Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, иргэд оршин суугчидтай уулзах үеэрээ “Хилчин” хотхоныг төвлөрсөн дулааны шугамд холбох ажлыг яаралтай эхлүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм. Хилчин хотхон нь ашиглалтад орсноосоо хойш 10 гаруй жил уурын зуухаар халж байсан бөгөөд төвийн дулаан хангамж, цэвэр бохир усны нэгдсэн шугамд холбогдоогүй, мөн хөрсний ус зайлуулах хоолой хийгдээгүй байжээ. Үүний улмаас 3500 гаруй оршин суугчийн эрх зөрчигдөж байгааг ийнхүү хотын даргад уламжилсан юм.
Хотын Захирагч С.Амарсайхан тус хорооны Засаг дарга, хотхоны СӨХ-ын ажилтнууд болон иргэд оршин суугчидтай уулзах үеэрээ “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дулааны төвийн шугамд холбох ажлыг эхлүүлнэ. Орон нутгийн хөгжлийн санхүүжилтээр хөрсний ус зайлуулах ажлын зураг төсөл бэлэн болсон. Удахгүй ажлууд хийгдэх болно” гээд уг хотхоны ногоон байгууламж, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах талаар хорооны Засаг дарга болон бусад холбогдох албаныханд үүрэг даалгавар өгч байв.
Нийслэлийн төсөв болон Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилттэй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд “Хилчин хотхон”-ыг төвлөрсөн дулааны шугамд холбож ашиглалтад орууллаа. Ингэснээр 720 өрх, 3500 гаруй оршин суугчтай “Хилчин” хотхоныг халаахын тулд өвөлдөө гурван уурын зууханд 7 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан нүүрсний хэрэглээг халжээ.
“Хилчин” хотхон төвлөрсөн дулаанд холбогдсоноор Сонгинохайрхан дүүрэгт байрладаг 227,163, 78 дугаар цэцэрлэг, 76 дугаар сургууль, дүүргийн эрүүл мэндийн 3 дугаар амбулатори зэрэг олон барилга ийнхүү төвийн дулаанд холбогдлоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ