“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй хэргүүдийн материалыг Улсын ерөнхий прокурорын газарт өнөөдөр /2020.04.07/ хүлээлгэн өглөө. Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг “Хууль зүй дотоод хэргийн яам Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хууль, Авлигын тухай хууль, Худалдан авах ажиллагааны тухай хуулийг зөрчсөн баримтыг хүлээлгэн өгч байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүний өмчийг худалдан авах хуульд төрийн захиргааны төв байгууллага аливаа барааг худалдаж авахдаа тендер зарлаж худалдан авалт хийх ёстой.
Гэтэл Хууль зүйн яам тус хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслээд шууд худалдан авалтыг хийсэн байгаа юм. Нийтдээ 400 гаруй сая төгрөгийн худалдан авалт хийсэн. “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс өмнө тус яамны өндөр үнэтэй тавилгын асуудлаар мэдээлж байсан.
Хоёрдугаарт, Хууль зүйн яамнаас хийсэн худалдан авалт нь зах зээлийн үнээс өндөр үнэтэй байсан. Гуравдугаарт, тус яамны дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлэг огцом өссөн байна. Авлигын эсрэг хуулийн 7.1.8-т зааснаар зургаан сараас дээш олдог орлогоос илүү ямар нэгэн хөрөнгө нь өссөн байвал үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэл мөн. Ингээд харвал 13 албан тушаалтан байна. Хууль зүй дотоод хэргийн яамны сайд туслахдаа төсвийн хөрөнгөнөөс хоёр өрөө орон сууц бэлэглэсэн байгаа. Энэ бол ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй. Хууль зүйн яамны барилга 2019 оны төсөвт дөрвөн тэрбум төгрөг суусан. Гэтэл энэ барилгыг ашиглалтад оруулахад төсвөөс гадна Монголбанкнаас хөрөнгө гаргуулсан. Тэгэхээр дээрх үндэслэлээр Ерөнхий прокурорт хандаж байна. Монголд төрийн өндөр албан тушаалтан, дарга нарын хэргийг замрхуулахгүй үүднээс прокурорын тухай хуулийн 8.2-т зааснаар прокурор хэрвээ зөвшөөрвөл хэргийн үйл явцыг олон нийтэд нээлттэй явуулах боломжтой байдаг” гэсэн мэдээллийг өгөв.
Э.АРИУН
Холбоотой мэдээ