"Шуурхай хуралдаж, бөөгнөрөл үүсгэхгүй баймаар байна"

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

"Шуурхай хуралдаж, бөөгнөрөл үүсгэхгүй баймаар байна"

"Шуурхай хуралдаж, бөөгнөрөл үүсгэхгүй баймаар байна"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.04.07/ хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өргөн барьсан юм. Төсөлд Монгол Улсын Үндсэн хуультай харшлахгүй тохиолдолд хуралдааны ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шат, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг цахимаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болохоор уян хатан хуульчлах шаардлагатай гэж үзэн, хуулийн төслийг боловсруулжээ.

Төсөл санаачлагч хуулийн төслийнхөө талаар таницуулсны дараа байнгын хорооны гишүүд асуулт асууж, тодруулга авсан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ:  

-Дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг цахим хуралдаанаар хэлэлцүүлж болох гэж бичсэн нь шууд хуулийг нь заах байдлаар оруулж болоогүй юм уу. Жишээ нь, Гамшгийн тухай хууль,  Онцгой байдлын тухай хуулийн  тэдэд заасанчлан ийм ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд цахимаар хуралдана гэж томьёолж болоогүй юм уу. Олон улсын хөл хориот өвчин гарсан гэдгийг яаж тодорхойлох юм.

Санал хураалтад гараа өргөснийг нь яаж мэдэх юм. Мөн нэгдсэн чуулганд  зарим гишүүд өрөөнөөсөө бус өөр газраас оролцоход саналын томьёоллыг нь яаж оруулах юм бэ. Дэмжсэн, дэмжээгүй гэдгийг УИХ-ын дарга тогтооход хэцүү. Zoom программд саналын томьёоллыг нь бичээд доор нь дэмжинэ, дэмжихгүй гэсэн санал нь байдаг юм билээ. Ийм байдлаар саналыг нь оруулж болохгүй юм уу. Санал хураалтын үед маш их маргаан дэгдэхээр асуудал гарна шүү. Ялангуяа цахим хуралдааны үеэр  хүн нүдээрээ харж асуултыг ойлгоод дэмжих, үгүй эсэхээ дардаг. Гэтэл одоо бол  тусгаарлагдсан орчинд болж байна. Цахим хурлын программын мэдээлэл солилцох гэсэн хэсэгт энэ асуудлыг шийдэх боломж бий юу. Асуудалтай холбогдоогүй үг бичих гэдгийг юу гэж ойлгох юм бэ. Хоёр хүн чатын дундуур нь Сайн уу гээд бичихэд асуудалтай холбогдолгүй гээл хасна гэсэн үг үү. Хуулийг баталсан өдрөөс эхэлж дагаж мөрдөнө гэж заасан байна, хэрэгжих хугацаа нь хэзээ дуусах юм бэ. Ямар нөхцөлд онцгой нөхцөл дуусаад хуралдааныг хэвийн явуулна гэж үзэх үү. Үүний томьёоллыг тодорхой болгох хэрэгтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

-Гамшгийн тухай хуулийг өмнөх парламентын үед баталж байсан. Тухайн үед би ажлын хэсгийг нь ахалсан. Бүрэн дүүрэн хараагүй зүйлүүд бий. Гамшгаас хамгаалах хуульд гамшиг гэдэг нь аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх дурсгалын зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг хэлнэ гэж заасан. Аюулт үзэгдэл гэдэг нь хүчтэй цасан болон шороон шуурга, ган зуд, үер, газар хөдлөлт, гал түймэр хүн мал амьтны гоц халдварт өвчин гарах, хортон шавж, мэрэгч тархахыг хэлнэ. Тиймээс аюулт үзэгдэл гэдэг рүү хамруулах гэхээр хүн, малын гоц халдварт өвчин гэдэгтэй дүйцэхгүй байгаа юм. Эрүүл мэндийн тухай хуульд олон улсын хөл хориот өвчин гэж олон улсын эрүүл мэндийн байгууллагын дүрэмд заасан өвчнийг хэлнэ. Энэ дотор цах тахал нь багтаж байгаа. Олон улсын хөл хориот өвчин гарсан гэдэг томьёоллоор явья гэж тогтсон.

Цаашдаа Гамшгаас хамгаалах хуульдаа өөрчлөлт оруулж нарийн зохицуулалт хийх шаардлага бий. Өнөөдөртөө бид Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа олон улсын хөл хориот өвчний онцгой тохиолдолд гэж явна. Өөр улсад хөл хориот өвчин гарахгүй зөвхөн манай улсад гарсан тохиолдолд яах вэ гэдэг асуудал гарна. Тиймээс олон улсын хөл хориот өвчин гэдэгтээ багтаад явах юм билээ. Хоёр ба түүнээс дээш улсад олон улсын хөл хориот өвчин гарсан тохиолдолд энэ хууль үйлчилнэ гэж үзэж болохгүй. Түр эсвэл бүр дэг байх уу гэдэгт байнгын байх нь зөв гэж үзсэн. Цаашдаа онц байдал, дайны байдал зарласан  зарласан үед мөн олон улсын олон улсын хөл хорио тогтсон үед Дэгийн тухай хуульдаа байж байсан нь зөв. Шаардлагатай  үед энэ хуулиа ашиглана гэсэн үг. Хэвийн горимд шилжлээ гэдгийг Засгийн газар, УОК шийдвэрээ гаргана.

УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Ж.ЭЛБЭГЗАЯА:

-Цахим хуралдаанд хоёр төрлийн программ хангамж ашиглана. Хэлэлцүүлгийн болон санал асуулгын программ хангамж юм. Хэлэлцүүлгийнх нь олон улсад ашигладаг бол санал хураалтын программыг үндэсний ААН-ийн тусгайлан манайд зориулан хөгжүүлсэн программ. Санал хураалтад ашиглахаар  хоёр программыг бэлтгэсэн. Гишүүд санал өгөхдөө дүрсээ харуулж гараа өргөх эсвэл цахим байдлаар буюу хэлэлцүүлгийн программуудад гар өргөх гэсэн функцтэй. Санал хураалт явуулах хоёр программын аль алинд нь саналын томьёолол бичих боломжтой.  Тухайн үед гишүүдээс зарчмын зөрүүтэй саналууд гарсан үед дараа нь нөхөөд оруулах боломжтой. Урьдчилаад санал хураалтыг оруулж болно.

АЖЛЫН ХЭСЭГ:

Саналын томьёоллыг дэлгэц дээр харуулна. Санал хураалтын цэнхэр дэлгэц дээр саналын томьёолол дээр нь гарч доор нь тийм, үгүй гэсэн улаан, ногоон товчлуур гардгаараа гарна. Санал хураалтын одоогийн системтэй адилхан.

АЖЛЫН ХЭСЭГ:

Цахим хуралдааны дэгээр хаалттай хуралдааныг явуулах боломжгүй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Дэгийн тухай хуулиар хуралдааны ирцийг заавал хурууны хээгээр бүртгүүлдэг. Тэгвэл УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хуралдааны ирцийг хурууны хээгээр бус цахимаар бүртгүүлэх боломж нээгдэнэ. Өөрөө хүрэлцэн ирэх боломжгүй үед өрөөнөөс болон алсаас ирцээ бүртгүүлэх боломжтой. Зарчмын зөрүүтэй томьёолол гаргахад одоогийнх шиг урьдчилан бичгээр өгсөн томьёоллуудыг бэлтгээд цахимын листийн дараалалд оруулж доор нь саналаа өгөөд явна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:  

Асуудалтай холбогдолгүй үг гэдэг нь юу юм бэ. Үүнийг заавал Дэгийн тухай хуульд оруулах шаардлагатай байсан юм уу. Хоёрын хооронд маргааны сэдвийг оруулчихлаа.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Д.Лүндээжанцан гишүүн хуулийн төслийг өргөн барих үед хуралдааны программ бичигдэж эхлээгүй байсан. Цахим хуралдаан нь хөндлөнгийн нөлөөллөөс тасрах, сүлжээ доголдох зэрэг асуудал гарах магадлалтай учраас тухайн үед гараа өргөх нь найдвартай гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Программыг ТЕГ, технологийн газрууд шалгасан. Техникийн шийдэл бол ярвигтай нэлээд олон хоногийн хугацаа шаардагдсан. Одоогийн үйлчилж буй Дэгийн тухай хуулиар санал хураалтыг гараар, цахимаар, нууцаар өгөх гэсэн төрлүүд бий. Янз бүрийн юм гарвал гэдэг үүднээс гарцууд  олон байх нь зөв гэж асуудалд хандсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН:

 Онцгой нөхцөлд парламент тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ үүднээс цахимаар хуралдах дэгтэй болъё гэдэг саналыг дэмжиж байна. Өнөөдөр нөхцөл байдлын улмаас дэлхий нийт хүнд сорилттой тулгарч байна. Энэ үед маш хурдан шийдвэр гаргах шаардлагатай болчхоод байгаа юм. Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулж тухайн хуулийн төслийг өргөн барьдаг, хэлэлцэх процессуудыг хялбарчилмаар шаардлага мөн тулгарч байна. Өнөөдөр бид хэд хэдэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулъя гэтэл хуулийн хэлэлцүүлгийн шат дамжлага нь маш удаан байгаа. Гэтэл өдөр хоногоор бус цагаар нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Хэлэлцүүлгийг 3-4 үе шаттай явдаг. Зарим яаралтай хуулийн төслүүдийг хялбаршуулах аль болох хурдан хэлэлцүүлдэг байх талаар санал байна уу.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

 -Цахим дэгтэй холбоотой асуудлыг яръя. УИХ-ын тухай хуулийг боловсруулаад дууссан. УИХ-ын хуралдааны дэгийн хууль маш их өөрчлөгдөж байгаа. Мөн бэлэн болсон удахгүй өргөн барина. Үүн дээр бүх зүйлээ ярьж явъя гэж үзсэн. Цахим дэгийг Дэгийн хуульдаа мөн суулгаж өгнө. Хуулийн хэлэлцүүлгийн үе шатыг богиносгох боломжгүй. Энэ хуулийг анхны хэлэлцүүлгээр баталж болно. Гэхдээ зарчмын зөрүүтэй санал гарвал заавал гурав дахь хэлэлцүүлгээр батална.Үүнийг байнга ашиглаад яваад байж болохгүй. Хэвийн байдалдаа оронгуут хуучин дэгээрээ хуралдана. Цаашдаа юу болохыг таашгүй. Бид өөрсдөө эрсдэл гаргах эрхгүй. Тиймээс цахим дэгийг нэн яаралтай хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

– ОБЕГ, Гамшгаас хамгаалах тухай хууль, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна. Дайн дайны байдлын тухай хуульд оруулсан болохоос олон улсын хөл хорионы тухай алга. Муу хууль хийсэн байна, та хэд. Коронавирусээс урьдчилан сэргийлэх бодлогын баримт бичгийг АН-ын зөвлөл өргөн барьсан. Хуулиараа Засгийн газрын саналыг заавал авсан байх ёстой. УИХ-ын Тамгын газар бүрдэл хангаагүй гээд хүлээж аваагүй. Тэгэхээр энэ санаачилгуудыг хуульд яаж тусгаж болох вэ. Энэ цаг үед  1.2 сая хүн хэзээ эмчлэгдэж дуусна түүний дараа энэ хөл хорио цуцлагдаж таарна.  Бусад улсын парламент онцгой дэгээр гээд долоо хоногийн дотор шаардлагатай хуулиудаа баталж байна. Энэ хуулийг өнөөдөртөө хэлэлцэх эсэхийг шийдээд анхны хэлэлцүүлгээр батлах шаардлагатай байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

-Гамшгаас хамгаалах тухай хууль, Онц байдлын тухай хуулийг 1995 онд баталсан. Одоо эргэж харж нарийн зохицуулж өгөх хэрэгтэй гэж үзээд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Онц байдал зарласан ч дайны байдал зарласан ч яаж шуурхай төрийн үйл ажиллагааг явуулах вэ гэдэг дээр бүх юманд захирагдана.

УИХ-ЫН ГИШҮҮН, ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА С.БЯМБАЦОГТ:

-Хуулийн төслийг дэмжинэ. Гэхдээ 5.5 дээр онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд цахимаар хуралдана гэж байна. Гэхдээ онцгой дэглэм гэдгийг хэн тогтоох вэ. Өнөөдөр Монгол Улсад онцгой нөхцөл байдал үүслээ гэж үзэх үү. Манайд өнөөдрийн байдлаар хяналтаа алдаагүй байна. УИХ цахим хуралдаад эхэллээ гэхээр төрийн бусад байгууллагууд цахимаар хуралдаад эхлэх үү. Парламентын үйл ажиллагааны үндсэн зарчим мэтгэлцэх. Гэтэл гар утасны цаанаас нэг нь асуусан болоод нөгөө нь хариулсан болоод явах нь хэр зөв вэ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Онцгой нөхцөл байдалд байгаа учраас л цахимаар хуралдах болж байгаа юм. Ердийн нөхцөл байдал байсан бол юу гэж ийм зүйл гарах вэ. Олон улсын хөл хориот онцгой нөхцөл гэдэг бол Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан өвчнийг хэлнэ гэж байгаа юм. Тэгэхээр энэ цар тахал энэ жагсаалтад орсон.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХБОЛД:

Энэ онцгой нөхцөл байдал чуулган, байнгын хорооны хуралдаан богино хугацаад хуралдаж оновчтой саналуудаа хэлж аль болох удаанаар сууж бөөгнөрөхгүй байх тал дээр анхаармаар байна. Нэгэнт хүн өөрийн өмнө тулгарсан зүйлээ хуульчилж гаргадаг жамтай. Үүнээс өмнө Гамшгийн тухай хуульд зудын тухай асуудал, энэ үед ямар, ямар арга хэмжээг авах гэдгийг тусгаж байсан. НҮБ-д хүртэл зуд гэдэг монгол үгийг бүртгүүлж байсан. Тухайн үед Монгол Улсад амаргүй нөхцөл байдал  тулгарч байсан. Өнөөдөр дэлхий дахинд тархсан цар талын үед бид яаж хуралдах вэ гэдэг Дэгийн хуулиа ярьж байна. Одоо батлагдсан хуулийнхаа хүрээнд асуудлыг шийдээд явах ёстой гэж би хувьдаа үзэж байна. Жишээ нь Гамшгийн тухай хуульд өдөр тутмын бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдал гэсэн гурван бэлэн байдлын зэрэг бий. Тухайн гамшиг, ослыг аль зэрэг нь оруулах уу гэдгийг хэн тогтоох уу гэдгийг мөн заачихсан.  Өнөөдөр бүх нийтийн бэлэн байдлыг зарласан энэ үед бид цахимаар хуралдах гэдгийг Дэгийн тухай хуульдаа оруулах гэж байгаа ийм л  өөрчлөлт. Энэ нь хуульдаа байнгын байдаг, хэзээ хэрэглэх үү гэдэг нь Засгийн газар бүх нийтийн бэлэн байдлыг зарласан үед УИХ-ын дарга захирамж гаргаад горимд шилждэг байх ёстой. Түүнээс биш тусад нь хууль гаргаад байх хэрэггүй. Асуудлыг хөнгөн, түргэн түргэн шийдэх шаардлагатай. Өнөөдөртөө энэ хуулийг батлахгүй бол  болохгүй.

Үүгээр байнгын хорооны хэлэлцэх асуудал дууссан тул хуралдааныг хаалаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж