Шинэ төрлийн коронавирусийн тахал Европ, АНУ-д хэдийн хяналтаас гарч тэдгээр улсууд амны хаалт, бээлий гэх мэт хамгаалах хэрэгслийн дутагдалд ороод байгаа билээ. Хэд хэдэн улс орон АНУ-ын захиалсан амны хаалтыг нь замаас нь худалдан авсан хэмээн буруутгаж байна. Хамгийн анх үүнийг Франц улс ил болгон ярьсан.
Тэд АНУ-ын ийм үйлдлийг "guerre des mas masque" буюу “Амны хаалтны төлөөх дайн” хэмээн нэрлэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Франц улсын Хятадаас захиалсан 60 сая ширхэг амны хаалтыг АНУ замаас нь үнэ цохин худалдан авсан юм. Францын талаас гурав дахин илүү өндөр үнэ хэлсэн Америкчуудад Хятадын тал үгүй гэж хэлж чадаагүй байна. Энэ талаар АНУ-ын Төрийн департемантаас тодруулахад эрс үгүйсгэж “АНУ хаанаас ч амны хаалт худалдаж аваагүй. Францын тал биднийг гүжирдэж байна. Энэ бол худал мэдээлэл” хэмээн хариулжээ. Баасан гаригт /2020.04.03/ Германы албаны хүмүүс мөн АНУ-ын эсрэг зарга мэдүүлэв.
Тус улсын Берлин мужийн нэгэн өндөр албан тушаалын ажилтан Андреас Гейзел “АНУ орчин үеийн далайн дээрэм хийж байна” хэмээн мэдэгджээ.
Учир нь Германы эрх баригчид цагдаагийн ажилтнуудад зориулагдсан 200 мянган ширхэг амны хаалтыг Хятадаас захиалсан байна. Гэтэл Бангкокоор дамжин ирж байсан амны хаалтыг АНУ дундаас нь авчихсан гэнэ. Бас Кени улсаар дамжин ирж байсан зургаан сая орчим амны хаалт мөн л нууцлаг байдлаар алга болсон байна. “АНУ яг л трансатлантикийн бүсийнхэнтэй харьцаж байгаа юм шиг үйлдэл гаргалаа. Дэлхий даяар хямарч байсан ч дээр үеийн барууны зэрлэг аргуудыг ашиглаж болохгүй шүү дээ” хэмээн Гейзел хэлжээ.
Үүнээс гадна Чехээр дамжиж Италид хүрэх байсан олон арван мянган амны хаалт бас л ийм байдлаар дундаасаа алдагдсан талаар Италийн тал гомдоллов. Дээрх мэдээллүүдийн дараа Канадын Ерөнхий сайд Жастин Трьюдо болгоомж илүүдэхгүйг мэдэгдээд холбогдох хүмүүсийг Франц, Германтай адил зүйл болж буй эсэх талаар тодруулж, захиалсан бараа бүтээгдэхүүн нь байх ёстой газраа байгаа эсэх дээр санаа тавихыг үүрэг болгов.
Удалгүй Бразил улсын Эрүүл мэндийн сайд Луиз Хенрике Мандетта мөн л Хятадаас амны хаалт, бээлий гэх мэт хамгаалах хэрэгсэл худалдан авах гэсэн сүүлийн оролдлогууд нь бүгд бүтэлгүйтсэн талаар зарласан байна. “Өнөөдөр улсынхаа хамгийн том ачаа тээврийн 23 онгоцыг Хятад руу нисгэж байна. Бид захиалгаа аль эрт өгчихсөн байсан ч ингээд бүтэлгүйтлээ. Бүх улс орнууд л хомсдолд ороод байна шүү дээ” хэмээн хэлжээ. Тэрбээр нэгэнт амны хаалт олдохоо байсан тул энгийн иргэд өөрсдийн гараар амны хаалт хийж зүүгээд эмч нарт эмнэлгийн зориулалтын амны хаалтыг үлдээхийг уриалсан байна.
Байдал ийнхүү хэцүүдэж байгаа тул Турк улс амны хаалт экспортлохыг хоригложээ. Бельгийн “Le Soir” сонин, Италийн өдөр тутмын “Corriere della Sera” сэтгүүлд гарсан мэдээллээр эдгээр улсууд Туркээс амны хаалт худалдаж авдаг байсан ба одоо тэд нэг ширхэгийг ч хилээрээ гаргахаа байжээ. Италийн Ерөнхий сайд Жузеппе Контен Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган руу утасдаж, амны хаалт худалдан авахыг хүсч байгаагаа илэрхийлснээс хойш хоёр долоо хоног өнгөрсөн байна. Бельги улс ч мөн албан ёсны хүсэлт явуулаад бүтээгүй гэнэ.
Туркийн эрх баригчид дотоодын амны хаалт үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүнээ зөвхөн Засгийн газартаа өгч байгаа эсэхийг шалгах үүрэг хууль хүчнийхэнд өгөв. Орон нутгийн мэдээллийн “Hurriyet” сонинд бичсэнээр Туркийн Дотоод хэргийн сайд Сүлейман Сойлуга “Хэрэв амын хаалт үйлдвэрлэгч компаниуд эрүүл мэндийн яаманд онцгой үнээр зарахыг зөвшөөрөөгүй бол эрх баригчид үйлдвэрүүдийг хаана” хэмээн мэдэгджээ.
Тун удалгүй АНУ-ын амны хаалт үйлдвэрлэгч “3M” компанийн N95 амны хаалтны экспортыг зогсоох захирамж Цагаан ордноос ирсэн тухай тус компанийн төлөөлөгч мэдэгдсэн бөгөөд энэ нь худалдан авагч улс орнуудад том уцохилт болов. 3M компанийн бүтээгдэхүүнийг дэлхийн олон орон худалдан авч, эмнэлгийн хэрэгслийн гол нийлүүлэгчээ болгодог билээ.
Зөвхөн амны хаалт ч гэлтгүй зарим улс орнууд хүнсний экспортоо зогсоогоод байна. Тухайлбал, гурилын томоохон үйлдвэрлэгч Казахстан экспортыг хориглосон бол дэлхийн гурав дахь том цагаан будаа экспортлогч Вьетнам мөн л адиил үйлдэл хийжээ. Харин Серби улс эм, наранцэцгийн тосны экспортыг хориглох шийдвэр гаргасан байна. АНУ-ын Жоржтауны их сургуулийн багш Абрахам Ньюман, Жорж Вашингтоны их сургуулийн улс төрийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны профессор Анри Фаррелл нар улс орнуудын энэ “хувиа хичээсэн, үл итгэх ” байдал нь байдлыг удам хурцдуулж болохыг сануулсан байна.
Эх сурвалж: GUARDIAN, CNN
Холбоотой мэдээ