ТЦА: Найман машин мөргөлдөж, 11 хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

ТЦА: Найман машин мөргөлдөж, 11 хүн гэмтжээ

ТЦА: Найман машин мөргөлдөж, 11 хүн гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст дөрөвдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд  нийт 327 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 220  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтсэнээс гурав нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  хоёр  хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • Дөрөвдүгээр сарын 4-ны өдрийн 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн есдүгээр Баянхошууны зам, Жанцангийн уулзварт Д жолоочтой Isuzu Cxz-81 Миксер машин нь Honda Fit, Toyota Prius-20, Hyundai Sonota-6, Hyundai Sonota-5, Toyota Prius-30, Ssangyong Korando, Nissan Tiida  маркийн автомашинуудыг мөргөжээ.  Ослын улмаас 3-80 насны 11 хүн гэмтсэн байна. Эдгээр хүмүүс Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 2-3 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Isuzu Cxz-81 Миксер машины жолооч Д-ийн мэдүүлснээр  "Машиных нь тоормос эвдэрсэн байсан" хэмээн мэдүүлжээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.
  • Мөн энэ өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нэгдүгээр  багийн нутаг дэвсгэр Энгэрийн даравгай гэх газар  шороон замд Хаожуе маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 44 настай. эрэгтэй Г-гийн амь нас хохирсон байна.   

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1.2 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 4.3 хувиар, хүний амь нас хохирсон осол 33.4 хувиар тус тус буурч, ослын улмаас гэмтсэн хүн дөрвөн дахин өссөн үзүүлэлттэй байна.


ЦООХОР ИРВЭСИЙН ГУРВАН АРЬС ӨНДӨР ҮНЭЭР ХУДАЛДАХЫГ ЗАВДЖЭЭ

Экологийн цагдаагийн алба хаагчид нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг цоохор ирвэсийн түүхий эд болох гурван ширхэг хөлдөөсөн арьсыг өндөр үнээр худалдаалахыг завдсан этгээдүүдийг ирүүлж таслан зогсоожээ. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны Ням гаригт цагдаа нар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 106 дугаар цэцэрлэгийн урд талын автомашины зогсоол дээрээс дээрх гэмт этгээдүүдийг илрүүлсэн байна.

Цоохор ирвэсийн тоо толгой сүүлийн 20 жилийн дотор 20 гаруй хувиар цөөрчээ. Байгальд ердөө 4000 тоо толгой үлдээд байгаа энэ амьтан устах аюулд ойрхон байгаа юм. Сүүлийн 16 жилийн дотор амьдрах орчны доройтол, хулгайн ан, улам бүр нэмэгдэж буй нутгийн иргэд ба ирвэс хоорондын зөрчил энэ зүйл амьтны устаж буй шалтгааны нэг ажээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт тэдний гэр болсон уулсыг ирээдүйд илүү их эрсдэлд оруулж болзошгүй байна.


Онцгой байдлын Ерөнхий газрын өчигдрийн /2020.04.05/ хоногийн мэдээнд нийслэлд найм,  орон нутагт таван удаагийн   түймэр бүртгэгджээ. Нийслэлийн Налайх дүүргийн зургадугаар хорооны  Дарь-Эхт мухарын шугуй гэдэг газарт, Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны зуслангийн задгай гэр, өнжмөл өвс шатаж байснаас бусад тохиолдол нь объектын гал түймэр байжээ.

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН МЕХАНИК ЖОЛООЧИЙН ЦОГЦСЫГ НУУРААС ГАРГАЖЭЭ

Мөн энэ сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч 26 настай эрэгтэй З сураггүй алга болжээ. Тэрбээр доод модот булангийн-Үзүүр гэдэг газар мөсөн замын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байх үедээ 23:00 цагийн орчим хариуцсан хяналтын цэгээс приус-20 загварын суудлын автомашинтай гараад сураггүй алга болсон талаарх дуудлага дөрөвдүгээр сарын 4-ны өдөр аймгийн ОБГ-т бүртгэгдсэн байна.

Улмаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад Хөвсгөл нуурын мөсөнд цөмөрч живсэн байж болзошгүй мөр илэрсэн тул тухайн газар дөрвөн  удаагийн гүний шумбалтыг хийж, 10:52 цагт 25 метрийн гүнд унаж явсан автомашиныг, түүнээс 10 метрийн зайд цогцос байсныг олж тогтоон тус, тус татан гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж