УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан билээ.
Төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар тусгажээ. Одоо мөрдөж буй хуулийн хүрээнд Монгол Улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого өсөх сайн нөлөө гарч байна. Гэхдээ НӨАТ-ын буцаан олголт бага байгаа нь инфляцын түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл дагуулж буй юм. Тиймээс НӨАТ-ын татварыг бууруулах хуулийн төсөл санаачилсан гэдгээ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж онцолсон.
Тэгвэл уг хуулийг яаралтай батлах ёстойг тэрбээр өнөөдөр /2020.04.07/дахин тодотгож мэдээлэл хийлээ.
Энэ тухай тэрбээр “Миний бие өнгөрсөн оны арванхоёрдугаар сард НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төсөл өргөн барьсан. Иргэд НӨАТ-ын төлөгч. НӨАТ-ыг 10 өнгөрсөн хугацаанд эдийн засаг, санхүүгийн байдалд үр дүнгээ өгсөн. Энэ татвар нь орлогыг бүртгэх үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж байна. Тухайн үед буюу өнгөрсөн оны төгсгөлд эдийн засагт хүндрэл учраагүй байхад иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед энэ татварыг 5 хувь болгох зайлшгүй шаардлага тулгарч байна.
Өнөөдөр иргэдийн орлого хумигдаж, жижиг дунд ААН-үүд хаалга барьж, ажилчдаа цомхотгож байна. Орлого буурсан энэ үед НӨАТ-ыг буулгах талаар Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ миний энэ саналыг дэмжсэн. Өнөөдөр жирийн иргэн хүн дэлгүүрээс 100 мянган төгрөгийн хүнс авахад 110 мянган төгрөгийг төлж байгаа. Энэ нь орлого буурсан иргэдэд маш хүнд тусч байна. Энэ хууль хэрэгжсэнээр ялангуяа алслагдмал бүс нутагт өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүн худалдан авдаг иргэдэд маш чухал хууль болно" гэсэн юм.