Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны UFC 249 өдөрлөг сүүлийн үед тун адармаатай нөхцөл байдалд ороод байна. Тус өдөрлөгийн гол тулааны эзэн болох Хабиб Нурмагомедов энэ удаагийн өдөрлөгт оролцож чадахгүй гэдгээ мэдэгдэж UFC-ийн зүгээс Тони Фергусонд шинэ өрсөлдөгч хайх хэрэгтэй болсон.
UFC холбооны хөнгөн жингийн хоёр шилдэг тулаанчид болох Хабиб Нурмагомедов болон Тони Фергусон нарын тулаан тавдах удаагаа хойшилж байна.
UFC холбооны тэргүүн Дана Уайт өөрийн твиттер хуудсаараа дамжуулан маргааш/2020.04.07/ UFC 249 өдөрлөгийн албан ёсны хөтөлбөрийг зарлахаа мэдэгджээ. Ariel Helwani хэмээх нэгэн твиттер хэрэглэгч өөрийн хуудсандаа “Шуурхай: Дана Уайт болон Владимир Путин нар тохиролцоонд хүрч UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовыг АНУ руу нисэхийг зөвшөөрсөн. Тэрбээр дөрөвдүгээр сарын 18-нд Нью-Йорк хотод UFC 249 өдөрлөг дээр Тони Фергусонтой тулалдах болно” хэмээн жиргэжээ. Үүнийх нь хариуд Дана Уайт “Үнэхээр үнэн биш шүү. Хөтөлбөр боловсруулагдаж байгаа гэхдээ Хабиб оролцохгүй. Би маргааш бүрэн хөтөлбөрийг танилцуулах болно” хэмээжээ.
ОХУ өнгөрөгч гуравдугаар сарын 27-ноос эхлэн олон улсын тогтмол болон захиалгат /чартер/ нислэгүүдээ бүрэн зогсоосноо зарласан юм.
Холбоотой мэдээ