“Төв талбайн машины зогсоол дээр өндөр барилга барина”

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

“Төв талбайн машины зогсоол дээр өндөр барилга барина”

“Төв талбайн машины зогсоол дээр өндөр барилга барина”

Ургамал судлалын эрдэмтэн, иргэдийн төлөөлөл өнөөдөр /2020.04.07/ Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт хүсэлт хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Өнгөрөгч баасан гаригт Хотын дарга С.Амарсайханд хүсэлт хүргүүлсэн. Гэвч биднийг “Аж ахуй нэгжийн зохион байгуулалтад орчихоод ийм зүйл яриад байна. Ард нь улс төрийн сонирхол байна” зэргээр эргүүлээд гүтгэсэн. Хүсэлтээ хүргүүлэхдээ дөрвөн шаардлагыг тавьсан. Нэгдүгээрт, бүтээн байгуулалт хийх жагсаалтад орж, НИТХ-аар огт хэлэлцээгүй. Бүтээн байгуулалтын жагсаалтаас хасч, Тохижилт үйлчилгээний газрын урсгал зардал дээр нэмж оруулсан. Энэ нь зарим хууль дүрмийг зөрчиж байна. Мөн хөл хорио тогтоосныг далимдуулан тендергүйгээр шууд худалдан авалтаар маш олон ажил үйлчилгээ худалдан авч байна. Энэ асуудалд хариулт өгөөч гэдэг шаардлагыг хүргүүлсэн” гэдгийг иргэдийн төлөөлөл хэлж байв.

“15 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨӨР БОСГОСОН ЦЭЦЭРЛЭГЭЭ СҮЙТГЭХ ГЭЖ БАЙНА”

Ургамал судлаач, доктор, профессор Д.Бор “Дэлхий дахинаа цар тахалтай тэмцэж буй ийм цаг үед 80 жилийн түүхтэй 15 тэрбум төгрөгийн хөрөнгөөр босгосон Төв талбайн цэцэрлэгээ бүтээн байгуулалт нэрээр сүйтгэх гэж байна. Энэ цэцэрлэгт 16 зүйлийн 8995 ширхэг мод, бут, сөөг бий. Ерөөсөө л нэг га гаруй талбай шүү дээ. Бүтээн байгуулалт хийхдээ мод, бутыг нь шилжүүлж, суулгана гээд сайхан зүйл ярьж байна. Үнэндээ 80 жил ургаж байгаа модыг шилжүүлж, суулгана гэж байхгүй. Харин ч тэр чинээгээрээ үхэж, үрэгдэнэ гэсэн үг.

Хамгийн гол нь иргэд цэвэр агаар үйлдвэрлэж буй амьд байгалиа сүйтгэх гэж байгааг эсэргүүцэж байна. Хоёрдугаарт, энэ ажлыг хийх цаг нь ч биш. Харин ч бүтээн байгуулахаасаа илүү нурааж, сүйтгэх ажил болж байна. Мод, бут нэг жил тарьж ургуулаад, өвөл нь хөлдчихдөг цэцэг биш шүү дээ. Мод доод тал нь 100 жил, дээд тал нь 1000 жилийн настай амьд ургамал. Төв талбайдаа хүмүүс цэвэр агаараар амьсгалж, түүх дурсгалаа үзэх гэж очдог болохоор машинаа байрлуулж, угаараар амьсгалах гэж очдоггүй. Цэцэрлэгт ургаж буй 20 метрийн өндөртэй нэг мод өөрөөсөө 10 дахин урт зайнд микро орчин үүсгэдэг юм.

“МАШИНЫ ЗОГСООЛ ДЭЭР ӨНДӨР БАРИЛГА БАРИНА ГЭЖ ХАРДАЖ БАЙНА”

Утааны эсрэг ээж, аав төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Пүрэвхүү “ Манай байгууллага 2016 оноос агаарын бохирдлын асуудлаар иргэдийн дуу хоолой болж явсан.  Агаарын бохирдлыг бууруулах хамгийн том хүчин зүйлсийн нэг нь ногоон байгууламж байдаг. Улаанбаатар хотын Төв талбайн цэцэрлэгийн ногоон байгууламжийг буулгах гэж байгаад их шүүмжлэлтэй байна. Энэ бүтээн байгуулалтыг хийхэд эхлээд 2000 орчим мод сүйднэ гэж хотын удирдлага хэлж байсан. Дараагаар нь тоогоо өөрчлөөд 130 ширхэг модыг хөндөөд, бусад ногоон байгууламжийг хэвээр нь үлдээе гэж ярьсан. Гэтэл судлаач, мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар усан оргилуурын томоохон шугам хоолой баригдвал эргэн тойрны ногоон байгууламжид сөргөөр нөлөөлөх юм байна гэдгийг хэлсэн.

Бидний хардаж байгаагаар цаашдаа Төв талбайн машины зогсоол дээр өндөр барилга барьж, урд талын талбайг нь өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр засч, дэд бүтцийг нь тавьж өгөх гээд байгаа юм биш биз дээ гэж хардаж байна. Хоёрдугаарт, шинэ коронавирусийн нөхцөл байдлын үед хөрөнгө мөнгөө нэн шаардлагатай бус зүйлд зарцуулж байгаад бухимдаж байна” гэдгийг хэлж байв.

“МАШИНЫ ЗОГСООЛ ДЭЭР БИЕ ЗАСАХ ГАЗРАА БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИНЭ”

Хуульч Б.Батсүх “Төв талбайн цэцэрлэгт олон улсын стандартад нийцсэн бие засах газар барина гэж хэлж байгаа. Энэ ажлаа хийхдээ нэг ч мод бутыг устгахгүйгээр машины зогсоол дээрээ хий. Эмэгтэйчүүд амрах өрөөгөө бас хийж болно. Гэхдээ төлөвлөөд байгаа төсөв, зураг төслөө харуулаач ээ гэдэг хүсэлтийг тавьсан. Бид мэргэжлийн хүмүүстэй ярилцахад цэцэрлэгт хоёр бие засах газар барихад ямар нэгэн инженерийн шугам шаардлага байхгүй гэдгийг хэлж байгаа. Гэтэл өнөөдөр барилгажилтын ямар ч зураг төсөл байхгүй гэдэгт итгэлтэй байна. Хотын Засаг дарга өчигдөр өөрөө сошиалаар дамжуулан “Төв талбайн бие засах газар муухай байна” гэсэн. Гэтэл тэр газрыг нь арчилж явах үүрэгтэй Хот тохижилтын газрын 700 ажилтан нь өмнөх жилүүдэд яагаад арчилгаагаа сайн хийгээгүй юм бэ.  Тэр муухай бие засах газраа нэг өдрийн дотор зөөврийн аргаар хэрэглэж болдог орчин үеийн технологиуд олон байгаа” гэв.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж