УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар хуралдаж буй хаврын чуулганы хамгийн эхний дуулиан нь Б.Батзоригийн гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр шүүхийн хаалга татсан. Тиймээс өнгөрсөн Баасан гаригт гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-д өгсөн юм.
ЖДҮХС-гаас МАН-ын 49 гишүүн өөрийн болон ах дүү нарынхаа хамаарал бүхий компаниар дамжуулан зээл авсан гэх асуудал хөндөгддөг. Үүнээс дөрвөн гишүүнд холбогдох асуудлыг мөрдөн шалгах байгууллагаас гэмт хэрэг гэж үзээд УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг 2019 оны нэгдүгээр сард Ерөнхий прокурор УИХ-д оруулсан ч дэмжигдээгүй юм. Гэвч энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах эрх нь хэвээр байгаа бөгөөд хаврын чуулганаар Улсын Ерөнхий прокуророос ЖДҮХС-гийн зээлийн хэрэгт холбогдсон дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дахин УИХ-д оруулж магадгүй байна.
УИХ-ын гишүүн Л.Энхболд нь ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий хүний нэр дээр зээл авахуулж, энэ мөнгөөрөө өрөө төлсөн нь тогтоогдсон аж.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийнхөө компанийг дүүдээ шилжүүлсэн. Дүү нь М гэдэг хүнтэй хамтран уул уурхайн үйлдвэр барина гээд ЖДҮХС-гаас зээл авсан. Зээлийнхээ талыг уул уурхай руугаа хийсэгэж буруутгагддаг.
УИХ-ын гишүүн Г.Солтаны хамаарал бүхий этгээд буюу хүүгийнх компани ЖДҮХС-гаас зээл авсан байна. Тухайн зээл нь нэгд, Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн ангилалд багтахгүй. Хоёрт, зээлийн материалын бүрдэлт дутуу. Гуравт, зээлийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг Г.Солтан гишүүн эхнэрийнхээ данс руу хийж, банкинд мөнгө хүүлсэн гэх асуудлаар буруутгагдсан.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөгийг зээлж, банк бусаар дамжуулан мөнгө угаасан гэх асуудлаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УЕП-оос тавьж байв.
Б.БАТ
Холбоотой мэдээ