"Б.Цогтбаяр хурандаа нэг тэрбумыг манай компаниас авсан"

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

"Б.Цогтбаяр хурандаа нэг тэрбумыг манай компаниас авсан"

Цагдаагийн хурандаа “Бавгар” ХХК-аас их хэмжээний авлига авч, дарамталсан тухай мэдээлэл олон нийтэд ил болсон. "Бавгар" компанийн захирал Х.Оюун өнгөрөгч нэгдүгээр сард мэдээлэл өгөхдөө “Бавгар” ХХК нь 2015 оны есдүгээр сарын 4-ний өдөр ЦЕГ-ын алба хаагчид, хууль сахиулагчдын хотхоныг барьж байгуулах ажлын гэрээнд гарын үсэг зурсан. Тус байр нь А, Б, В, Г дөрвөн блок 376 айлын хотхон бөгөөд барилгад нийгмийн эмзэг бүлэг буюу төрийн албанд ажилладаг өрх толгойлсон эмэгтэй, ажил албаа гүйцэтгэж яваад амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт туслах зорилгоор квот тарааж өгсөн байсан юм.

ЦЕГ-ын ажлын хэсгийн дарга Б.Цогтбаяр гэх хүн барилгын ажилд хяналт тавьж, надтай хамтарч ажиллаж байсан ч яваандаа өөр зүйл ярьж эхэлсэн. Тэр хүн ашиглалтад орсон байгаа пентхаусаас хоёрыг өгчих. Ашиглалтад ороогүй байгаа В блокоос 30 ширхэг байр үнэгүй өг гэж дарамталсан.

Дараа нь “Миний хүссэнийг өгөхгүй бол танай компанийг солино. Чи өрөө төлж чадахгүй шоронд явна, миний үгээр байхгүй бол явуулна” гэдэг болсон. Гэрээний дагуу мөнгөө өгсөн бол энэ төсөл хоёр жилийн өмнө дуусах ёстой байсан. Би болон миний ээж хурандаа нарт ямар ч өргүй" гэдгийг онцолсон.

ЦЕГ: Б.ЦОГТБАЯР ХУРАНДААГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН

ЦЕГ: “Хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлж, шалгаж байна” | News.MN

Уг мэдэгдлийн дараа ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулагдан уг асуудлыг шалгаж эхэлсэн юм. ЦЕГ-ын дэд дарга хурандаа Ж.Болд дээрх хэрэгт нэр холбогдсон хурандаа Б.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж байгаа талаар мэдээлсэн. Ингэхдээ цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээлэл гарсны дагуу Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 2015 оноос цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх үүднээс "Бавгар" компанитай цагдаагийн алба хаагчид гэрээ байгуулж, орон сууц бариулах ажлыг эхлүүлсэн. Нэгдүгээр корпус ашиглалтад орсон байгаа. Хоёр корпус барилгын суурийн ажил дуусах шатандаа үргэлжилж байгаа юм. “Бавгар” компанийн зүгээс Авлигатай тэмцэх газарт мэдээлэл, баримт материалаа өгчихсөн байгаа гэсэн. Бидний зүгээс шалгалтын ажлаа хийж, тогтоогдсон хэмжээнд нь Авлигатай тэмцэх газар шилжүүлэхээр ажиллаж байна.

Үүнээс гадна 376 цагдаагийн алба хаагч орон сууцтай болохын тулд өнөөдрийг хүртэл тав дахь жилдээ хүлээж байна. Цаг хугацааны хувьд хугацаа хожимдсон, цагдаагийн алба хаагчид бүрэн мөнгөө төлөөгүй асуудлууд байгаа. Гэхдээ барилга байшингийн асуудал нэг хоног ч гэсэн алдвал өртөг гарч байдаг учраас аль нэг тал нь хохирохгүйгээр байхаар ЦЕГ-аас асуудалд хандаж байна. Цаашид барилгын ажлыг зогсоохгүйгээр үргэлжлүүлэн явуулна. Харин цагдаагийн алба хаагч хууль бус шан харамж нэхсэн асуудлыг хуулийн дагуу шалгана” гэж мэдээлсэн. Уг хэрэг өдгөө Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа ч удаашралтай байгаа талаар эх сурвалжууд ярьж байна.

Б.ЦОГТБАЯР ХУРАНДАА НЭГ ТЭРБУМЫГ МАНАЙ КОМПАНИАС АВСАН НЬ ҮНЭН

ЦЕГ-ын захиалгаар барьж буй алба хаагчдын “Хууль сахиулагч” хотхоны тендерийг худалдсан, захиалагч тал гэрээний үүргээ зөрчсөн, их хэмжээний авлига нэхсэн талаар “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюунтай ярилцлаа.

-ЦЕГ-ын хурандаагийн авлигын асуудлыг та олон нийтэд дэлгэсэн. Ер нь "Хууль сахиулагч" хотхоныг барилгын ажлыг гүйцэтгэлийг танай компани хэзээнээс хариуцах болов. Танайх хэзээ байгуулагдсан, хэр туршлагатай компани вэ?

-“Бавгар” компани 2009 онд байгуулагдсан, нийтдээ арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. "Хууль сахиулагч" хотхоныг тендер шалгаруулах журмаар манай компанид өгсөн. Хоёр тал 2015 онд гэрээнд гарын үсэг зураад, 2016 онд барилгын ажлыг эхлүүлсэн. 2015 онд гэрээ хийхдээ 30 хувийн урьдчилгаа өгөөд манай компани барилгын ажлыг  70 хувьд хүргэж үлдэгдэл мөнгө авахаар заасан байсан.

Гэтэл гэрээнд санхүүжилтийн график зурагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл, бид санхүүжилтээ 250 хүнээс нэгбүрчлэн нэхдэг ийм санхүүжилттэй. Бидний хувьд зээл аваад гэрээнийхээ дагуу барилгын ажлаа 70 хувьд хүргэсэн. Гэтэл орон сууцанд орох алба хаагчид 2016 оноос гэрээний дагуу мөнгөө хийгээгүй зөрчөөд эхэлсэн. Нийт дүн нь ойролцоогоор А блок хоёр тэрбум, Б блок 3.2 тэрбум буюу тав орчим тэрбумын санхүүгийн асуудалд орсон байсан. "Бавгар" компанийн захирлаар би 2017 онд ажиллаж эхэлсэн. Ээж маань тэр үед ослоор нас барсан, компанийн ажил доголдоод хэцүү байлаа. Тэгээд 49 хоног нь дуусаагүй байхад би компаниа хариуцаад, энэ ажлыг дуусгахаар шийдсэн.

Ээжийг амьд сэрүүн байхад “ХААН” банкнаас зээл олгох шийдвэр гарсан юм билээ. Нас барсны дараа тус зээлийг олгохгүй гэсэн. Ингээд 2018 оны зургаа, долдугаар сар хүртэл алба хаагчдаас олигтой санхүүжилт орж ирэхгүй, сардаа 50 орчим сая төгрөг орж ирж байсан. Гэтэл доод тал нь 10 гаруй тэрбумын өртөгтэй ажил хийх ёстой байтал зуу хүрэхгүй сая төгрөгөөр барилга барих боломжгүй. Дараа нь “ХААН” банкнаас зээл хүсэхэд нэгдүгээр блокийн 68 айлын нийт 48 хүнд 1.3 хувийн хүүтэй зээл олгоё. Гэхдээ үүнийг компанид олгохгүй. Эхлээд алба хаагчид гэрээнд гарын үсэг зурсны дараа танай компанид мөнгө орно гээд найман хүн зээл авсан байдаг.

Санхүүжилтээ авахын тулд алба хаагчдын хүүг нь би өөрөө төлөөд хүн нэг бүртэй биечлэн уулзаад ажлаа явуулж эхэлсэн. А блокийн барилга 90 хувьтай болох үед 50 хувийн санхүүжилт орж ирсэн. Тэгээд “Ариг” банкнаас 2018 онд гурван тэрбумын зээл авсан. Зээл авахад Б.Цогтбаяр хурандаа "Би хөрөнгийг зарцуулна. Миний зөвшөөрлөөр компанид мөнгө олгодог баймаар байна" гэсэн саналыг “Ариг” банкинд тавьсан. Гэтэл миний хувьд энэ нь боломжгүй болохыг хэлсэн. Тиймээс банкнаас зээл гаргахад хурандаа саад хийж эхэлсэн. Надад хэлснээр Б.Цогтбаяр хурандаа бас нэг хурандаад 45 сая төгрөгийн өртэй, үүнийгээ миний авсан зээлнээс  төлүүлэх хүсэлтэй байсан.

“Ариг” банкнаас зээл гарах долоо хоногт нэг хүн банкны үүдийг байнга сахиж байсан. Ямар учиртайг нь асуухаар Б.Цогтбаярын зээлийг чамаас авна гэсэн. "Боломжгүй" гэснээс болоод Б.Цогтбаяр хурандаатай муудалцаж, зээл авах асуудалд саад учруулсан. Барилгын компаниудын хувьд наймдугаар сар бол маш чухал үе байдаг. Гэтэл Б.Цогтбаяр хурандаагаас болоод зээл сараар хойшлогдсон. Хуулийн дагуу алба хаагчид мөнгөө бүрэн өгч байж би ажлаа явуулах ёстой. Ингээд А блок 2019 оны гуравдугаар сард арай гэж ашиглалтад орсон.

-Гэрээнийхээ дагуу шаардлага тавихаар ажлын хэсгийнхэн хүлээж авдаггүй байсан гэв үү?

-Дөрвөн блок барилга зэрэг явах ёстой байтал А блокийг ашиглалтад оруулахын тулд хамаг хөрөнгөө шавхчихаар бусад блок удааширна. Алба хаагчдыг нь гэрээний дагуу мөнгөө төлөөч гэхээр ажлын хэсгийнхэн уурладаг. Түүнээс болоод нөгөө хоёр пентхаус, 30 байрны асуудал яригдах болсон. Метр квадратыг нь найман зуун мянган төгрөгөөр барьж байгаа орон сууц бидэнд ямар ашиг байх вэ дээ.

Намайг ажил авахад ажлын хэсгийнхэн нэг тэрбум төгрөг аваад идчихсэн байсан. Хоёрдугаарт, зуун хувь мөнгөө төлсөн хүмүүсийн эрх ашгийг төлөөгүй хүмүүс зөрчөөд явж байсан. Гуравдугаарт, манай компанийн менежментийн буруугаас ажлаа удаашруулсан гээд тал талдаа буруутай болсон. Бид хуулийн дагуу эрх ашгаа яривал манай компани хохирчихоод байдаг. Цаашаа цаг хугацаагаа яривал алба хаагчид хохироод байдаг. Миний хувьд алба хаагчдаа найман зуун мянгаар байрандаа оруулахын тулд чармайсан. Даанч, элдэв янзын дарамт, санхүүжилтээс болоод барилгын материалын үнэ маш их өссөн, маш их алдагдал хүлээсэн. Одоо бид 200 сая төгрөг дээр гацаад удаж байна. Тиймээс мөнгөө төлөөгүй хүмүүсийн гэрээг цуцалсан.

-Барилгын гүйцэтгэл өнөөдөр ямар шатандаа байна вэ?

-А блокийг зуун хувь хүлээлгэн өгсөн. Б блок 95 хувьтай явж байна. Одоо сангийн тоноглол дутуу байгаа. Бидний зүгээс хэвлэлийн бага хурал хийж Б.Цогтбаяр хурандааг шалгуулахаар АТГ-д хандсан. АТГ бидэнд шалгаж байна гэсэн мэдээллийг өгч байгаа. Баримтаа өгсөн учраас нааштай хариу гарах байх гэж хүлээж байна. ЦЕГ-аас өнгөрөгч нэгдүгээр сард шинэ ажлын хэсэг байгуулсан. Ингэхдээ туслан гүйцэтгэгч компани болон гэрээ байгуулсан алба хаагчдыг дуудаж уулзаад гэрээг шалгаж эхэлсэн байна лээ. Гэхдээ энгийнээр тайлбарлавал бид орж ирсэн мөнгөнөөс давсан ажил хийж гүйцэтгэсэн.

-Уг төсөл хэзээ дуусах ёстой байсан юм бэ?

-Уг төсөл 2017 онд хэрэгжиж дуусах ёстой байсан. Тухайн үед 2015 онд гэрээ хийсэн мөртлөө 2016 оны найман сараас ажил эхэлсэн.

-Б.Цогтбаяр хурандаа танаас хоёр пентхаус, 30 байр нэхсэн гэсэн асуудал яригдаж байна. Энэ үнэн үү. Та хэн нэгнийг гүтгээгүй байгаа л гэж асууж байна?

 -Бодитой. Ер нь бол гэрээг байгуулахдаа цагдаагийн албанд ажиллахдаа орон сууцгүй, цагдаагийн байгууллагаас орон сууц авч үзээгүй байх шаардлага тавьж энэ гэрээг хийсэн. А блокт анхны зурагт орсноор хоёр пентхаус барьсан. Ажил хийхийн тулд бидэнд эргэлдүүлэх үндсэн хөрөнгө хэрэг болсон. Гэтэл Б.Цогтбаяр хурандаа “Удсан шалтгаан чиний буруу. Энийг чинь би шийддэг юм. Хэрвээ байр өгөхгүй гэвэл гэрээг  цуцаллаа. Өөр компаниар хийлгэнэ” гэсэн. Ингээд алдагдлаа нөхмөөр байгаагаа хэлэхээр нэг бол гэрээг чинь цуцална, үгүй бол мөнгө өг гэж байсан. Тэгээд цагдаатай харьцаж байгаа чамд бидэн шиг өмөг түшиг хэрэгтэй. Тэгэхээр хоёр пентхаус, 30 байр өг гэж нэхсэн. Гэтэл эхний байрыг би өрөндөө өгсөөр дахиад маргаан дэгдсэн. Хурандаа Б.Цогтбаяр бол ажлын хэсгийн дарга. Намайг ажил авахад цагдаагийн эрх ашиг хамгаалдаг ажлын хэсгийн даргаар томилогдсон. Манайхыг хянах, шалгах үүрэгтэй байтал энэ хүн хувийн тоглолт хийгээд явчихсан.

-Таны хувьд Б.Цогтбаяр хурандааг ямар үндэслэлээр АТГ-д шалгуулах болсон юм. Их хэмжээний мөнгө авсан гэдэг үндэслэлээр үү?

-Хоёр шалтгаанаар АТГ-д өгсөн. Нэгдүгээрт, нэг тэрбум төгрөг авсан нь үнэн. Тухайн үед миний ээж нас барахдаа өөрийнхөө гараар бичсэн баримтыг ослын газраас цүнхнээс нь олсон. Би бодохдоо ээжийг маш их дарамтад байсан гэж дүгнэсэн. Яагаад гэхээр ямар хүн баримт нь алга болчихно гэж айгаад өгсөн мөнгөний дүнг бичээд цүнхэндээ оёх юм бэ. Өмнө ч гэсэн энэ асуудлыг ярьдаг байсан.

Б.Цогтбаяр хурандаатай холбоотой хэрэг 2017 онд АТГ дээр шалгагдаад хаагдсан юм билээ. Энэ хэрэгт манай ээжийг давхар шалгасан. Тэгээд 2017 онд Б.Цогтбаяр АТГ шалгагдсанаас сарын дараа манай ээж өнгөрчихсөн. Би Б.Цогтбаяр хурандаад мөнгө авсан гэдгийг өөрт нь хэлж үзсэн.

Хоёр дахь шалтгаан нь надаас байр нэхсэн. Энэ асуудлыг АТГ шалгаад хариу дүгнэлт хийх байх гэж харж байна. Миний хувьд ямар нэгэн байдлаар цагдаагийн алба хаагч, олон хүний эрх ашгийг улс төртэй холихгүй гэсэн үүднээс чимээгүй болсон. Хэвлэлийн бага хурлын дараа энэ хэргийг улстөржүүлээд байна уу гэсэн “хар” яваад байсан. Гэхдээ энэ асуудал маш удаашралтай байна. Миний хувьд ч гэсэн хэцүү байна. Банкны хүү, барилгын материалын үнэ өсөөд хэцүү байна. Нэг ёсондоо цагдаагаас хамааралгүй хийе гэсэн ч асуудал хойшлогдчихлоо. Улсын комиссоор ороход сарын хугацаа байна.

-Цаашдаа яах төлөвлөгөөтэй байна вэ?

-Эхний блокоо ашиглалтад оруулчихсан. Б блокоо ашиглалтад оруулбал нийт 170 орчим  алба хаагч байрандаа орчихно. Урд талын барилга хоёр давхарт явж байна. Энэ дээр ЦЕГ-тай хамтарч ажиллаад аль аль талдаа хүндрүүлэхгүйгээр гэрээ хийхээр ажиллаж байна. Энийг бариулахгүй гэх юм бол би хохирлоо барагдуулна шүү дээ. Хүүнд гэхэд 900 сая, нийт 4.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ мөнгийг би бэлэн авъя гэж хэлээгүй. Захиалгын гэрээгээ шинэчилье гэдэг асуудлыг ярьж байна.

-Өмгөөлөгч Х.Бат-Ялалтыг “Бавгар” компанийн асуудлаас болж хорьсон гэж зарим иргэд хардаж  байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Өмгөөлөгч Х.Бат-Ялалт өмгөөлөх эрхгүй хүн байсан учраас асуудлыг улстөржүүлэхгүй гэсэн байр сууринаас бид гэрээгээ цуцалсан. Одоогийн хоригдсон шалтгаан нь УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгтэй холбоотой болохоос биш “Бавгар” ХХК-ийн асуудалтай холбоогүй.

-Ярилцсанд баярлалаа. 

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
БурууБуруу
9
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж