа хуулийг шуурхай хэлэлцдэг дэгийг энэ хуульдаа суулгаж өгье. Жишээ нь АН нэг санал тавилаа гэхэд УИХ-ын дарга хүлээж авахгүй, Засгийн газраас санал ав гэнэ. Санал авахаар хугацаа нь 30 хоног үргэлжилнэ. Гэтэл нөгөө талд эдийн засгийн хүндрэл, хямрал 30 хоногоор бус гурван хоногоор хэмжигдэж байгаа. Хууль хэлэлцэх шатуудын горим нь хуучнаараа байгаа учраас Хууль тогтоомжийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай. Шуурхай горимын үед УИХ зарим нэг хэлэлцэх асуудлынхаа дарааллыг багасгаад чуулган руу хурдан оруулах горимтой болъё. Хурдтай хямралын дунд УИХ яст мэлхий шиг ажиллавал бид өөрсдөө буруутан болно шүү. Мөн онцгой нөхцөлд УИХ-д суудалтай нам, эвсэл болон тухайн байнгын хороод хууль тогтоомжийг санаачлан шуурхай оруулж ирдэг эрхийг нь нээх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Онц байдал, дайн бүхий дайны байдал, гамшиг олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөлд 72 цагийн дотор Засгийн газар саналаа хүргүүлнэ гэж заасан. Байнгын хороо, нам, эвсэл хууль санаачлах нь Үндсэн хуультайгаа шууд харшилна. Ирцийн тухайд онцгой нөхцөлд яаж шийдэх нь түвэгтэй асуудал юм. Бусад орны судалгаанаас харахад Үндсэн хуульд тусгасан ирцийг шаардах нь зохисгүй гэж үзсэн байна лээ.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Х.Баатарбилэг: Үг хэлэхдээ гараа өргөж, утсаар дамжуулах гэх мэт ярвигтай юм байна. Кнопоо дараад ордоггүй. Хуулийн төслийг харахад техникийн зохицуулалт талаасаа олон заалт орсон байна. Д.Эрдэнэбат гишүүний хэлсэнтэй санал нэг байна. Онцгой нөхцөл байдалд хуралдаж байгаа үед энгийн үед хуралддаг горимоор явах нь зохистой биш. Гишүүдийн үг хэлэх минутыг богиносгох ч юм уу аль болох хуралдааныг шуурхай явуулах хэрэгтэй. Энэ бүхнийгээ яаж зохицуулж байна вэ. Зарим үед үзэл бодлын зөрчилдөөнүүд ч гарна. Онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа гэдгээ хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Гишүүд ч гэсэн онцгой нөхцөлд юу ярих уу гэдгээ дор бүрнээ ойлго. Өнөөдөр гэхэд чуулганы цахим хуралдаан 30 минутаар хоцорч эхэллээ. Аль болох хурдан, шуурхай хуралдах шаардлагатай гэдгийг хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Парламент түүхэндээ анх удаа цахимаар хуралдаж байгаа учраас бидэнд хүндрэл, бэрхшээл гарахыг үгүйсгэхгүй. Энэ бүхнийг урьдчилан харж хуульдаа тусгах ёстой. Кибер аюулгүй байдалд нь анхаарах хэрэгтэй. Хаалттай хуралдааныг хэрхэн зохион байгуулах, хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нууцлал, аюулгүй байдлыг яаж хангах зэргийг тусгаагүй байна. УИХ-ын гишүүд хуралдааны танхимуудад хуваагдаж оролцоно гэж зааж, хэрэв Төрийн ордныг хөл хорио тогтоовол яах вэ. Өөр байршлаас хуралдах уу, эсвэл хөл хорио тавигдаж дууссаны дараа нь Төрийн ордонд хуралдах юм уу. Энэ мэт асуудлыг маш тодорхой болгомоор байна. Дайн байлдааны үед жишээ нь Төрийн ордонд орж ирж чадахгүй. Төслийг харахад Төрийн ордонд хуралдах цахим хуралдааны дэг байна. Мөн онцгой нөхцөлд хуралдаж байгаа үед үг, санал хэлэх хугацаа ердийн горимоор явах юм уу. Хугацааг нь багасгасан нь зөв болов уу. Нарийвчлан асуудлуудыг тусгаасай гэж хүсч байна.
 
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Хэлэлцэх асуудлыг эрэмбэлэх асуудлыг онцгой нөхцөлд баримталмаар байна. Юуны түрүүнд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр онцгойлон анхаарах шаардлага байна. Цахим туршилтыг бид хийж байна. Тиймээс санхүү хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал, гаргаж байгаа шийдвэрүүдийн нууцлалыг хэрхэн хангах вэ.
 
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Засгийн газар дайны болон онц байдлын үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг коронавирусийн үед авч хэрэгжүүлээд байгаа. Хүний эрхийн байгууллагын хүмүүс ч энэ талаар ярьж байгаа учраас Засгийн газар коронавирусийн тусгай хууль гаргаач ээ. Нийгмийн харилцаанд маш их өөрчлөлтүүд гарч байна. Хүний эрхийн тодорхой хязгаарлалтыг энэ хуулиараа зохицуулж өгөх хэрэгтэй. Чуулганы цагийг барих нь зөв. Харин мэтгэлцээний зарчмыг алдагдуулах тухай асуудал байж болохгүй, гишүүдийн үг хэлэх хугацааг хязгаарлаж болохгүй. Бид энэ онцгой нөхцөлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой 10 гаруй органик хуульд өөрчлөлт оруулна. Эдгээр хуулийг ажил хэрэгчээр хэлэлцэх ёстой. Мөн Засгийн газрын тухай хуулийг даруй оруулж ирээ. Я.Содбаатар гишүүний хэлж байгаанчлан аюулгүй байдлыг хангах нь чухал.
 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж