“Хачигт халдварын 40 гаруй тохиолдол бүртгэгдсэн”

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

“Хачигт халдварын 40 гаруй тохиолдол бүртгэгдсэн”

“Хачигт халдварын 40 гаруй тохиолдол бүртгэгдсэн”

Монгол Улсад хачиг, бэтгийн халдварт өвчлөлийн асуудал тулгамдсан асуудал болоод байна. Хуучин мал, ан амьтны боом, галзуу, тарваган тахал зэрэг нутагшмал халдваруудыг бүртгэж, сэргийлэх арга хэмжээг авдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд хачгаар хүнд дамжих халдварыг эрчимтэй бүртгэж эхэлсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлэх болсон. Ингээд хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэнтэй холбоотойгоор Зооноз өвчин судлалын үндэсний төвийн Тархвар судлагч эмч Л.Роломжаваас тодруулга авлаа.


Хаврын улиралтай зэрэгцэн хачигт халдварын тохиолдол  нэмэгддэг. Монгол Улсад хэчнээн төрлийн хачигт халдвар албан ёсоор бүртгэгдээд байна вэ?

-Ерөнхийдөө олон улсын өвчний аравдугаар ангилал гэж бий. Үүнд хачгаар дамжин халдварлах 28 өвчин бүртгэгдсэн байдаг. Монгол Улсад 2005 оноос хойш гурван төрлийн хачигт халдвар буюу хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз бүртгэгдсэн юм. Эдгээр гурван төрөл нь үүсгэгч, дамжуулагч, эмнэл зүйн хувьд өөр өөр байдаг.

Хачигт энцефалит өвчин нь ойн хачгаар дамжин халдварладаг. Вирусээр үүсгэгддэг, Төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, уналт таталт, саа саажилт зэрэг шинжүүд илэрдэг. Мөн Монгол орны найман аймаг 17 суманд хачигт энцефалитийн байгалийн голомт тэмдэглэгдсэн байна.

Хачигт боррелиоз өвчин нь нянгаар үүсгэгдэж, иксодын төрлийн хачгаар дамждаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Эмнэл зүйн хувьд толгой өвдөх, халуурах, бие сулрах, булчин үе мөчөөр өвдөх, бие дээр цагирган тууралт гарах зэрэг шинжүүд илэрдэг.

Хачигт риккетсиоз өвчин нь бэлчээрийн бор хачгаар дамжин халдварладаг. Риккетси буюу нянгаар үүсгэгддэг. Эмнэл зүйн хувьд халуурах, толгой хүчтэй өвдөх, тууралт, тунгалагийн булчирхайн үрэвсэл, хачигт хазсан газарт үрэвсэх зэрэг шинжүүд илэрдэг. Хачигт риккетсиоз өвчин нь 12 аймаг, 53 сум, нийслэлийн таван дүүрэгт байгалийн голомт тэмдэглэгдсэн байна.

Дээрх гурван төрлийн өвчнөөс хачигт энцефалит өвчин нь халууралт хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг, эмнэлзүйн хүнд хэлбэрээр илэрдэг, хүндрэл, үлдэц ихтэй өвчин.

-Өнгөрсөн жил нийт хэчнээн хүн хачгийн халдварт өртсөн бэ?    

-Монгол Улс 2005 оноос хойш хачигт халдварыг бүртгэж эхэлсэн гэдгийг хэлсэн. Өнгөрөгч 2005-2019 онд 5626 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүний 35 хувь нь эмнэл зүй, тархвар судлал, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байдаг. Өнгөрсөн онд нийт 890 тохиолдол бүртгэгдсэн. Энэ жил он гарсаар гурав, дөрөвдүгээр сард сэжигтэй тохиолдлууд бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар гэхэд 40 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

Тодруулбал, Архангай, Дундговь, Өмнөговь, Говь-Алтайгаас хачигт халдварын тохиолдол илэрлээ. Ер нь аймгуудыг авч үзвэл, Сэлэнгэ, Булган аймгаас ихэвчлэн бүртгэгддэг. Харин бэлчээрийн бор хачигт халдвараар Говь-Алтай, Архангай аймгаас бүртгэгддэг.

-Хачигт халдвараар нас барах тохиолдол гарсан  уу?

-Өнгөрөгч 2005 оноос хойш хачигт халдвараар нас барсан 17 тохиолдлыг бүртгэсэн.

Зоонозын өвчлөлийн 80 гаруй хувийг хачигт халдвар эзэлдэг гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Жишээлбэл, Монгол Улсад 2019 онд зоонозын өвчлөлийн 1100 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 80 гаруй хувь гэхээр 890 тохиолдол хачигт халдвараар бүртгэсэн гэсэн үг. Галзуу өвчний тохиолдол 100 гаруй, боом хоёр тохиодол бүртгэгдээд байна.

-Хот суурин газруудаар хачигт халдварын тохиолдол хэр бүртгэгддэг бол?

-Улаанбаатар хотыг тойрсон Богд уул, Найрамдал зуслан, Гүнтийн зусланд хийсэн судалгаагаар ойн хачиг илрээгүй. Суурин газар мал бага байдаг учраас бэлчээрийн бор хачгийн тохиолдол харьцангуй бага байдаг. Гэхдээ бэлчээрийн бор хачгийн өвчлөл нийслэлийн зургаан дүүрэгт бүртгэгдээд байна.

ХАЧИГТ ХАЛДВАРААР ӨВЧЛӨХӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

  • Халдварын голомттой газруудаар явахдаа хачиг харагдахуйц тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх
  • Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах
  • Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх
  • Хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж, сугалан авах
  • Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар нутагт зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах.
  • Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах,
  • Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж