Өнгөрөгч 2019 онд Улаанбаатар хотын нийт 12 байршил буюу нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн байх ёстой газрууд нийслэлчүүдийн мэдэлд буцаж иржээ. 12 нэгж талбарыг хэмжээгээр нь тооцож үзвэл 2000 ам метрээс эхлээд 2.5 га хүртэл гэхээр нийслэл хотын төвд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайн эзлэх хэмжээ өнгөрсөн жил 9 га гаруй талбайгаар нэмэгдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын 470 444 га газар нутгаас нийтийн эзэмшлийнх нь ердөө 570 гаруй га талбай байдгийг ийнхүү ганцхан жилийн дотор 10-аад га-гаар нэмэгдүүлсэн хэрэг. Нийтийн эзэмшлийн гэх гудамж талбайнууд нидэр дээрээ хувийн өмчид байсны илрэл энэ.
Тухайлбал, Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайгаас эхлээд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын байрны урдах Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, Улсын драмын эрдмийн театрын урд талын цэцэрлэгт хүрээлэн буюу Ю.Цэдэнбалын хөшөөтэй талбай, МУИС-ийн хичээлийн II байрны урдах Оюутны талбай, Хөрөнгийн биржийн урд талын авто зам гээд хотын төвийн А зэрэглэлийн алд газар, сул зай, нүх сүв болгоныг хувийн хэвшлийнхэнд эзэмшүүлчихсэн, заримыг нь бүр банкны барьцаанд тавьчихсан байсныг өнгөрсөн 2019 онд хотын Захирагч С.Амарсайхан цуцалж, нийслэлд буцаан авсан тухай баримт цагаан цаасан дээр хараар бичигдэж үлджээ. Үүнийг доор өгүүлнэ.
Хамгийн гол нь дээр нэр дурдсан газрууд бүгдээрээ нэг эзэнтэй аж ахуйн нэгжийн гарт, тодруулбал “Монголын нууц эзэн” хэмээх тодотголтой эрхмийн эзэмшилд хэдийн орсон байсыг өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэсэг шуугиад авсан. Номхон хонь шиг хүлцэнгүй энэ янзаараа яваад байсан бол удахгүй нийслэлчүүд бид өөрсдийн дураар очоод салхилах цэцэрлэгт хүрээлэнгүй, цаашлаад хаана хөл тавьж болох, болохгүй гэдэг гишгэх газраа хүртэл бусдаас асуух дээрээ тулж мэдэхээр нөхцөл байдал үүсэж мэдэх байв. Монголчууд бид сайн, саар зүйлийг хэсэг хөөсрөн шуугиад л дорхноо мартдаг улс. Энэ сул талыг нь мэддэг учраас байдал намжингуут шүүхээр хөөцөлдөж байгаад, газраа буцаагаад авчихдаг тохиолдол ч бишгүй. Урьд урьдын дарга нар зарим газрыг буцаан авч, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийтийн эдэлбэр газарт хүртэл авхуулсан байдаг ч дараагийнх нь мөд эргээд хувьд олгочихдог гэмтэй.
Тийм ч учраас жилийн өмнө Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайг хот буцааж авахдаа ногоон байгууламжийн автомат усалгааны системтэй, усан оргилуур бүхий нийтийн эзэмшлийн талбай болгож тохижуулахаа мэдэгдэж байв. Өдгөө харин хотын удирдлагууд төв талбайн хонхтой цэцэрлэгт хүрээлэнг сүйтгэх гэж байгаа мэтээр, ногоон байгууламжийн дайсан мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлж эхлэв. Ганц жишээ татахад, 2015 оны сүүлчээр Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 1.7 ам метр байсныг өнгөрсөн 4 жилд алхам алхмаар нэмэгдүүлсээр 2019 он гэхэд 4.3 ам метрт хүргээд байна.
Өнгөрсөн жил хувийн хэвшлийнхнээс буцаан авсан нийтийн эзэмшлийн гудамж талбайнууд болон өдгөө бүтээн байгуулалт хийгдэж буй цэцэрлэгт хүрээлэнгүүдийг тохижуулж дууссанаар энэ 2020 онд нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламж 6 хувиас давах боломжтойг мэргэжилтнүүд хэлж буй. Гэвч дэлхийд энэ үзүүлэлт дунджаар 15-18 хувь байдаг учраас цаашид ч энэ талаар илүү дорвитой бодлого баримтлах шаардлага байсаар байна. Тиймээс эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахгүй орхигдуулж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байсан хэд хэдэн байршлын газрын эрхийг хүчингүй болгож, ногоон байгууламж, олон нийтийн зориулалттай спорт талбай болгон тохижуулж эхэлсэн юм.
Ингээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 онд ямар ямар газруудын эрхийг хүчингүй болгож, нийслэлд буцаан авсныг үзүүлье.
- Сүхбаатарын талбайн урдах ХОНХТОЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Их жанжин Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг “Юү Би констракшн” ХХК-д орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний төвийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/364 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/344 тоот захирамжаар нийтийн эдэлбэрт авсан. Өдгөө тохижилт, ногоон байгууламжийн ажил хийгдэж буй.
- ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УРТ ТАЛЫН АВТО ЗАМ
Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамж Хөрөнгийн биржийн урд талын 700 ам метр газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д банкны үйл ажиллагааны зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/563 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Машины орц, гарцыг хааж авто зам дээр газар олгосон байсныг ийнхүү цуцалсан юм.
- МУИС-ийн хичээлийн II байрны урдах ОЮУТНЫ ТАЛБАЙ
Сүхбаатар дүүргийн 8-р хороо, МУИС-ийн хичээлийн II байрны урдах Оюутны талбай буюу 0.12 га газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д орчны тохижилттой, газар доорх граж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/571 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгов.
- “Улаанбаатар” зочид буудлын өмнөх МОНГОЛ-ТУРКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
Сүхбаатар дүүргийн 8-р хороо, “Улаанбаатар” зочид буудлын өмнөх Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнгийн 1.08 га газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д орчны тохижилттой, газар доорх граж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/572 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болголоо.
- УДЭТ-ын хойд талын Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨ БҮХИЙ ТАЛБАЙ
Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Сөүлийн гудамж, УДЭТ-ын хойд тал буюу Ю.Цэдэнбалын хөшөө бүхий талбайн 0.4 га газрыг “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-д орчны тохижилттой, газар доорх граж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/1352 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон юм.
- АСАШЁОРЮҮГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамж, ТЕГ-ын урд талын Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн 2400 ам метр газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д орчны тохижилттой, олон давхар газар доорх граж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/1351 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгов.
- ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨНИЙ БАРУУН ТАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат буюу тэмээтэй хөшөөний баруун талын цэцэрлэгт хүрээлэнгийн 2194 ам метр газрыг “Номин холдинг” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгосон байсныг нийслэлийн Засаг даргын 2019 оны А/562 тоот захирамжаар эрхийг нь хүчингүй болгосон. Өдгөө тус газарт ногоон байгууламж, тохижилтын ажил хийж буй.
- ТӨМӨР ЗАМЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
Баянгол дүүргийн 4-р хороо, Вокзалын арын цэцэрлэгт хүрээлэнгийн газраас Авлигатай тэмцэх газарт ажилчдын орон сууцны орон сууцны зориулалтаар 2300 ам метр газрыг эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/1073 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, 1.6 га талбайг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлж, тус байгууллагын хөрөнгө оруулалтаар тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн.
- ХУУЧИН ХОККЕЙН ТАЛБАЙН ГАЗАР
Баянзүрх дүүргийн 4-р хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд хуучин Хоккейн талбай байсан 1.8 га газрыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт спорт цогцолборын зориулалтаар эзэмших эрх олгожээ. Гэвч эзэмшил газраа 10-аад жилийн турш ашиглахгүй орхигдуулаад байсан тул Нийслэлийн Засаг даргын А/1024 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, тус байршилд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн спорт талбай байгуулах болсон. Өдгөө бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна.
- “ДИПЛОМАТ 95” ОРОН СУУЦНЫ АРЫН ТАЛБАЙ
Чингэлтэй дүүргийн 4-р хороо буюу “Дипломат 95” орон сууцны хойд талын 2000 ам метр газрыг Гадаад хэргийн яамны ажилчдын орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгожээ. Гэвч барилгын ажлыг эхлүүлэхээр суурийн нүх ухсанаас хойш 6 жил болсон тул нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн жил газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тус газрыг ногоон байгууламж, орчны гэрэлтүүлэг бүхий цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан.
- БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ЗҮҮН ТАЛЫН ТАЛБАЙ
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд хааны ордон музейн Өвлийн ордны зүүн талын 1.4 га газрыг цэцэрлэгт хүрээлэн, иж бүрэн тохижилтын зориулалтаар “Ван трейд” ХХК-д эзэмших эрх олгожээ. Гэвч эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахгүй 6-7 жил болсон тул нийслэлийн Засаг даргын А/439 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, тус газарт Богдын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил үргэлжилж байна. Монголын шашин, төрийн түүхэнд хүндтэй гавьяа байгуулсан Богд хааны хөшөө баримлаас эхлээд нийт 13 хөшөө дурсгал задгай тэнгэрийн доорх энэхүү музейд сүндэрлэх юм.
- РЦНК-гийн БАРУУН ТАЛЫН ТАЛБАЙ
Баянзүрх дүүргийн 1-р хороо, РЦНК-гийн баруун талын талбайн 2.4 га газрыг “Эс Энд Ви Юү” ХХК-д орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг Нийслэлийн Засаг даргын А/1091 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн гудамж талбай болгон тохижуулах ажлыг эхлүүлсэн юм. Гэвч тус компани шүүхээр заргалдаж, саяхан заргаа авчээ.
Г.ДОРЖ
Холбоотой мэдээ