УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлсэнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.
-Онцгой нөхцөл үүссэнтэй холбоотойгоор хаврын чуулганы нээлтийг цахимаар зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганы үр дүн, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
-Энэ парламентын отгон чуулган маш чухал, хамгийн хариуцлагатай чуулган. Хаврын чуулган цаг үеийн амаргүй нөхцөл байдалд хуралдах нь. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх онцгой нөхцөлд бид өндөр зохион байгуулалт, сахилгатай ажиллах шаардлага үүсч байгаа. УИХ, ялангуяа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өөрсдөдөө өндөр шаардлага тавьж, чуулгандаа идэвхтэй оролцож, цаг үеийн шаардлагатай асуудлуудыг хурдан, шуурхай шийдвэрлэх ёстой гэдэгт санал нэгдсэн. Өчигдөр хаврын чуулганы нээлтийн дараа намын бүлэг хуралдаж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас гаргасан холбогдох шийдвэрүүдийг хууль эрхзүйн хувьд баталгаажуулж, энэ долоо хоногоос эхлээд хэлэлцэн батална.
-Парламент өмнө нь цахимаар хуралдаж байгаагүй, шинэ алхам хийгдэж байна. УИХ-ын хаврын чуулганыг цахимаар зохион байгуулах нь ажил хэрэгч байж чадах уу?
-Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ. Чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааныг эрсдэл багатай, шуурхай хуралдуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг цахим хуралдаанаар хэлэлцүүлж болох дэгийг дээрх хуульд тодорхой тусгасан.
УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хороодын хуралдааны танхимуудад тогтоосон зай хэмжээнд тодорхой тоогоор хуваагдан сууж чуулганы нээлтэд цахимаар оролцоод явна. Тийм учраас хаврын чуулган цахимаар хуралдахад ажил хэрэгч байдал алдагдана гэж харахгүй байна.
-Сонгуулийг хойшлуулах тухай саналаа Ерөнхийлөгч хаврын чуулганы нээлтийн үеэр дахин хэллээ. МАН-ын бүлэг үүнд ямар байр суурьтай байна вэ?
-МАН-ын бүлгийн байр суурь маш суурь тодорхой байгаа. Өнөөдөр УИХ-ын сонгуулийг хойшлуулах нөхцөл байдал үүсээгүй байна. Тийм учраас УИХ-ын ээлжит сонгуулийг аль болох хугацаанд нь явуулах нь зөв гэж бүлгийн гишүүд үзсэн. Нөгөөтэйгүүр, парламентын сонгуулийн хугацааг нэг бол хойшлуулдаг эсвэл дуртай үедээ тараадаг зэргээр төрөө тогтворгүй байдалд оруулдаг байх нь сайн зүйл биш. Өнөөдөр дэлхий дахинд нөхцөлд байдал хүндхэн байгаа ч гэлээ бид аль болох цаг үеэ зөв мэдэрч ажиллах шаардлага үүсч байна.
–Эдийн засаг хүндрээд Сангийн яамнаас цалин, тэтгэврээс өөр ямар ч зүйлд мөнгө гаргахгүй тэвчиж болохгүй зардлуудаа танасан байгаа гэсэн. Тэгэхээр төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх үү?
-Өнөөдөртөө төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүйг бүлгийн гишүүд ч хэлж байна. Магадгүй долоо эсвэл аравдугаар сард тодотгол хийхийг үгүйсгэхгүй юм. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл эдийн засагт авах зохих арга хэмжээнүүдийг ч гэсэн аваад л явна гэсэн үг. Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг 12-18 сар үргэлжилнэ гэж тооцож, энэ хугацаанд ямар ямар арга хэмжээг авах вэ гэдгээ сайтар тооцоолсон байна. Тийм учраас төсөвт тодотгол хийх цаг хугацаа нь өнөөдөр биш.
-Үндэсний аудитын газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг шалгаж дууссан талаар өчигдөр /2020.04.06/мэдээллээ. МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэсэн байна?
-Энэ талаар албан ёсны мэдээлэл одоогоор алга.Үндэсний аудитын газраас сонгуульд оролцох тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг шаардлага хангаагүйг засаж сайжруул гэдэг чиглэлийг намуудад өгсөн гэж сураг сонслоо. Хэрэв намуудын мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй бол буцаах нь зөв. Эдийн засаг, санхүүгийн хувьд төсөв даахгүй, Сонгуулийн хууль зөрчсөн мөрийн хөтөлбөрийн заалтуудыг хасах нь зүйтэй гэсэн хувь гишүүнийхээ хувьд ч саналтай байна.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-наас үйлчилж эхэлснээр Засгийн газар огцорно, огцрохгүй гэх маргаан улс төрийн хүрээнд гарах боллоо. Тухайн үед та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсэгт нь ажилласны хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсон асуудлыг салбарын хууль нь шинэчлэгдсэний дараагаас эхэлж мөрдөнө" гэж заасан. Одоо хаврын чуулганаар хэлэлцэх 17 асуудлын дотор нэн тэргүүнд хэлэлцэх ёстой гурван асуудал бий.
Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
Хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
Гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Засгийн газрын тухай хуулийн төслөөр Ерөнхий сайд, танхимаа хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг нарийвчлан тодорхой зааж өгөх юм. Энэ удаагийн Засгийн газрын гишүүд бүгд УИХ-ын гишүүн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд өөрөө түүний танхимын дөрөв хүртэл гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болохоор хуульчлаад байгаа юм. Тэгэхээр үүнтэй холбоотой процессын асуудлуудыг Засгийн газрын хуулиар шийдэх ёстой. Тавдугаар сарын 25-ны өдрөөс өмнө энэ хуулийг батална. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа шинээр бүрдэх Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийнхөө дагуу байгуулагдана гэсэн үг.
–Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар хэлэлцэх нь цаг хугацааны хувьд оройтохгүй юу?
-Оройтохгүй. Өнөөдрийн нөхцөл байдлаар явбал УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 24-нд болно. Долдугаар сарын 1-нээс шинэ парламент бүрдэхэд наана нь эрхзүйн орчныг бүрдүүлсэн байх ёстой.
Холбоотой мэдээ