Япон улс хэсэгчлэн онц байдал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Япон улс хэсэгчлэн онц байдал зарлалаа

Япон улс хэсэгчлэн онц байдал зарлалаа

Японы эрх баригчид улс даяар онц байдал зарлах талаар багагүй хугацаанд хэлэлцсэний үр дүнд хэсэгчилсэн байдлаар онц байдал зарлаж буйг тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр /2020.04.06/ албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, шинэ төрлийн коронавирусийн тархалт хамгийн өндөр байгаа Токио,Чиба,Сайтама,Гүнма,Осака,Канагава,Фүкүока гэсэн долоо хотод нэг сарын хугацаатай онц байдал зарлаж байна.

Япон улсад ханиад томуугаас шалтгаалан онцгой байдал зарлах хууль эрх зүйн орчин байхгүй учир энэ сарын 13-нд Ханиад томуутай холбоотой онцгой байдал зарлах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 26-ны өдөр Ерөнхий сайд Абэ Шинзо дэргэдээ тусгай штаб байгуулан ажиллаж байсан юм.

Тус улсын хуулийн дагуу Ерөнхий сайд дараах хоёр тохиолдолд улс даяар онц байдал зарлах боломжтой. Нэгдүгээрт, халдварын дэгдэлт хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул занал учруулахуйц болсон үед, хоёрдугаарт халдварт өвчин улс даяар хурдацтай тархаж, иргэдийн өдөр тутмын амьдрал, улс орны эдийн засагт асар их сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай болсон үед орон даяар онц байдал зарлах эрхтэй аж.

Тус улсад өнөөдрийн байдлаар 3654 хүн халдвар авч, 85 хүн нас бараад байгаа ба нийслэл Токио хотод л гэхэд 1000 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Ийнхүү онц байдал зарласан ч бусад улс оронд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд шиг хэт хатуу арга хэмжээ авахгүй, аймаг хотуудын эрх баригчид иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг, хувийн бизнесүүдийг сайн дураараа хаалгаа барихыг уриалах хэмжээнд байна гэдгийг Ерөнхий сайд онцолжээ. Мөн уриалгыг хэрэгжүүлээгүй хүмүүст ямар нэгэн ял шийтгэл байхгүй гэдгийг ч дурдаад иргэдийг өөрсдийнхөө төлөө ухамсартай байж Засгийн газрынхаа бодлого шийдвэрийг хүндэтгэхийг уриалсан байна. Улс орон даяар онц байдал зарлах талаар иргэдээс авсан санал асуулгад 83 хувь нь дэмжсэн бол 12 хувь нь шаардлагагүй гэж үзжээ.

Эх сурвалж: REUTERS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж