Сангийн сайд төсөв биш Ерөнхий сайдын шийдвэрийг тодотгов

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Сангийн сайд төсөв биш Ерөнхий сайдын шийдвэрийг тодотгов

Сангийн сайд төсөв биш Ерөнхий сайдын шийдвэрийг тодотгов

Сүүлийн 100 жил үзэгдээгүй цар тахалд дэлхий нэрвэгдээд байна. Улс орнууд хил хязгаараа хааж, иргэд нь гэр гэртээ байхаас өөр сонголтгүй боллоо. Коронавирусийн голомт болсон Хятад улстай хил залгаа, дээр нь эдийн засаг, иргэдийн харилцаа нь Хятадтай дээд зэргээр идэвхтэй байдаг Монголын хувьд одоогоор халдварын батлагдсан 14 тохиолдолтой байгаа нь үнэхээр зол юм.

Халдвар авахгүйн тулд юу ч хийлгүй гэртээ байх хэрэгтэй ч, гэртээ байхын тулд орлоготой, хоолтой байх хэрэгтэй. Ард иргэдийн амийг авран хамгаалахын хажуугаар улсынхаа эдийн засгийг хэрхэн сүйрэл багатай авч үлдэх юу гэдэг асуудал өнөөдөр улс орнуудыг зовоож байна.

Улс орнууд янз янзын арга хэмжээ авч байна. Эдийн засгийн бүтэц, суурь, харилцан хамаарал нь өөр өөр учраас ингэх нь ч аргагүй. Монголын Засгийн газар нэлээд дүлэгнэсний эцэст 10-аад хоногийн өмнө эдийн засгаа аврах долоо зүйл бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ зарлалаа. Энэ шийдвэрээс хоёр долоо хоногийн өмнө банкинд зээлтэй иргэдийн төлөлтийн хугацааг гурван сараар хойшлуулж байгаагаа мэдэгдсэн ч энэ шийдвэрийг нь хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой аргачлалгүй, салаа утгатай мэдэгдэл хийж хүмүүсийг сэтгэлийг хөөргөөд орхисон. Ерөнхий сайдын зүгээс энэ шийдвэрийг үг дуугүй хэрэгжүүл, үгүй гэвэл салбарт чинь бүтцийн өөрчлөлт хийнэ гэж айлгаж байж банкууд зээлийн хугацаа сунгах хүсэлтийг иргэдээс цахимаар авч эхэллээ. Ерөнхий сайдын энэ сүрдүүлэг Монголын эдийн засагт банкны салбар монопол тоглогч болсон гэдгийг баталгаажуулаад өглөө.

Харамсалтай нь зээлийн хугацааг хойшлуулах шийдвэрийн нэгэн адил долоон зүйлт төлөвлөгөө мөн л нэг өдөр сэтгэл хөөргөөд, маргааш өдрөөс нь яг юу болоод өнгөрөв өө гэж бодоход хүргэлээ. Ерөнхий сайдын танилцуулсан долоон зүйлт төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 5.1 их наяд төгрөг шаардагдах ажээ. Төсвөөс гадуурх 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэр харин байгаа юу? Сангийн сайдын хэлснээр гурав гаруй их наядыг нь гаднын эс үүсвэрээс, үлдсэнийг нь төсөв дотроо зохицуулна гэж сүүлд тодотгосон. 5.1 их наяд гэдэг бол 2020 оны төсвийг орлогын бараг 40 хувьтай тэнцэх дүн юм. 2020 оны төсөв угаасаа хоёр их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Хоёр их наядын алдагдалтай төсвийн хаанаас дахиад хоёр их наядыг зохицуулах нь ойлгомжгүй хэвээр. Коронавирусээс үүдсэн өнөөгийн нөхцөл байдлыг харвал төсөвлөсөн 11.7 их наядын орлого бүрэн биелэх боломжгүй болсон. Орлогын чамжгүй хувийг бүрдүүлэх нүүрсний экспорт буурна, мөн зэсийн дэлхийн зах зээлийн үнэ буурсан.

5.1 их наядын өртөгтэй долоон зүйлт багц арга хэмжээ иргэд, компаниудад дэмжлэг болж чадах уу. Бодит дэмжлэг болно гэдэгт эргэлзэж байгаагаа олон хүн илэрхийлж байна.

НДШ болон ХАОАТ-ыг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл авахгүй, 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-ийг татвараас чөлөөлнө гэсэн сайхан шийдвэрүүд амнаас унаад хөрсөн дээр буух хоорондоо л замхрах нь. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өнгөрсөн Лхагва гаригт нэмж тайлбарласнаас үзэхэд хүлээлттэй байсан олон иргэн, ААН урам хугарлаа. Банкны зээлийн төлөлттэй холбоотой шийдвэрийн нэгэн адил иргэд, ААН-үүд төрийн байгууллага хоёрыг хоорондоо зохицоод яаж ийгээд шийд гэсэн маягтай. Засгийн газар багц арга хэмжээний тооцоогоо ул суурьтай гаргаагүй гэдгийг нотлох нэг жишээ бол НДШ-ийг чөлөөлөх шийдвэрт хувиараа төлөгчид хамрагдахгүй гэж мэдэгдсэнээс хойш цагийн дараа хамрагдана хэмээн мэдэгдсэн явдал юм.

Сангийн сайдын дахин тодотгосноор төрийн байгууллагын ажилтан, ажилчид, мөн төсвийн хөрөнгө оруулалттай газрууд, төрийн өмчит компаниуд, улсын болон орон нутгийн тендерийн ажил авсан компаниуд НДШ-ээ төлдгөөрөө төлнө. Эдгээр тодорхойлолтод орохгүй ААН-ийн ажилтнууд НДШ-ээс чөлөөлөгдөх ажээ. Ингэхдээ НД-ийн дэвтрийн бичилт хэрхэн хийгдэх нь тодорхойгүй. Тэг бичилт хийгдэх үү, өмнө төлж байсан шимтгэлийн хэмжээгээр бичигдэх үү, тэг бичилт хийгдэх бол үүнийг тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо, жирэмсэн эхийн чөлөөгөө эдлэх үедээ шимтгэлээ төлснөөр тооцох уу, төлж байснаараа бичилт хийх үү, банкууд зээл өгөхдөө тэг төлөлттэй саруудыг хэрхэн тооцох вэ.

Сангийн сайдын хэлснээр компани өөрөө мэдээд шийдэж болно гэх. Ирээдүйгээ бодсон иргэн төлдгөөрөө төлөх шийдвэр гаргахаас өөр сонголт алга.

1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой ААН-ийг ААНОАТ-аас чөлөөлнө гэж байгаа ч үүнд ашигт малтмалын хайгуул, олборлолт, тээвэрлэлт, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх, импортлох, бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг ААН татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй. Үүнээс харахад энэ хөнгөлөлтөд бас л зарим хэсэг нь гомдоод үлдэх нь.

Иргэдийг баярлуулсан өөр нэг сайхан мэдээ нь ажилтнуудад олгох 200 мянган төгрөг байлаа. Гэвч бас л баярлуулан гомдоов. “Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт 200,000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгон Дэмжлэгийг гурван сарын хугацаанд сар бүр олгоно” гэсэн боловч Сангийн сайдын дахин тодотгосноор төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллаагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа ААН хамрагдах ажээ. Нэгдүгээр сарын сүүлээс үйл ажиллагаа нь зогссон спорт клубүүд, фитнесүүд, үзвэр, үйлчилгээний байгууллагууд хамрагдана гэсэн үг. Ингэснээр чадан ядан ажиллаж байгаа дийлэнх ААН хамрагдахгүй боллоо.

Тоон дотор үсэг гэдэг шиг нэг шийдвэр долоо дотор багтсан нь ноолуурын зээл. Ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд 300 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэй зээл олгохын хажуугаар нэг кг ноолуурын үнийг 100,000 төгрөгөөс буулгаж болохгүй гэсэн нь яалт ч үгүй сонгууль бодсон шийдвэр. Малчдын орлогод голлох нөлөөтэй ноолуурын үнийг барих замаар санал худалдан авч байна гэж ойлгох нь үнэнд нийцнэ.

Хүүхдийн сар бүрийн 20 мянган төгрөгийг гурван сарын хугацаанд 10 мянгаар буюу нийтдээ 30 мянган төгрөгийн нэмэгдүүлэн өгөх нь л хамгийн гэгээн шийдвэр байлаа. Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулна гэж амласан нь хамгийн бодитой шийдвэр гэж хэлж болно. Гэвч нефть импортлогчид энэ үнийн дүн дээр харилцан тохиролцох сонирхолтой байгаа гэсэн мэдээлэл байна. Хэрэв тийм бол шаардагдах тооцоо судалгаа хийгээгүй, төрийн шийдвэрээр мундагдаж зохицуулсан болж таарч байна. Хэрэв нефть импортлогчид амжилттай хэлэлцээ хийж чадвал бензины үнэ 300-аас бага төгрөгөөр буурна гэсэн үг.

Жил бүрийн гуравдугаар сард хийдэг бизнесийн итгэлийн индексийн судалгаагаа МҮХАҮТ өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Энэхүү судалгаа корона эдийн засагт гүнзгий нөлөөлснийг харууллаа. Судалгаанд оролцсон 1500 компанийн 67,4 хувь нь корона маш их хэмжээгээр нөлөөлсөн, 22 хувь нь нэлээд хүчтэй нөлөө үзүүлсэн гэжээ. Бараг хувийн хэвшилд тэр чигт нь нөлөөлсөн гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж