УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.02-ны өдөрөргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Тогтоолын төсөл батлагдсанаар коронавируст халдварын цар тахлын үед аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр батлагдах хуулиудын хэрэгжилт эрчимжиж, төрийн санхүүгийн мөнгөн хөрөнгийг оновчтой, үр ашигтай удирдах боломж бүрдэнэ. Төсөлтэй холбогдуулан гишүүд Сангийн сайдаас асуулт, тодруулга авч байна.
Гишүүдийн зүгээс ноолуур бэлтгэлд зарцуулах 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг тодруулж байлаа.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
Хэчнээн малчинд 300 тэрбум төгрөг хүрэх юм бэ?
УИХ-ын гишүүн О.Батнасан:
Тогтоолын төслийг дэмжиж байна. Ялангуяа Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн сайд маш сайн ажиллаж байгаа. Иргэд ч талархаж байна. Төрийн албан хаагчдын хувьд нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-аас чөлөөлж болохгүй. Үүний цаана улсын төсөв гэж юм бүхнийг хоморголуулаад байвал түвэгтэй. Харин яам, тамгын газрынхан цахимаар ажлаа хийх боломжийг нь олгох хэрэгтэй. Ачаалал багатай болсон. Малчидтай уулзсан. Ноолуурын асуудал байна. Жилдээ манай улс 10 мянган тонн буюу 100 мянган төгрөгөөр тооцвол 1 их наяд төгрөгийн ноолуур гаргадаг. Гэтэл дотоодын зах зээл нь 1000 тонн. Цаана байгаа 9000 тонныг яах вэ. Яах аргагүй гадаад зах зээл рүү гаргахаас өөр аргагүй. Ноолуур бол чухал. ААН-үүдэд 3 хувийн хүүтэй мөнгө өгөхдөө шууд өгмөөр байна. Хөгжлийн банк мөнгө өгөхдөө эрсдэлийн болон бизнесийн үнэлгээг нь хийчихдэг. Өнөөдөр ноолуурын асуудалд гарцгүй болчхоод байна. 9000 тонн ноолуураа гадагш нь гаргана гэвэл эртхэн зарах хэрэгтэй. Судалж, ажиллаж байгаа нь мэдэж байна. Гэтэл ноолуур гараад эхэлсэн шүү. Өчигдөр Хэнтий аймагт кг ноолуур 50-55 мянган төгрөг байна. Баруун аймагт 40 мянга байна гэсэн үг. Малчдын амьжиргааг дэмжих үнэт баялгаа яаж хурдан борлуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Нэг аймаг дунджаар 500 тонн ноолуурыг гаргадаг. Дотоод зах зээл нь хоёр аймгийн ноолуур аваад л зогсоно. Үлдсэнийг нь яах вэ гэдэгт гарц хэлж өгөөч. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудал юу болж байна вэ.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:
Энэ жил 233 мянган малчин өрх 10.2 мянган тонн ноолуур бэлтгэнэ. Болдогсон бол 233 мянгад энэ 300 тэрбум төгрөг хүрээсэй гэж хүсч байна. Гэвч боломжгүй. 300 тэрбум төгрөгөөр нийт гарч буй ноолуурын 30 хувийг л авч чадна. Үлдсэн 70 хувийг гадаадынхан авдаг уламжлалтай. Үүгээрээ л явна 300 тэрбум төгрөгөөр дунджаар 3000 тонн ноолуур авна гэж тооцоолсон. 10 мянган тонн ноолуурыг бүгдийг нь угаах анхан шатны боловсруулалт хийчих хүчин чадал бүрэн бий. Тиймээс 10 мянган тонн ноолуураа угаана. Ингэж байж экспортод гаргах зохицуулалтыг хийнэ. Хоёрдугаарт хялгасыг нь ялгаж самнах буюу 5200 тонн ноолуурыг самнах хүчин чадал байгаа. Ямартай ч самнах үйлдвэрт 3000 тонн ноолуураа самнана. Самнасан ноолуураар эцсийн сүлжмэл хийх хүчин чадал бий. Тиймээс үйлдвэрүүдийн худалдан авах 3 мянган тонн ноолуур сүлжмэл болно гэсэн үг. Үлдсэн 7 мянган ноолуурыг дуудлага худалдаа зохион байгуулна. Дундаж үнийг бид зарсан. Гаднын биржүүдээс хүсэлт ирж байгаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ТЭЗҮ хийгдэж дууссан. Сангийн яам Хятадын холбогдох байгууллагуудад хүргүүлчихсэн. Одоо байгаль орчны үнэлгээ хийгдэх л үлдсэн. Хятадын талаас хариу нь одоогоор ирээгүй байна. Өнөөдрийг хүртэл гэрээ хэлцлээр ярьсан зүйлд Хятадын тал дэмжиж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
Засгийн газраас эдийн засгийг дэмжих чиглэлд авч буй арга хэмжээнүүд бол зөв ажил. Тийм учраас дэмжинэ. Цаашид зээлийн хүүг бууруулах, найман хувийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэгт авах арга хэмжээнүүд зөндөө бий. Ялангуяа хөдөөгийн малчдын ноолуурын үнийг барих нь зөв. Гагцхүү сайн хариуцаж ажиллаарай, сайд нь. Хөдөөгийн малчдын амьжиргаа, малынх нь мах, сүү, ноолуураас шууд хамаардаг. Одоо бол улс төрждөг цаг хугацаа биш. Эдийн засгийн талаар авч хэрэгжүүлж буй ажлуудыг улстөржүүлдэг ч цаг хугацаа биш. Засгийн газраас оруулж ирсэн төслийг УИХ яаралтай шийдээд явах хэрэгтэй. Нийт массд очиж буй асуудлыг нэг хоногийн өмнө ч гэсэн шийдэж ажил хэрэг болгох нь чухал.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Хэлэлцээд л явъя. Төрийн өмчит компани, төсвийн байгууллагын ажилчдыг НДШ-ээс чөлөөлөх хөнгөлөлтөд хамруулах талаар арга хэмжээ авмаар байна. Саяхан АН-аас иргэн бүрт 1.2 сая төгрөг өгье гэж байсан. Үүнийг зарим хүн шоолж байх шиг байна лээ. Дэлхий даяар бодлогоо хүн рүү хандуулж байгаа болохоос биш баян нь улам баяжиж, ядуу нь улам ядуурах бодлого яваагүй. Улс орон бүр иргэн бүртээ мөнгөн дэмжлэг үзүүлж байна. Манайд мөнгө тараахгүй ч гэсэн хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх замаар ядаж ипотек, цалингийн зээлийг нь чөлөөлөх байдлаар оруулаад явсан нь зөв. Түүнээс биш төрийн албан хаагчдыг болон төрийн өмчит компаниудыг ялгаварлан гадуурхах нь шударга бус. Өөрсдийнхөө шахаасны 60 тэрбумаар оруулсан хүмүүсээр бусдыг нь дүгнэхээ боль. Багш, эмч, жирийн төрийн албан хаагчдыг хамруулах ёстой. Үүрэгтэй. Хаалтад УИХ-ын гишүүд тэдний хамаарал бүхий этгээдүүд нь хамрагдахгүй гэж болно. Түүнээс битгий жирийн иргэдийг ялгаварла. Та нар өнөөдөр банкуудыг зээлийн хүүгээ бууруул гэж шахаад дийлэхгүй, чадахгүй байгаа. Монголбанкны ерөнхийлөгч нь утсаа авахгүй, дуудаад ирэхгүй ийм байдалтай байж болох уу. Цаашид коронавирусийн тархалт хэрхэх нь тодорхойгүй үед төсвөө 9 хувиар тодотгочих. Ингэвэл бүх иргэд хамрагдана. Тэр дотроос нь 60 тэрбумын шахааны хүмүүсээ хасна л биз. 20-30 мянган хүнийг намынхаа бодлогоор төрийн албанд шахчхаад тэднээрээ 192 мянган төрийн албан хаагчийг битгий төсөөл. Төмөр замчид, уурхайчдаа та нар хөнгөлөлтөд оруулах хэрэгтэй. Нэг айлд хоёр хүн л ажиллаж байна. Нэг нь төрийн байгууллагад нөгөө нь хувийн байгууллагад ажилладаг. Тэгснээ шахаасны тендерчидээ хөнгөлөлтөд хамруулъя гэж байгаа нь шударга бус байна.
Холбоотой мэдээ