Экспортын орлого багасч, төсвийн нийт зардал өсөв

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Экспортын орлого багасч, төсвийн нийт зардал өсөв

Экспортын орлого багасч, төсвийн нийт зардал өсөв

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий нийтэд хурдацтай тархаж, цар тахлын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарсаар байна.


ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ 2020 ОНД АГШИХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Олон улсын санхүүгийн байгууллагууд болон шинжээчид дэлхийн эдийн засаг 2020 онд агших тѳлѳвтэй байгааг анхааруулав. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв саарахад БНХАУ-ын эдийн засгийн өсөлт оны эхний улиралд огцом агших, “Covid-19” вирусийн тархалт хүчтэй дэгдэж буй Евро бүс, АНУ-ын эдийн засаг 2020 оны II, III улиралд эрэлт болон нийлүүлэлтийн томоохон сөрөг шоконд өртөж, эдийн засаг агших төлөвтэй байгаа нь голлон нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. ОУВС-ийн тэргүүн К.Георгиева өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэлдээ “Covid-19” вирусийн тархалт дэлхий нийтэд нэмэгдэхийн хэрээр дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, дэлхийн эдийн засагт 2008-2009 оны санхүүгийн хямралаас ч том хямрал нүүрлэж болзошгүйг онцлов.

Дэлхийн эдийн засаг 2020 онд агших хэдий ч 2021 оноос сэргэх боломжтой гэж хэлсэн билээ.

2008-2009 оны санхүү, эдийн засгийн хямрал дэлхийн эдийн засгийн өсөлтөд -0.6 нэгж хувийн сөрөг нөлөө үзүүлсэн гэх тооцоо байдаг бөгөөд тухайн үед одоогийн нөхцөл байдлаас ялгаатай нь БНХАУ болон бусад эрчимтэй хөгжиж буй орнуудынх өссөн хэвээр байжээ. Харин өнөөгийн нөхцөлд дэлхий нийтээр эдийн засгийн төлөв хүнд байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид одоогоор 83 тэрбум ам.долларыг хөгжингүй орнуудаас татсан, 80 гаруй орон ОУВС-аас яаралтай дэмжлэг хүсээд байгаа аж.

"Covid-19" вирусийн нөлөөгөөр Европын томоохон эдийн засгуудад аж үйлдвэрлэл, үйлчилгээ зогссонтой холбоотойгоор менежерийн худалдан авалтын (PMI) индекс 1998 оноос хойш түүхэн доод хэмжээнд хүрч унажээ. Тухайлбал, үйлчилгээний PMI индекс 2-р сард 52.6 байсан бол гуравдугаар сарын 24-ний байдлаар 28.4 болж 46 хувиар, аж үйлдвэрийн PMI индекс 2-р сард 48.7 байсан бол, одоо 39.5 болж 19 хувиар тус тус буурсан байна.

ХЯТАДАД ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРУУД АЛГУУР СЭРГЭНЭ

Хятадын эдийн засаг энэ оны гуравдугаар сарын 20-ны байдлаар 85 хувиас дээш түвшинд ажиллаж, аж үйлдвэрлэлийн салбарын ажилчдын 80 гаруй хувь нь эргээд ажилдаа оржээ. Энэ үед эдийн засгийн салбарууд алгуур сэргэх хүлээлттэй байна. “Covid-19” вирусийн тархалт буурч, гаднаас зөөвөрлөгдөн ирснээс бусад дотоодоос тохиолдол бараг илрээгүй тул Хятад Улс Вухан хотоос бусад Хубэй муж дахь шилжилт хөдөлгөөний хорио цээрийн дэглэмээ өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн цуцалжээ. Энэ нь нийт үйлдвэрлэлийн 44 хувийг эзэлдэг үйлчилгээний салбар болон жижиг боловсруулах үйлдвэрүүдийн ажиллах хүчний нийлүүлэлтэд эерэгээр нөлөөлнө гэж хүлээж байгаа аж.

Хятадын олон улсын хөрөнгийн корпорацаас Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд 2.6 хувьтай гарах төсөөллийг гуравдугаар сарын 24-ний өдөр зарлажээ. Харин Блүүмбергийн шинжээчид гуравдугаар сарын 22-нд Хятадын 2020 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 1.4 хувь байна гэж өмнөх 7 хоногоос бууруулсан бол EIU байгууллага 3-р сарын 18-нд төсөөллийг 1.0 хувьд хүргэж бууруулаад буй юм байна.

Хятадад вирус хяналтад орж, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд шилжиж байгаатай холбоотойгоор гангийн үйлдвэрлэл сэргэж, үнэ нь ѳсч, нүүрсний хаагдсан байсан уурхайнууд нээгдэж эхэлж байна. Гуравдугаар сарын 22-ны ѳдрийн байдлаар Хятадын нүүрсний хамгийн том нѳѳц газар болох Ѳвѳрмонголд нүүрсний үйлдвэрлэл 88%-д хүрч, 280 уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болсныг SXCoal мэдээлжээ.

ДЭЛХИЙН 40 ОРЧИМ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ БУУРУУЛАВ

Улс орнууд “Covid-19” вирусийн эдийн засагт үзүүлэх үр дагаврыг бууруулах төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээг шуурхай авсаар байгаа юм. Өнгөрсөн хугацаанд дэлхийн 40 орчим Төв банк хүүгээ бууруулах шийдвэр гаргав. Үүнд:

Европын Төв банк “Covid-19”-тэй тэмцэх бодлогын хүрээнд нэмэлт 750 тэрбум еврогийн үнэт цаасыг худалдаж авах шийдвэрийг 3-р сарын 18-ны өдөр гаргаснаар энэ онд худалдан авах бондын дүн 1.1 их наяд еврод хүрчээ.

Английн Төв банк гуравдугаар сарын 12-ны өдөр бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар бууруулсан бол гуравдугаар сарын 20-ны өдөр дахин 0.15 нэгж хувиар бууруулж, бодлогын хүүний түүхэн доод түвшин буюу 0.1 хувьд хүргэв. Мөн үнэт цаас худалдаж авах хөтөлбөрийн дүнг 200 тэрбум фунт стерлингээр нэмсэн байна.

Японы Төв банк 3-р сарын 19-ны өдөр хүлээлтийг намжаах зорилгоор 1 их наяд иен буюу 9.2 тэрбум ам.доллараар Засгийн газрын бонд худалдан авахаар шийдвэрлэв.

АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас зах зээлд хөрвөх чадварын эрсдэл болон зээлийн тасалдал үүсэхээс сэргийлэх зорилгоор зээлийн тусгай сан байгуулж, гуравдугаар сарын 20-ноос эхлэн арилжааны банк болон яаралтай бэлэн мөнгө шаардлагатай санхүүгийн байгууллагад хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ. Мөн тус улсын Сенат 2020 оны 3-р сарын 25-ны өдөр "Covid-19"-ийн тархалтаас үүдэлтэй эдийн засгийн хохирлыг бууруулаx зорилготой 2 их наяд дэд бүтцийн төслүүдэд зарцуулахаар шийдсэн байна.

БНСУ-ын Засгийн газар 3-р сарын 18-нд эдийн засгаа дэмжих зорилгоор 11.7 их наяд вон буюу 9.4 тэрбум ам.долларын тусгай төсөв батлав. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгч болон хувиараа бизнес эрхэлдэг иргэддээ зориулж нийт 12 их наяд вонын зээлийг 1.5 хувийн хүүтэй олгохоос гадна, 5.5 их наяд вонын зээлд батлан даалт гаргах юм байна.

Австралийн Засгийн газар хямралаас сэргийлж, ажлын байруудыг хадгалах зорилгоор 80 тэрбум австрали долларын төсөв баталсан бол гуравдугаар сарын 22-ны өдөр нэмэлт 66 тэрбум австрали долларын төсөв баталжээ.

МОНГОЛД БИЗНЕСИЙН ИДЭВХЖИЛ БУУРЧ БАЙНА

2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн зуучлалыг дэмжих, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулах, төгрөгийн заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар бууруулж, 324 тэрбум төгрөгийн эх үүсвэр чөлөөлөх, бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +/-1 нэгж хувиар шинэчлэн тогтоох багц шийдвэр гаргасан. Өнгөрсөн сарын 20-ны өдөр банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ авав.

Монгол Улсын гадаад худалдааны эргэлт буурч, тэнцэл алдагдалтай гарав. Оны эхнээс гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 533 сая ам.доллар (23 хувь)-аар буурч 1,818 сая ам.доллар болов. Үүнд экспорт 424 сая ам.доллар (32 хувь)-аар, импорт 109 сая ам.доллар (11 хувь)-аар тус тус буурсан нь нөлөөлжээ. Өнгөрсөн сарын эхний 15 хоногийн байдлаар экспорт 101.4 сая ам.доллар (42 хувь), импорт 21.6 сая ам.доллар (11 хувь)-аар буурсан байна.

Өнгөрсөн хугацаанд үнийн уналт болон Засгийн газраас хэрэгжүүлж буй боомтын хязгаарлалтаас хамаарч экспортын орлого багассан нь гадаад худалдааны тэнцэл 20 сая ам.доллар (-315.2 сая ам.доллар)-ын алдагдалтай гарахад нөлөөлөв. Гадаад валютын орох урсгал 2020 оны гуравдугаар сарын 23-ны байдлаар 22 хувь (-484.8 сая ам.доллар)-иар, гарах урсгал 6 хувь (-111.6 сая ам.доллар)-аар тус тус буураад байна.

Засгийн газрын үнэт цаасны анхдагч захын арилжаа зогссон, Төв банкны үнэт цаас цөөн банкинд төвлөрсөн байгаа өнөөгийн нөхцөлд “Covid-19” вирусийн хурдацтай тархалтаас үүдэн дотоод эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанк барьцаат зээлийн журамд 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр хүртэл түр хугацааны өөрчлөлт оруулсан. Мөнгөний бодлогын төлвийг зөөлрүүлэх, банкны зохицуулалтыг түр хугацаанд зөөлрүүлэх, банкны төлбөрийн чадварыг дэмжихэд чиглэсэн бодлогын багц арга хэмжээ нь санхүүгийн зуучлал хэвийн үргэлжлэх боломжийг бүрдүүлээд зогсохгүй “Covid-19” цар тахлаас үүдэлтэй эдийн засагт учрах сөрөг нөлөөг бууруулахад чухал нөлөөтэй.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө биелсэн боловч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.8 хувиар буурсан байна. Өнгөрсөн хоёрдугаар сард нийт 598.9 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдсэний 36 хувь (215.5 тэрбум төгрөг) нь ААНОАТ, 12 хувь (74.3 тэрбум төгрөг) нь ХХОАТ, 26 хувь (155.0 тэрбум төгрөг) нь НДШ байгаа бол ердөө 1 орчим хувь (3.7 тэрбум төгрөг) нь НӨАТ-ын орлого байна.

НӨАТ-ын орлого өмнөх оны мөн үеэс 97.6 хувь буюу 147.8 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь бизнесийн идэвхжил буурч байгааг илтгэж буй үзүүлэлт юм. Харин төсвийн нийт зардал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.2 хувиар өссөн буюу урсгал зардал 14.6 хувь (168.5 тэрбум төгрөг), хөрөнгийн зардал 203.3 хувь (115 тэрбум төгрөг)-аар тус тус өсчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж