Франц улсад өнгөрөгч хоногт 833 хүн нас барсан нь Европт коронавирусийн халдвар тархсанаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсад халдварын 8911 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт 98010 хүн халдвар авчээ. Францын эмнэлгүүдэд эмчлүүлж байсан 605 хүн нас барсан бол 228 хүн гэрээр эмчлүүлж байгаад өөд болжээ.
Италид нас баралт сүүлийн хэдэн хоногт буурч байсан ч Даваа гаригт дахин нэмэгдэж, шинэ коронавирусийн халдвартай 636 хүн нас барсан аж. Гэсэн Италид халдвар гарснаас хойш нийт 16523 хүн нас барсан нь Европ тивдээ хамгийн өндөр байна. Харин шинээр халдвар авсан хүний тоо өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1941 байсан нь буурч буй үзүүлэлт аж.
Испани улсад нас баралт дөрөв дэх өдөртөө дараалан буурсан эерэг мэдээ байна. Испанид Даваа гаригт 637 хүн нас барсан нь сүүлийн 13 хоног дараалан нас баралт буурсан үзүүлэлт. Тус улсад нийтдээ 13341 хүн нас баржээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвараар өвчилж, өчигдөр орой эрчимт эмчилгээнд орсон нь олон хүний санааг зовоож байна. Тэрбээр халдвараар өвчилж, бие нь хүндэрсэн анхны өндөр албан тушаалтан болжээ. Тус улсад 439 хүн халдвараар нас барснаар нийтдээ 5373 болжээ. Энэ нь мөн буурсан үзүүлэлт. Үүний зэрэгцээ Данийн ерөнхий сайд дөрөвдүгээр сарын 15-аас сургууль, цэцэрлэгийг дахин нээхээ зарласан нь хөл хориог сулруулж байгаа аж.
Дэлхий даяар нийт 74 мянга гаруй хүн коронавирусийн халдвараар нас барсны 50 мянга гаруй нь Европт тивд байна. Халдварын голомт Хятад улсад Даваа гаригт 32 хүн шинээр халдвар авсан нь тогтоогдсоноор нийт 81740 болсон ба нас баралт бүртгэгдээгүй.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ