Усан оргилуураас илүү олныг татах Гүнжийн нүдэн нуур

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

Усан оргилуураас илүү олныг татах Гүнжийн нүдэн нуур

Улаанбаатар хотын гэр хороолол дунд хоёрхон нуур байдгийн нэг нь Гүнжийн нүдэн нуур

Усан оргилуураас илүү олныг татах Гүнжийн нүдэн нуур

Улаанбаатар хотын гэр хороолол дунд хоёрхон нуур байдгийн нэг нь Гүнжийн нүдэн нуур. Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Гүнжийн нүдэн нуур нь 2.2 га хэмжээтэй бөгөөд байгалийн өвөрмөц тогтоцтой, ус нь дундардаггүй. Байгалийн өвөрмөц тогтоцыг ашиглан гэр хороолол дунд ч амралт зугаалгын газар байгуулах боломжтой гэдгийг өдрийн сурвалжлагаараа бэлтгэхийг зорилоо.

“ГҮНЖИЙН НҮДЭН НУУРТ АНГИР ШУВУУ ИРДЭГ БАЙСАН”

Өмнө нь модон саравч нь нурж, хогонд дарагдсан дүр зурагтай угтдаг байсан Гүнжийн нүдэн нуур өнгөө засчээ. Нуурыг тойруулан төмөр хашаа татсан байв. Хашаан дотроо явган хүний тойрог замтай. Бас хүүхдийн тоглоом, харуулын байр, сагсан бөмбөгийн талбай, номын сангийн байшин барьсан нь нүдэнд тусна. Биднийг очиход цаг агаар тогтворгүй, хүчтэй салхитай байсан учраас Гүнжийн нүдэн нуур орчимд хүн цөөн байлаа.

Хашааны хаалга болгон дээр “Та маскаа зүүнэ үү”, “Энд хог хаяж болохгүй” гэдэг бичгийг байрлуулжээ. Нуурыг тойрсон хашаа болгонд хогоо хаях шуудайг өлгөснийг харвал харж хандах эзэнтэй болсон нь илт. Ойр орчмын хог хаягдал ч багассан байлаа.

Хэдийгээр Гүнжийн нүдэн нуур орчмыг тохижуулж байгаа ч нуурын эко систем алдагдаж, бохирдол дээд цэгтээ хүрсэн гэдгийг оршин суугчид хэлж байгаа юм.

“Манайх урд дэнж дээр байдаг юм. Нуур орчимд агаар сайтай л даа. Өвөл жаахан жавар ихтэй. Хүмүүс өглөө эрт нуурын талбай дээр цугларч, их гүйнэ. Одоогоор шинэ коронавирусын халдвар дэгдээд хүмүүс цуглахгүй байна. Энэ нууранд маань жил бүр гурван ангир ирдэг байсан энэ жил огт харагдсангүй. Хүүхэд багачууд маань энд тоглох их дуртай” хэмээн З.Мөнгөн гуай ярилаа.

“НУУР ДОТОРХ ХОГИЙГ ЦЭВЭРЛЭВЭЛ ӨЧНӨӨН ТОНН ХОГ ГАРНА”

Гүнжийн нүдэн нуур 185 метр урт, 120 метрийн өргөнтэй. Нуур тэр чигтээ бохирдож, ногоон замгаар бүрхэгджээ. Уг нуурын ойр орчмыг тохижуулахаар 2019 онд улсын төсвөөс 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн байна.

Тодруулбал, нуурын дотор талд хамгаалалтын хашаа, сагсан бөмбөгийн талбай, хуучин байсан хүүхдийн тоглоомыг шинэчилж, явган хүний болон дугуйн зам шинээр тавьсан. Сүүдрэвч, сандал, БНСУ-ын хөрөнгө оруулалтаар хүүхдийн номын санг байгуулсан. Энэ хавраас үргэлжлүүлэн ногоон байгууламжийн ажлыг хийх гэнэ.

Тус дүүргийн наймдугаар хорооны иргэн А.Чинзориг “Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнгээ нурааж, шинэчилж байхаар гэр хороолол дахь амралт зугаалгын талбайгаа тохижуулах шаардлагатай байна. Гүнжийн нүдэн нуур орчмыг бага багаар тохижуулаад, нэг үеэ бодоход сайхан л болж байна. Гэхдээ нуур доторх хог хаягдлыг цэвэрлэх шаардлагатай байна. Өнгөрсөн намар нуур орчмын тохижилтын ажлыг хийсэн. Хүмүүс өглөөд нуур тойрч их гүйнэ. Хүүхдүүдээ салхилуулна. Манайхыг 1993 онд нуурын ойролцоо хашаа хатгахад энэ нуур яг л ийм байсан. Гүнээсээ ундаргатай нуур юм шиг байгаа юм. Нэг хэсэг айлууд хогоо аваачаад л нуур руу шидчихдэг байлаа шүү дээ. Хавар болж мөс нь хайлаад л нуурын гүнд унадаг байсан. Энэ нуурын гүн дэх хогийг цэвэрлэвэл өчнөөн тонн хог хаягдал гарах байх. Ядаж энэ нуурыг хогноос нь бүрэн салгаж, цэвэршүүлмээр байна” хэмээн хэллээ.

“НУУРЫН ЭХ УНДАРГА ДЭЭР АЙЛУУД ХАШАА ХАТГАЖ, УСАНД АВТДАГ”

Нуур хөрсний усны ундаргатай учраас бороо орох бүрт үерлэж, зарим айлын хашаа усаар дүүрдгийг ойр орчмын оршин суугчид нь хэлсэн. Ийм байдал жил болгон л давтагддаг аж. Учир нь нуурын эх ундарга руу айлууд түрэн орж, хашаа хатгаснаас үүдэлтэй.

Тус хорооны Засаг дарга Х.Эрдэнэтуяа “Манай хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнжийн нүдэн нуурыг тохижуулахаар 2019 онд улсын төсвөөс 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн. Уг ажил өвлийн улиралд эхлэхэд түр зогсч, одоо үргэлжлүүлэн тохижилтыг хийх юм. Тодруулбал, нуурын дотор талд хамгаалалтын хашаа, сагсан бөмбөгийн талбай, хуучин байсан хүүхдийн тоглоомыг шинэчилж, явган хүний болон дугуйн зам шинээр тавьсан. Сүүдрэвч, сандал, БНСУ-ын хөрөнгө оруулалтаар хүүхдийн номын санг байгуулсан. Одоо ногоон байгууламжийн ажил үлдсэн. Өмнө нь Гүнжийн нүдэн нуурыг тойроод 30-50 метр газарт айл буулгадаггүй байсан. Энэ ундаргатай нуур. Нэг хэсэг нуурын ус татарч, нуурын ус ч нэлээд багассан. Тэр үед нь айлууд нуурын газар руу түрж хашаа татах болсон. Гэтэл сүүлийн дөрөв, таван жилд хур бороо их орж, нуурын ундарга сэргэж эхэлсэн. Үүнээс болж газрын гүнээс ус ундраад, зам талбай эвдэж өөрсдөд нь ч хүндрэлтэй байгаа.

Гүнжийн нүдэн нуурыг ойр орчинд нь амьдардаг хүмүүс л мэдэхээс бусад хүмүүс төдийлөн сайн мэддэггүй байсан. Сүүлийн үед хүмүүс мэддэг болж, зуны цагт салхилж, амарч зугаалах болсон.

Бас тохижуулж, хамгаалахгүй бол хааяа ганц нэг бага насны хүүхдүүд эндэх тохиолдол ч гарч байлаа. Тиймээс нуурын бүсэд давхар хамгаалалтын хашааг хийсэн. Хүмүүс “Өмхий нуур” гэж хэлэх нь бий. Гэхдээ айхтар өмхий үнэр бол үнэртдэггүй. Ойр орчмын хүүхдүүд энэ нуурын хөвөөнд л тоглож өссөн. Ерөнхийдөө бол нуурын ус бохирдол ихтэй. Бид жил бүр л өөрсдийнхөө хэмжээнд нуурын захаар байгаа хог хаягдлыг цэлвэрлэдэг. Цаашдаа нуурын гүнд байгаа хогийг техникээр сайтар цэвэрлэх шаардлагатай байгаа. Хүмүүс бол нуурын гүнд маш их хог байгаа гэж ярьдаг” гэв.

“ТОХЬТОЙ АМРАЛТЫН ЦЭГИЙГ БАЙГУУЛБАЛ ХОТ ДОТОР БАЙХГҮЙ НУУР”

Нийслэлийн захиалгын дагуу Барилга, хот байгуулалтын яам болон Сангийн яамаар дэмжигдэж. Азийн дэд хотуудын холбооны санхүүжилтээр “Соёлын өвийн хамгаалах” төслийн урьдчилсан ТЭЗҮ-г 2017 онд боловсруулсан. Энэ томоохон хэмжээний төсөлд Гүнжийн  нүдэн нуур бас багтжээ.

Энэ талаар урьдчилсан ТЭЗҮ боловсруулахад хамтарч ажилласан “Нью урбанизм” компанийн захирал З.Туяа “Өнөөдөр Улаанбаатар хот хэт тэлж, өөрийнх нь түүхэн үнэ цэнэтэй дурсгалт барилгууд нь алслагдсан бүст байснаа хот тэлэлтийн улмаас суурьшлын бүсэд байх болсон. Ингэснээр Дахин төлөвлөлтийн тухай хуулиар зарим түүхэн дурсгал устаж, үгүй болчих гээд байна. Гэтэл түүхэн дурсгалаас эхлүүлээд байгалийн өөрийнх нь тогтоцыг ашиглаад, гэр хороололдоо эдийн засгийн үр өгөөжөө өгөх тулд уг төслийн урьдчилсан ТЭЗҮ-г хийсэн. Урьдчилсан ТЭЗҮ боловсруулаад явж байгаа төсөл. Цаашид ТЭЗҮ-г боловсруулж, хэрэгжүүлэх ёстой.

Нийслэлийн захиалгын дагуу Барилга, хот байгуулалтын яам болон Сангийн яамаар дэмжигдэж. Азийн дэд хотуудын холбооны санхүүжилтээр энэ урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулсан. Энэ томоохон хэмжээний төсөлд Гүнжийн нүдэн нуур болон Хамбын овоо багтсан.

Гэр хороололд гудамжаас өөр нийтийн зориулалттай газар байхгүй. Гэтэл сүүлийн жилүүдэд тухайн орчиндоо хүүхдийн талбай амралтын цэг байгуулахаар оролдож байгаа ч байгалийн тогтолцоонд нь сөргөөр нөлөө үзүүлээд байгаа асуудлууд гарч байна. Тиймээс энэ нуурыг хамгаалангаа цогцоор нь хөгжүүлэх боломж байна уу үнэлгээ хийж гаргасан. Гүнжийн нүдэн нуур орчмыг илүү оновчтой зохион байгуулж, тохьтой амралтын цэгийг байгуулбал хот дотор байхгүй нуур” гэв.

“ГҮНЖИЙН НҮДЭН НУУРЫГ ТҮШИГЛЭН НОГООН БАЙГУУЛАМЖ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН”

Мөн нийслэлийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө буй 44 нэгж хорооллын төлөвлөгөөнд тусгагдсан Баянхошуу нэгж хорооллын 325 га газарт Гүнжийн нүдэн нуурыг түшиглэн ногоон байгууламж хийхээр хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн ерөнхий инженер Г.Жанлавцогзол ярихдаа “Гүнжийн нүдэн нуур нь Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд байдаг. Одоо тодорхой хэмжээний тохижилтын ажлыг хийгээд байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар “Соёлын өвийг хамгаалах” төсөл хэрэгжүүлэхээр урьдчилсан ТЭЗҮ-г 2017 оны долдугаар сард боловсруулсан. Одоо төсөл хөтөлбөрөө батлуулах шатандаа явж байна.

Уг төсөлд Гүнжийн нүдэн нуурыг Хамбын овоотой холбосон явган хүний зам болон дугуйн зам хийхээр урьдчилсан зураг төслийг нь гаргаж хавсаргасан. Цаашдаа энэ тохижилтын ажлыг нийт 19.9 га газарт хэрэгжүүлэхээр төлөвлөж, урьдчилсан ТЭЗҮ-гээр Хамбын овоо, Гүнжийн нүдэн нуур, хуучин тоосгоны үйлдвэрийн дахин төлөвлөлтөд 52.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцоолсон байдаг. Соёлын өвийг хамгаалах төслийнхөө таван багц ажлын хамгийн том хэсэг нь юм” гэдгийг хэлсэн юм.

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
77
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж