Монголын төр авлигажиж бас зэрлэгшив. Баригдвал авлигын хэргээр саатуулагдана, баригдахгүй бол хаялгатай ажилласан болж, дараагийн “авд" гарна. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газар /АТГ/-ынханд үйлдэл дээрээ баригдчихгүй л бол авлига авсан хэнбугай ч хариуцлага хүлээхгүй ажиллаад л байна.
Албан тушаалын гэмт хэрэг үйлдлээ ч хэрэгтэнд шүүхээс торгууль ногдуулах тохиолдол бий тул зарим нь ял авах бус “ашиг” хийнэ.
Жишээ татвал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуягийг АТГ-аас өнгөрсөн онд саатуулсан. Түүнийг албан тушаалаа урвуулж, “Чингис хаан” банкинд давуу байдал бий болгон, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг байршуулсныхаа дэнчинд 1-1.3 хувийн хүү бодож, 86.2 сая гаруй төгрөг бэлнээр авсан болохыг тогтоосон. Харин эл хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд, Ч.Алтанхуягийн төрийн албанд ажиллах эрхийг нь гурван жилээр хязгаарлаж, 30 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хэрэгт нь дүйцэхүйц шийтгэл мөн үү гэх асуудлыг иргэд хөндөж тавихад хүргээд байна. “80 саяыг хусаад 30 саяар торгуулж, 50 саяын ашигтай ажилла” гэдэг үг гарсан нь ийм учиртай.
Харин авлигын тухай баримт дурдвал, хэдэн сарын өмнө Зам тээврийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ Хятад иргэнээс авлига авч байгаад АТГ-ынханд үйлдэл дээрээ баригдсан. Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг барьж буй Хятадын гүйцэтгэгч компанийн зүгээс авлига аваад саатуулагдсан тухай албаныхан мэдээлсэн ч Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгчийнх нь тайлбараар бол Хятад иргэн юу нь мэдэгдэхгүй боодолтой зүйл ширээн дээр нь тавьчихаад “зугтаасан”. Учрыг нь олоогүй сууж байтал АТГ-ынхан орж ирэн баривчилсан нь зохион байгуулалттай ажиллагааных нь хохирогч болсон гэх.
Эл хэрэг болохоос өмнө тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд эрх мэдлээ урвуулж, хахууль авсан хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан байсан. Юм ойлгодог хүнд бол айдас хүйдэс. Гэвч мөнгө цагаан, нүд улаан гэгч болсон нь энэ. Яам, агентлагууд авлигажсан. Нэг сайд ирж л байдаг, явж л байдаг, юу хийж чадах вэ дээ гэсэн янзаар албатууд нь ханддаг гэж УИХ-ын гишүүн М.Билэгтийн хэлээд буй нь ийм учиртай. Сайдаасаа илүү эрх мэдэлтэй, авлига, арын хаалгыг зохицуулдаг болсон гэсэн үг л дээ.
Эрүүл мэндийн яам ч мөн авлигын үүр уурхай болсон газрын нэг хэлж болно. Яамныхан нь тусгай зөвшөөрлөөр “панз” үсэргэж, авлига авдаг бол эмч нар нь өвдсөн зовсон хүнээс мөнгө саана.
Жишээ татвал, АТГ 2019 онд Эрүүл мэндийн яамны Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б, Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан цагдан хорьж байв. Гэвч эл хэрэг өнөөдөр шүүхийн шатанд шилжиж ирээгүй л байна. Уг нь үндэстэн дамнасан хэргийн учир олох гэж байгаа биш энэ зэргийн асуудлыг нэг их удаагаад байх шаардлагагүй ч юу нь болдоггүй юм, таг гацсан хэргийн нэг болоод буй.
Цаашлаад агентлаг руу орвол Мэргэжлийн хяналт гэж авлига хээл хахууль нь дийлддэггүй газар. МАН Засгийн эрх барьсны дараагаас л Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын дарга асан М.Баасандоржийг 2019 онд авлига албан тушаал, залилангийн хэргээр саатуулан цагдан хорьж, мөн 10 мянган ам.доллар оймсондоо хавчуулан газар дээрээ гардуулж байсан Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайханы бичлэгийг олон нийтэд цацсан ч айхгүй, аж ахуйн нэгжийг хясан боогдуулж, авлига авахыг санаархаж буй үйлдэл гаргаж буй тухай мэдээ чих дэлссээр л буй.
Дүүргийн газрын алба, Татварын албад ч авлига, хээл хахуулийн “голомт” болсныг харуулах баривчилгаа мөн шилээ даран үргэлжилж байна. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард АТГ Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга н.Мөнхбаатарыг хахууль авч байхад нь саатуулсан бол өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг бусдаас хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Шүүхээс түүнийг 30 хоногийн хугацаатай хорих шийдвэр гаргаад буй. Гэрээс нь 10 мянган ам.доллар, мөн 65 сая төгрөг бэлнээр хураасан тухай мэдээллүүд хөвөрч буй.
Үүн дээр аймгийн Засаг ноёдын дураараа аашилж, дунд чөмгөөрөө жиргэн найрлаж буй жишээг татвал, “Тунгалаг тамир” киноны Итгэлт баяны хэлдэгчлэн “Манай голынхны булайг уудалбал далай болно” гэдэг шиг л барагдахгүй, хөвөрнө.
Мөн УИХ-аас 2017 онд шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулиар "но"-той хүмүүс дархлагдаж, төрийн албанд шигдсэн тухай яриа хөөрөө ч газар авч байна. АТГ-ынханд баригдахгүй л бол хэн ч түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх боломжгүй. Хэрэв чөлөөлбөл ажлаас үндэслэлгүйгээр халсан гэдэг гомдол гаргаад мөнгө нэхэмжилдэг. Төрийн албаны шинэ хуулиар халсан хүн нь хохирлыг нь барагдуулах ёстой. Өөрөөр хэлбэл, Засаг солигдсоны дараа төрийн албанд халаа сэлгээ ихээр хийгддэгийг зогсоох зорилгоор МАН Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тохиолдолд шийдвэр гаргасан хүн нь хохирлыг барагдуулахаар зүйчилсэн нь амьдралд хэрэгжихдээ хамгийн их хэрэг тарьдаг хэрнээ баригддаггүй хүмүүсийг хамгаалдаг бамбай болж хувирсан гэж хэлж болох аж.
Төрийн албаны шинэ хууль хэрэгжихээс өмнө буюу 2018 онд төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэх иргэдийн хохирлыг барагдуулахад зориулж төсвөөс 800 гаруй сая төгрөг зарцуулж байжээ.
Хуулийн байгууллага руу өнгийвөл шүүгчид нь хэрэг наймаалцдаг. Цагдаагийн хурандаа бизнес эрхлэгчээс тэрбумын үнэтэй хаус, байр үнэгүй өгөхийг шаардаж рекетлэхээс эхлээд Тагнуулын ерөнхий газрын тусгай албаныхан дээрэм хийсэн, хурандаа нь бусдыг зодож, танхайрсан зэрэг үйлдлийг тоочвол төрийн тусгай албад зэрлэгшлээ гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.
Иргэдээ хамгаалах ёстой цагдаагийн хурандаа бизнес эрхлэгчээ дарамталж, улсынхаа аюулгүй байдлыг хангах ёстой Тагнуулын албаны тусгай ажилтнууд бусдыг дээрэмдэж, зодож байхад хэнд итгэх вэ. Хэдийгээр эл хэрэгт нэр холбогдсон хүмүүс нь албанаасаа чөлөөлөгдсөн мэдээлэл байгаа ч төрийн алба нь авлигаас ангид, төрийн тусгай албад нь хэзээ ёс зүйтэй болж, төлөвших вэ.
Авлигажсан төр, зэрлэгшсэн албаттай байхад Монголд шударга ёс тогтох уу?.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ