НЭМЭЛТ: 10:55 ЦАГ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт товлогдсон. Гэвч шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлсэн учир Баянзүрх дүүргийн ЭХАШШ-ээс шүүх хуралдааныг 2020.04.22-ны 10:00 цаг хүртэл хойшлуулж, Б.Батзоригт хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТЗОРИГИЙГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.04.06/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал 10.00 цагт болно.
УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад олгосон хэрэгт буруутгагдан шалгагдсан билээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнтэй хамт шалгагдаж байсан зургаан хүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, торгуулийн ял оноосон юм.
Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Прокурор яллагдагч Б.Батзориг гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргахдаа түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял оногдуулах, хохирол гаргуулах үндэслэлгүй, хохирлыг хариуцвал зохих хуулийн этгээдийг хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзэн ял тохиролцон хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж,10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад хүргүүлсэн. Тэрбээр энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудастаа “Гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргалаа. Миний бие өнөөдрөөс эхлээд улс төрөөс ангид байж хариуцлагаа хүлээнэ. Болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хэлэх цаг хугацаа өнөөдөр биш. Хэзээ нэгэн цагт цээжээ онгойтол ярих өдөр ирэх биз ээ. Цаг хугацаа бүх юмны хэмжүүр болох байхаа. Өөрийгөө өмгөөлөх, тайлбар тавих сэтгэл алга. Өнөөдөр хэлэх ганцхан үг минь уучлаарай” хэмээн бичсэн байв.
ЖДҮХСангаас зээл авсан УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтууд:
- О.Батнасан /УИХ-ын гишүүн/ – 950 сая төгрөг
- Б.Батзориг /УИХ-ын гишүүн/ – 1.4 тэрбум+1.6 тэрбум
- Х.Болорчулуун /УИХ-ын гишүүн/ – 950 сая
- Б.Наранхүү, Б.Саранчимэг /УИХ-ын гишүүн/ – 800 сая
- Н.Оюундарь /УИХ-ын гишүүн/ – 800 сая
- Б.Ундармаа /УИХ-ын гишүүн/ – 700 сая+800 сая
- Я.Содбаатар /УИХ-ын гишүүн/ – 1 тэрбум+1 тэрбум
- Г.Солтан /УИХ-ын гишүүн/ – 950 сая
- А.Сүхбат /УИХ-ын гишүүн/ – 800 сая
- Г.Тэмүүлэн /УИХ-ын гишүүн/ – 800 сая
- Ж.Энхбаяр /УИХ-ын гишүүн/ – 1 тэрбум+950 сая
- Ш.Лхамсүрэн / Барилга хот байгуулалтын дэд сайд/ 450 сая
- Д.Хүрэлбаатар /Ерөнхий аудитор/ – 750 сая
- Ц.Ням-Осор /ТӨБГЗ-ын дарга/-500 сая
- Д.Баярсайхан /УБЦТС ТӨХК-ийн захирал – 1 тэрбум+1 тэрбум+1.3 тэрбум
- Н.Учрал /УИХ-ын гишүүн/ – 950 сая
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх – 563.1 сая
- П.Батчимэг /НИТХ-ын төлөөлөгч/ – 500 сая
- Б.Баттөмөр /УИХ-ын гишүүн/ -300 сая
- Ц.Амарсанаа /Барилгын хөгжлийн төв ТӨҮГ/ – 680 сая
- Ш.Хонгорзул /МХЕГ/ – 630 сая
- Б.Хурц /ТЕГ-ын дарга асан/ 1.5 тэрбум
- Б.Амгаланбаатар /Улсын Ерөнхий прокурорын орлогч/ – 1.3 тэрбум
Б.ЖАРГАЛ