Сонгууль 2020: Улаан сонголтдоо үнэнч Төв аймаг цэнхэртэх үү?

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Сонгууль 2020: Улаан сонголтдоо үнэнч Төв аймаг цэнхэртэх үү?

Сонгууль 2020: Улаан сонголтдоо үнэнч Төв аймаг цэнхэртэх үү?

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрог буюу Төв аймгийг онцолж байна.


Энэ удаагийн сонгуульд Төв аймаг гурван мандаттайгаар УИХ-ын сонгуульд оролцоно. Өнгөрсөн удаагийн сонгуулиудад тус аймаг 1-4 мандаттайгаар сонгуульд оролцож, УИХ-д төлөөлөгчдөө сонгож байжээ. Төв аймгийг хэзээнээсээ л “улаан” тойрог хэмээдэг нь өнгөрсөн хугацааны сонголтоос нь харж болно. МАН-ыг үе залгамжлуулан сонгодог гэхэд буруудахгүй.

М.ЭНХБОЛДЫН СОНГОЛТООС МАН-ЫНХАН ТОДОРХОЙЛОГДОНО

Монгол Ардын нам энэ удаагийн сонгуулиар Төв аймгийг “хаяж” байгаа гэх яриа улс төрийн хүрээнд өрнөх болсон. Учир нь олон жил Төв аймгаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн М.Энхболд, Н.Энхболд нарыг нэр дэвшүүлэхгүй гэх яриа гарч байгаа юм. Тэгэхээр тус аймагт МАН-ыг төлөөлөх боломжтой нэр дэвшигч байхгүй болох эрсдэл үүсч байна гэсэн үг. Угтаа бол багаар нь Төв аймаг руу явуулбал, багадаа хоёр ч суудал авах боломж МАН-д бий. Гэхдээ 2017 оноос хойш МАН хоёр хуваагдаж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тэмцэл өрнүүлсэн. Тэмцэл нь амжилттай өрнөсөн бөгөөд одоо М.Энхболд сул гишүүн болсон. Тиймээс түүнд нам нь нэр дэвших эрх олгохгүй бол тэрбээр бие даан нэр дэвших магадлалтай.

Харин УИХ-ын гишүүн Н.Энхболдын хувьд УИХ-д хамгийн олон удаа Төв аймгийн төлөөлж байгаа ч энэ удаад нэр хүнд нь тийм ч таатай биш байгаа гэх. Батлах хамгаалахын сайд хийж, У.Хүрэлсүхийн танхимд ажиллаж, М.Энхболдоос “урвасан” гэх яриа ч гарч байсан удаатай. Тиймээс түүнийг энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй л болов уу гэсэн таамаг бий. Мөн Төв аймгаас сонгогдсон А.Сүхбат гишүүний хувьд өөрөө нэр дэвших сонирхолтой байгаа ч нам нь эрх олгохгүй гэх яриа Тусгаар тогтнолын ордонд гарах болсон. Тэгэхээр М.Энхболдыг “жийж”, нөгөө хоёрыг нь нэр дэвшүүлнэ гэсэн ч ялалт байгуулах магадлал бага байгаа. Тэгэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүх экс даргатайгаа гар барих эсэхээс Төв аймгийн сонгуулийн өнгө тодорхойлогдоно.

АН-ААС Д.ДОРЖПҮРЭВ, Ц.ТУВААН НАР ӨРСӨЛДӨНӨ

Нэгэнт МАН-ынхан тойргоо “хаясан” тохиолдолд Ардчилсан намд энэ удаад давуу байдал үүсэх боломжтой болно. Гэхдээ АН хэнийг нэр дэвшүүлэхээс бүх зүйл тодорхой болно гэсэн үг. Ардчилсан намаас Эрчим хүчний дэд сайд байсан Д.Доржпүрэв өрсөлдөхөөр тойргоо усалж яваа. Өмнө нь гурван ч  удаа өвдөг шороодож байсан түүнийг энэ удаад Төв аймгийнхан ихэд дэмжиж байгаа сурагтай. Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байхдаа холбогдсон хэрэг нь улсад хохирол учруулаагүй хэмээн хэрэгсэхгүй болгосныг эс тооцвол Д.Доржпүрэв Төв аймгийнхандаа үнэнч нэгэн. Өмнөх сонгуулиудад тэр өрсөлдөж, өвдөг шороодсон ч хаширдаггүй, халгаахгүйгээр Төв нутгийнхандаа үнэнч байсаар ирсэн.

Энэ удаад ч гэсэн Төв аймгаа зорих нь ээ. Түүнтэй хамт нэр дэвшихээр яригдаж байгаа хүн бол УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин.  Түүнээс гадна Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нэр дэвшинэ хэмээн яригдаж буй. Ц.Тувааны хувьд сүүлийн хэдэн жил намынхаа гал тогоог барьж байгаа.

ТӨВ АЙМГААС УИХ-ЫН СОНГУУЛЬД СОНГОГДСОН ГИШҮҮД:

  • 1992 он: МАХН-ын гишүүн Ч.Дашдэмбэрэл, Б.Лхагвасүрэн, М.Зэнээ, М.Мэндбилэг
  • 1996 он: МАХН-ын гишүүн Ч.Дашдэмбэрэл, М.Зэнээ, С.Гончиг, З.Гончигсүрэн
  • 2000 он: МАХН-ын гишүүн Д.Дондог, М.Зэнээ, Ц.Өөлд, Н.Энхболд
  • 2004 он: МАХН-ын гишүүн Д.Дондог, С.Батболд, Н.Энхболд
  • 2008 он: МАХН-ын гишүүн М.Энхболд, Н.Энхболд, С.Батболд
  • 2012 он: МАН-ын гишүүн М.Энхболд, С.Батболд /Н.Энхболд намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон/
  • 2016 он: МАН-ын гишүүн М.Энхболд, А.Сүхбат, Н.Энхболд
  • 2020 он:?

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж