УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсний дараа УИХ дахь Монгол ардын намын бүлэг хуралдаж, дөнгөж сая мэдээлэл хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
-Засгийн газраас коронавирусийн халдварын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн орлогыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх долоон арга хэмжээг дэмжиж байна. Өнөөдөр төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй учраас Засгийн газрын энэхүү төслүүдийг энэ долоо хоногт батлах шаардлагатай гэж үзсэн. Мөн бүлгээс өргөн барьсан төсөлтэй холбогдуулан гурван санал гаргасан. Тодруулбал, төрийн албан хаагч, төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн ажилчид болон төрөөс ажил гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжүүдийг шимтгэл, татвар чөлөөлөхгүй гэж орж ирснийг санал гаргаж, төрөөс ажил гүйцэтгэдэг аж ахуй нэгжүүдийг чөлөөлөх саналыг бүлгээс оруулж байна. Мөн ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудал дээр МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж, ялгаварлахгүй, бүх аж ахуй нэгжийг хамруулах чиглэлээр судлахаар болсон. Түүнээс гадна их, дээд сургуулиудыг НДШ-ээс чөлөөлж, хамруулах нь зүйтэй гэж үзлээ. МАН-ын бүлгийн хуралдаанаар банкны шинэчлэл хийх чиглэлээр ажлын хэсэг байгуулахаар болсон. Засгийн газраас ноолуурын чиглэлээр хэрэгжүүлэхээр болсон арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх, арга хэмжээ авах талаар мөн саналаа хэллээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-НДШ-ийг чөлөөлөхтэй холбоотойгоор иргэдийн дэвтэр дээрх бичилтийг хэрхэн тооцож байгаа вэ?
-Аж ахуй нэгжүүдийн одоогийн төлөлтөөр нь дэвтэр дээр бичилтийг нь хийгээд явна.
-Архи согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийг шимтгэл төлөлтөөс чөлөөлөхгүй гэсэн. Тэнд ажиллаж байгаа ажилчдын НДШ-ийг яах вэ?
-МАН-ын бүлгээс ажлын хэсэг гарсан байгаа. Бид аль болох иргэдээ ялгаварлахгүй байх чиглэлээр ямар арга хэмжээ авах боломжтой байна вэ гэдгийг судалж, шийдвэрээ гаргана.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ