Цар тахлын үе таарсныг хэлэх үү, хоёрт, эрх мэдлийн гадна үлдсэн Ардчилсан нам 30 насны төрсөн өдрөө С.Эрдэнэ даргын мэндчилгээг эс тооцвол тун даруухан тэмдэглэж байна.
Ардчилсан намд алдаа, оноо аль, аль нь бий. Гэвч, ардчилсан Монгол Улсыг байгуулах үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн гавъяаг нь хэн ч булааж, бас үгүйсгэж чадахгүй биз. “Фантастик”-ийн фантаз байлаа ч, тэр.
Ганц хүний, нэг намын дарангуйлалд 70 жил явсан Монголд, гучин жилийн өмнө Ардчилсан нам албан ёсоор байгуулагдсанаа зарлаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлж, олон намын тогтолцоог бий болгосноор парламентын засаглалд шилжсэн. Энэ бол Монголын түүх.
Монголын ардчиллын буянаар жирийн зураачаас тэрбумтан болтлоо хөлжиж, самбын бөхөөс Төрийн тэргүүн болтлоо дэвшсэн хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга. Энэ ч бас Монголын түүх. АН-ыг, ардчиллыг хамгийн сайн ашиглаж ирсэн Х.Баттулгаас өнөөдөр ардчиллыг үгүйсгэж, айлгаж, ичээж суугаа нь Монголын хувь заяаны шоглоом гэлтэй.
АН-ын баяраас яг нэг өдрийн өмнө буюу өчигдөр Г.Занданшатарын парламент бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн чуулганыг цахимаар нээв. Энэ удаагийн нээлтийн энтертаймент нь С.Жавхлангийн “Төрийн дуулал” дуулсан нь байв. Эсрэгээрээ энэ хавар, ирэх зуны улс төр нь Ерөнхийлөгч Х.Баттулгын уриалга байх бололтой.
Ямар ч байсан сүүлчийн чуулганы нээлтээр “Гадна талдаа дайнтай үед дотооддоо эв нэгдэл чухал болох”-ыг спикер онцолсон нь амандаа орсон зүйр үгээ зүгээр ч нэг хэлчихээгүй биз.
Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын 2020 оны сонгууль хойшлуулах уриалга гаргахдаа зургаан асуудлыг санал болгосон. Үүнийгээ ч хаврын чуулганаар дахин, дахин сануулж буй нь давхар мэхнийх нь нэг хэсэг. Ерөнхийлчийн УРИАЛГАД:
- Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.
- Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.
- Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.
- Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.
- Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.
- Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Дашрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай байна гэжээ.
Үндсэндээ, "Тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих" гээд оновчтой, хоёр гараа өргөн дэмжчихмээр гоё саналууд, өнгөцхөн уншихад. Гэвч улс орны эдийн засаг, иргэдийнхээ эрүүл мэндэд санаа зовсон Төрийн тэргүүний “сэтгэлийн үг”-ийн цаана коронавирусээр далимдуулж, төрийн эрх мэдлийг ганц хүнд төвлөрүүлэх шунал хүсэл ч харагдаж буй.
Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Хямралын үед төрийн удирдлага парламент дээрээ төвлөрөх ёстой. Үүнийгээ мэдсээр байж “Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Дашрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай”–г сануулах Ерөнхийлөгчийн уриалга цар тахлаар далимдуулсан хүний улс төрийн мэх болж сонсогдож буй нь бас худлаа биш. Тэр тусмаа, УИХ-ын хаврын чуулганы нээлтэд уриалгаа сонордуулахдаа гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх Б.Батзоригийг жишээ болгож дурдсан нь УИХ-д өгч буй анхааруулга болж, харагдав, хардагдав. Уриалгыг хүлээж авч, УИХ-ын сонгуулийг хойшлуулахгүй бол “удаах нь та нар шүү” гэх далд заналхийлэл мэт.
УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь У.Хүрэлсүхийн намынханд огт ашиггүй. Эсрэгээрээ С.Эрдэнийн нам улс төрийн оноо цуглуулах хугацаатай болно. Гэхдээ Михайлын бодол нь ирэх 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган УИХ-ын сонгуулийг явуулах сонирхол. Энэ тохиолдолд Монголд парламентын засаглал баяртай болж, Х.Баттулгын засаглал жинхэнээсээ бяртай болно гэсэн үг. Ерөнхийлөгчийн УРИАЛГА-ыг задалж унших юм бол ийм л УРХИ харагдаж байна. Гээд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хойшлуулах нь УИХ-ын гишүүдийн шийдэх асуудал болсон. У.Хүрэлсүхийн намынхан болон УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн “утсан хүүхэлдэй” мөн эсэхийг л харж сууя!
Холбоотой мэдээ