Covid-19-тэй тэмцэх бүтээн байгуулалтууд

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

Covid-19-тэй тэмцэх бүтээн байгуулалтууд

Covid-19-тэй тэмцэх бүтээн байгуулалтууд

Шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 анх 2019 оны арваннэгдүгээр сарын эхний хагаст БНХАУ-д бүртгэгдсэнээс хойш өдгөө дэлхий даяар 1 сая 346 мянга 566 хүн халдвар авч, 74 мянга 697 хүн нас баран, 278 мянга 695 хүн эдгэрчээ. Улс орнуудын эрүүл мэндийн салбар аймшигт цар тахлын өмнө хүч мөхөсдсөн тул Засгийн газрууд нь эмнэлгүүдийн ачааллыг бууруулах зорилгоор түр эмнэлгүүд байгуулж эхэлсэн юм.

БНХАУ хамгийн анх өвчин бүртгэгдсэн гэх Ухань хотод хоёр ч маш том хэмжээтэй эмнэлгийг ердөө 10 хоногийн дотор барьж, дэлхийг гайхшируулсан. Харин АНУ өвчний голомт болсон Нью-Йорк мужид Жэкоб К.Жавтис төв цэнгэлдэх хүрээлэн, USTA Билли Жийн теннисийн төвийг 350 ортой эмнэлэг болгон тохижуулжээ. Мөн 1000 ортой эмнэлэг болгон тохижуулсан USNS Comfort асар том усан онгоц өнгөрсөн долоо хоногт хүрэлцэн иржээ. Харин түүний эгч гэгдэх USNS Mercy онгоц Лос Анжелест 1000 өвчтөн хүлээн авч ажиллаж буй гэнэ.

Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр хүчирхэг гүрнүүд цар тахлыг нам дарахын төлөө хөлс хүчээ шавхан цэнгэлдэх хүрээлэн, үзэсгэлэн худалдааны танхим, машины зогсоол гээд ашиглах боломжтой бүх газрыг эмнэлэг болгон тохижуулж, боломжтой бол шинээр эмнэлэг барьж байна.

БНХАУ, ХУБЭЙ МУЖИЙН УХАНЬ ХОТ

Хуошеншань /галын бурхан/ эмнэлэг 25 мянган м.кв талбайд 10 хоног барьж, хоёрдугаар сарын 3-нд ашиглалтад оров. 1000 ортой.

Лэйшеншань /аянгын бурхан/ эмнэлэг 30 мянган м.кв талбайд 10 хоног барьж, хоёрдугаар сарын 6-нд ашиглалтад оров. 1600 ортой.

Вучан Хоншан стадион болон өөр 15 олон нийтийн спорт, соёл, урлагийн газрыг түр эмнэлэг болгон тохижуулсан нь амжилттай ажиллан өвчтөнгүй болсон тул өдгөө эргээд зориулалтын дагуу ашиглахад бэлтгэж буй. Нийт 5600 ортой.

БНХАУ, ХУБЭЙ МУЖИЙН ХУАНГАН ХОТ

Даби уулын эрүүл мэндийн төв эмнэлэг. Барилгын ажил нь 2013-2016 онд үргэлжлэн хэдийн дууссан ч дотоод засал тохижилтыг хийгээгүй байсан эмнэлгийн зориулалттай барилгыг нэгдүгээр сарын 25-28-нд тохижуулан ашиглалтад оруулав. 1000 ортой.

ОХУ, ГОЛОХВАСТОВ ТОСГОН

Москва хотоос өмнө зүгт 50 км зайтай Голохвастов тосгонд гуравдугаар сарын дундуур 600 ортой тусгаарлах эмнэлэг барьж эхлэв.

ИСПАНИ, БАРСЕЛОН ХОТ

Фира Барселөна Монтжүйс үзэсгэлэн худалдааны төвийг Фира Салут түр эмнэлэг болгон тохижуулав. 300 ортой.

ИСПАНИ, МАДРИД ХОТ

Ифема үзэсгэлэн худалдааны төвийг түр эмнэлэг болгон тохижуулав. 5500 орны багтаамжтай, яаралтай тусламжийн 500 ортой.

АНУ, НЬЮ-ЙОРК ХОТ

Төв цэцэрлэгт хүрээлэнд 68 ортой хээрийн эмнэлэг, түр цогцос хадгалах газар байгуулав. Удалгүй Жэкоб К.Жавтис конвеншн төв, Вестчестер төв, Нью Йорк коллежийн хоёр байр болон өөр мужуудтай нийлээд таван байгууламжийг түр эмнэлэг болгон тохижуулав. Нийт 4000 гаруй ортой.

Мөн USNS Comfort, USNS Mercy хэмээх тус бүр мянга, мянган ортой эмнэлэг усан онгоцонд байгуулан ажиллуулж байна.

 

БРАЗИЛ

Пасеамбу цэнгэлдэх хүрээлэнг 200 ортой түр эмнэлэг болгон тохижууллаа. Мөн Рио дахь Маракана болон өөр хоёр цэнгэлдэх хүрээлэнг түр эмнэлэг болгон тохижуулжээ.

ИХ БРИТАНИ

Зүүн Лондонд энгийн үед экспо зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг ExCeL үзэсгэлэн худалдааны төвийг NHS-ийн 4000 ортой түр эмнэлэг болгон хувиргажээ. Мөн өөр дөрвөн хотод 6230 ор бүхий таван түр эмнэлэг байгуулах төлөвлөгөө гаргасан байна.

ИТАЛИ

Ломбарди, Милан зэрэг олон хотуудад цэргийн хээрийн эмнэлгийн загвараар түр майхан эмнэлгүүд барьж өвчтөнүүдийг эмчилж байна.

ИРАН, ТЕГЕРАН

Тегеран хотын спорт цогцолборыг 2000 өвчтөн хүлээн авах хүчин чадалтай түр эмнэлэг болгожээ.

ПАЛЕСТИН

Газын зурвасын Рафах хотод хээрийн эмнэлгийн барилгын ажил гуравдугаар сарын дундуур эхэлсэн.

ЭНЭТХЭГ

Төмөр замын хөдөлгөөнүүдээ хааж, үйлчилгээнд хэрэглэгдэхгүй байгаа галт тэргүүдээ түр эмнэлэг болгон тохижуулсан. Ирэх долоо хоногт 5000 ор бэлэн болох бөгөөд шаардлагатай бол богино хугацаанд олон ор нэмэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж