Хэрвээ коронавирусийн нөхцөл байдал есдүгээр сар хүртэл энэ хэвээрээ үргэлжилбэл Аваргуудын лиг болон Европа лигийн тоглолтууд цуцлагдах боломжтой гэж УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Александр Чеферин мэдэгджээ.
Мөн Чеферин хаалттай хаалганы цаана үзэгчгүй тоглолтуудыг явуулах нь цуцалснаас илүү үр дүнтэй арга гэдгийг онцолжээ. Тэрбээр “Хэрвээ хяналтын албаныхан биднийг тэмцээнээ зохион байгуулахыг зөвшөөрөхгүй бол бид зохион байгуулж болохгүй. Дэлхийд ялангуяа Европт үүсээд буй энэ аймшигтай нөхцөл байдалд бид ахиц гарахыг хүлээж байна. Хаалттай хаалганы цаана үзэгчгүй тоглож, тоглолтуудаа зурагтаар үзэх нь хүмүүст хэрэгтэй. Тэд ч үүнийг хүсч байгаа. Ядаж ингэсэн нь хүмүүст эрч хүч, урам зориг өгнө шүү дээ. Энэ нь л хүмүүст эерэг эрч хүчийг авчрах хэрэгтэй зүйл нь. Магадгүй долоо эсвэл наймдугаар сард тэмцээнүүд үргэлжлэх боломжтой. Тэрнээс биш бид тэмцээнүүдээ ес эсвэл аравдугаар сард зохион байгуулах боломжгүй” хэмээжээ.
УЕФА Аваргуудын лиг, Европа лиг болон эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн шигшээ тоглолтууд ирэх тавдугаар сард зохион байгуулагдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
Холбоотой мэдээ